Гуравдугаар төв эмнэлэг сүүлийн үеийн томографын аппараттай боллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 22-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь улсын хэмжээнд тархи, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, зүрх судасны мэс засал, зүрхний шигдээсийн чиглэлээр харьяалал харгалзахгүйгээр ард иргэдэд үйлчилдэг.

Харин тус эмнэлэг MRI буюу соронзон резонанст томографын  аппаратгүйн улмаас тусламж үйлчилгээ зарим талаараа хоцрогддог байсан тал бий. Тэгвэл тус эмнэлэгт тархи нугас, багана нуруу, тархи зүрх судасны тогтолцооны оношилгоо эмчилгээний зориулалттай хамгийн сүүлийн үеийн соронзон резонанст томографын аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2019.10.22/ боллоо.

Уг MRI нь соронзон орон ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг гурван орон зайд өндөр ялгаралтайгаар дүрслэн үзүүлдэг бөгөөд хүний биед огт хоргүй, зовиур өвдөлтгүй, туяаны ачаалалгүйгээр эдийн өөрчлөлтийг маш нарийн оношилдгоороо  онцлог аж. Ийм аппарат улсын хэмжээнд цөөн байдаг юм. Тус MRI-аар тархины эдийн оношилгоонд  тархины цусан хангамж багассан талбайг илрүүлж тархины цус харвалтаас  урьдчилан сэргийлэх, тархины төрөл бүрийн хавдар, тархины дайвар хөндийнүүдийг нарийн харж, идээ, буглаа, голомтот өөрчлөлтийг төвөггүй илрүүлэх юм байна. Мөн нурууны үе завсрын дискний ивэрхий, дегенератив өөрчлөлтийг илрүүлэх, нугалам хоорондын үе, түүний жийргэвч, мөчдийн зөөлөн эд, нурууны нугасны мэдрэлийн эдийн бүтцийг үнэлэх боломжтой аж.

Түүнчлэн зүрх судасны тогтолцоонд зүрхний агших, сулралыг үйл ажиллагаанд нь үнэлж хавхлагуудын бүтцийн өөрчлөлт, гол судас, уушгины артерийн нарийсал, төрөлхийн гажиг, эмболизм, титэм судасны атеросклероз зэргийг нарийн илрүүлэх боломж бүрдэх юм. Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай орчин үеийн MRI буюу соронзон резонанст томографын энэхүү аппаратыг Засгийн газраас улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулж байгаа юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (192.82.72.236) 2019-10-22 21:55
      • 0
      • 0

      Ямар сайхан юм бэ? Зөв оношлох эмч нь байна уу? Бөөрний чулуутай хүнийг 6 эхоны эмчээс 2 нь л мэдсэн байсан шүү!!!!

      Хариулах