Украйны тамирчин ОХУ-ын төрийн дууллыг үл хүндэтгэж, эсэргүүцэл илэрхийллээ

Twitter Print
2015 оны 06-р сар 30-нд 18:03 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 12-ноос 28-ны хооронд Азербайжаны Баку хотод Европын спортын анхдугаар наадам боллоо. Буурал тивий анхны их наадамд 50 орны 6000 орчим тамирчин 20 спортын төрөлд өрсөлдсөн. Харьцангуй хожуу спортын наадмаа зохион байгуулсан ч Европын дэвжээнээс олон шилдэг тамирчид төрөн гарлаа.

“Баку 2015” Европын наадмаас ОХУ-ын шигшээ хамгийн олон медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн. Хойд хөршийн тамирчдаас усанд сэлэлтийн төрөлд 25 алт, 7 мөнгө, 12 хүрэл, гимнастикийн төрөлд 18 алт, 8 мөнгө, 4 хүрэл, чөлөөт, сонгомол бөхийн төрөлд 11 алт, 2 мөнгө, 5 хүрэл, боксын төрөлд 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл, жүдо бөхийн төрөлд 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль авсан аж.

Энэхүү наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 49 кг-д 11 орны тамирчин өрсөлдсөн. Улмаар алтан медалийг ОХУ-ын Б.Сагулаев, мөнгөн медалийг Ирландын Б.Ирвин, хүрэл медалийг Украйны Д.Замотаев, Туркийн М.Өнлү нар хүртсэ. Харин тамирчдад медаль гардуулах ёслолын дараа төрийн дуулал эгшиглэх үеэр Украйны боксчин Д.Замотаев спортыг, бусад тамирчид, хөгжөөн дэмжигчдээ үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргав.

Боксын дэвжээн дээр тамирчдад медаль, дурсгалын зүйл гардуулж, ОХУ-ын төрийн дуулал эгшиглэсэн. Медаль хүртсэн тамирчид төрийн далбаа мандаж буй зүгт харж хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл Д.Замотаев цэх урагшаа харж зогссон хэвээр шагнал гардуулах ёслолыг дуугсгажээ.

Дээрх үйлдэл нь ОХУ, Украйны хооронд үүсээд буй улс төрийн асуудлыг эсэргүүцэж байгаагийн илрэл хэмээн үзэж, Украйны тамирчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр болжээ. Спорт, улс төр хоёр үргэлж ангид байсаар ирсэн. Гэтэл Европын анхдугаар наадмын үеэр гарсан энэ үйлдэл дараагийн тэмцээнүүдэд дахин давтагдаж магадгүй хэмээн тамирчид болгоомжилж байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.