Тайгад амьдардаг хүүхдүүдэд 179 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

Twitter Print
2013 оны 12-р сар 21-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Цөм сүргийн үржлийн төвийг татан буулгаж, тус төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсэний улмаас цөм сүргийн малын стандарт шаардлагыг хангах малын тоо толгой буурч, улмаар цөм сүрэггүй болох нөхцөл байдал үүссэн байна.  

 Иймээс цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг тухайн үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах зэргээр бүтэц, үйл ажиллагааг нь өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болжээ.

Өнөөдрийн хуралдаанаар Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

“Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулснаар мэргэжил, аргазүйн нэгдсэн удирдлагаар хангагдаж үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг хамгаалах, тэдгээрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үржлийн ашгийг нэмэгдүүлж цаашлаад улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна гэж тооцоолсон байна.

Цөм сүргийн үржлийн үйл ажиллагааг мэргэжил аргазүйн өндөр түвшинд эрхлэн явуулснаар 2014 онд 396,6 сая, 2015 онд 334,0 сая төгрөгийн ашигтай ажиллана.

“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцав

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-д хамруулахаар 93 өрхийн 343 иргэний судалгааг гаргажээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч байгаа уйгур угсааны тува хүмүүсийн хувьд улсад ажиллаагүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, харин халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг байна.

2013 оны 6 дугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртлэх насны хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын дүнгээр нийт 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны 20 цаа худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг шилжүүлжээ.

Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын Хармайн эхэнд байсан цаачдын орон сууцыг сумын төврүү нүүлгэн барьж, ажлын байр барихад 10.0 сая төгрөгийн харьцуулсан тендер зарлан шалгаруулж, ажлыг эхлүүлээд байна.

Мөн БШУЯ-аас цаатан иргэдэд зориулан Тува хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж эхэлжээ.

Товч мэдээ
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.

-Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөхөөр тогтлоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.