"Гадуурхагдсан" аав болон ээжүүдэд өгөх зөвлөгөө

Twitter Print
2017 оны 11-р сар 01-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Тэр ганцхан ээждээ эсвэл ганцхан аавдаа “хайртай” юм шиг аашилж байна уу? Зөвхөн ээжийнхээ халбагадаж өгсөн хоолыг л идээд, аавынхыгаа болохоор ярвайж түлхээд л. Нэг бол, аавтайгаа эрхэлж тоглон, цагийг хамт өнгөрүүлэх мөртлөө мөөмөө санахаараа л ээж дээрээ ирээд л. Энэ үед гадуурхагдсан аав эсвэл ээжид үнэхээр гомдмоор санагдах нь бий.

Гэхдээ тайвширмаар мэдээ байна. Энэ бол түрхэн зуурын мөчлөг. Аав ээжийнхээ аль нэгийг илүүд үзэх нь хүүхдүүдийн дунд түгээмэл бөгөөд харин ч эрүүл үзэгдэлд тооцогддог аж. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн бусадтай холбоо тогтоож эхэлдэг. Ингэснээр өөрт нь хэрэгтэй байгаа тэр л мэдрэмжийг өгч чадах хүнийг олохыг хичээдэг. Тиймээс ч өсөлтийнхөө янз бүрийн үе, тухай бүрийн хэрэгцээнээс хамааран аав ээжийнхээ аль нэгэнд ээлжлэн татагддаг гэсэн үг.

Зарим тохиолдолд энэ нь тухайн хүний ааш зангаас ч хамаарах тохиолдол бий. Жишээ нь, аавтайгаа байхад хөгжилтэй, өөрийнхөө дураар, харин ээжтэйгээ байхад ихэвчлэн уйтгартай, чанд хатуу байдаг бол хүүхэд ааваасаа зүүгдэх нь аргагүй шүү дээ. Тиймээс ийм үед дүрэм журам, тоглоом наадмын харьцааг эцэг эхийн аль аль нь тэнцвэртэйгээр хадгалах тал дээр нөхөртэйгөө ярилцаарай. Аав нь ч бас зааж сургадаг, ээж нь ч бас хөгжилдөж чаддаг гэдгийг мэдээд ирвэл хүүхэд аяндаа ижилхэн хандлагатай болно.

Мөн гадаад төрхөндөө гэнэтийн өөрчлөлт хийх нь хүүхдийн зайлсхийх шалтгаан болох тохиолдол бий. Үсээ халимаг болгох юм уу тод өнгөөр будах, их сахлаа гэнэт хусах зэрэг дасал болсон төрхийг нь өөрчилснөөр хүүхэд түр зуур зайгаа барьж болно. Өөрчлөлтөнд дасан зохицтол нь тэвчээртэй байгаарай.

“Гадуурхагдсан” аав ээжүүдэд өгөх хөнгөхөн зөвлөгөө:

1) Хамгийн түрүүнд тайван байх хэрэгтэй. Бөөн сүр болгож, шаналаад хэрэггүй. Хэлэх ч хийхээс амархан л даа. Гэхдээ энэ бол ганцхан чамд биш, бүхий л ээж аавуудад тохиолддог зүйл гэдгийг санаарай. 

2) Хүүхэдтэйгээ ганцаарчлан байх цагаа ихэсгэ. Хамтдаа хоёулахнаа илүү их цагийг өнгөрүүлсэн хүнтэйгээ хүүхэд дотносох нь элбэг. Хоёулахнаа л хийдэг ямар нэг зүйлтэй бол. Цэцэрлэгийг нь тарахаар хамт зугаалах, орой бүр унтахынх нь өмнө үлгэр уншиж өгөх гэх мэт. 

3) Хүүхэддээ хувийн орон зайг нь олго. Тэдний анхаарлыг татах гэж хэт их оролдох нь харин ч сөрөг үр дагавар үзүүлэн, харилцааг чинь хөндийрүүлж мэднэ.

4) Хэрэгтэй үед нь үргэлж хамт байх болно гэдгээ үйлдлээрээ өдөр бүр, байнга харуул.

Мөн “рейтинг өндөртэй” байгаа аав ээжүүдэд зөвлөхөд:

1) Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх бүх л хөгжилтэй цаг мөчүүдийг ганцаараа эзэрхийлэхээс зайлсхийгээрэй. Дээр дурдсанчлан тоглоом наадам, дүрэм журам хоёроо аав ээж хоёр хоёул тэнцвэржүүлэх хэрэгтэй. 

2) Хоёулахнаа байх цагийг нь олго. Хүүхдээсээ холдохдоо энэ хойгуур аав нь / ээж нь ч өөрийнх нь дэргэд байна гэдгийг хэлж ойлгуулж байгаарай. “Ээж нь жаахан гүйгээд ирье, миний хүү аавтайгаа цуг тоглож байгаарай”, “Аав нь бэлтгэлдээ явчихаад ирье, ээж нь миний охиныг унтуулна за юу” гэх мэтээр. 

Хүүхэддээ “үл тоомсорлогдох” нь эгэл жирийн үзэгдэл гэлээ ч сэтгэл өвтгөм байх нь бий. Гэр бүл болгон өөр. Тиймээс дээрх зөвлөгөөнүүдээс өөрт тохирохоо хэрэгжүүлээд, хамгийн гол нь тэвчээртэй байж хайртай гэдгээ л өдөр бүр мэдрүүлэхэд болно. Учир нь энэ бол насан туршийн бус түр зуурын зүйл.

www.goolingoo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.