Улс даяар алдаршсан дархан аварга Д.Дамдин

Twitter Print
2018 оны 07-р сар 08-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг. Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Улсын наадамд таван удаа түрүүлж тав үзүүрлэн, таван удаа их шөвгийн дөрөвт шалгарсан харишгүй хүчит дархан аваргын тухай домог мэт яригддаг олон сайхан хууч байдаг. Тэдгээрээс түүвэрлэн агуу их аваргын дурсах сэтгэлийг тань нимэглэе.

Монгол үндэсний бөхийн түүхэнд ХХ зуунд өөрийн бяр чадал, агуу их тэнхээгээрээ алдартай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Уйлган голын нутгаас төрөн гарсан дархан аварга Д.Дамдинг бөхчүүд долоон “Д”-гийн эзэн гэж нэрлэдэг билээ.

Энэ тухай Монгол улсын даяар дуурсах далай даян дархан аварга Ж.Мөнхбат хуучлахдаа “Намайг таван Д-тэй, Дамдин аваргыг долоон Д-тэй гэж хэлдэг нь их учиртай. Дамдин ах хүүг Дарийн Дамидин гэдэг, Дарь гэдэг ээжээрээ овоглоод өөрөө Дамдин нэртэй. Надад Д үсэг орсон овог, нэр байхгүй болохоор таван Д-тэй үлдсэн ухаантай” гэж ярьжээ.

Бас нэгэн хууч дэлгэхэд БНМАУ-ын хоёр дахь дархан аварга Дарийн Дамдин 1930 онд төржээ. Дөч шахам жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зүүн, баруун жигүүрийг манлайлж барилдсан алдарт аварга маань дархан аварга Ж.Мөнхбатыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний дараа уулзаад баатрын тэмдэгийг чинь мялаах юм алга харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгье. Би барилдахгүй өнжинө, чи зүүнээс босч барилдаарай гэж дүү дархан аваргад зүүний магнайг өгсөн гэдэг.

Үүнээс харахад баяр наадмын зүүний магнай гэдэг ямар нэр хүндтэй, жинхэнэ аварга хүн зүүн жигүүрийг тэргүүлэн барилддагийг харуулж байна.

Бөх судлаач Ш.Мягмар өөрийн тэмдэглэлдээ Д.Дамдин аваргын тухай бичихдээ “1949 оны намар юм билээ. Голын цэнгэлдэхийн хаалгаар сур харваж барилдаанаас хоцорсон Ц.Чимэд-Очир аварга “Амны залуу маань дээлтэй юм байна. Би ч гэсэн дээлтэйгээ барилдчих уу” гэж үзэгчдийг чилээсэндээ гэмшингүй асуухад онооныхон “Тэг, тэг” гэж зөвшөөрөв.

Аварга хөлсөө чийхартал барилдаад дийлсэнгүйд үзэгчдийн дундаас “Зодог шуудгийг нь өмсүүл” гэж зүй ёсны шаардлага тавьжээ. Аварга зодогоо өмсөж байж арайхийн давав. Амны цэрэг нь хожмын дархан аварга Д.Дамдин байсан нь гарцаагүй үнэн” гэж бичсэн байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, Монгол циркийн хүч тамирын үзүүлбэрийн жүжигчин, үндэсний бөхийн даяар дуурсах далай дайчин дархан аварга Дарийн Дамдин 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн. Улсын их баяр наадамд 1956, 1957, 1958, 1959, 1960 онд анх удаа завсаргүй тав түрүүлж, 1961, 1966, 1968, 1969, 1970 онд үзүүрлэн, 1952-оос 1981 оны хооронд есөн удаа шөвгөрчээ.

Тэрээр баруун хонгодох, хөлд орох мэхийг голдуу хийдэг, улам нэмэх, бат хүчит, олныг баясуулагч, аугаа хүчит, харилтгүй жавхлант, бууршгүй хүчит, бүхний манлай, улс даяар маш гайхамшигт, итгэлт даяар дуурсагдах, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, бат нягт, тод сонин үзэсгэлэнт, түмнээс төгөлдөр, далай даян дархан аварга чимэг, цолыг хүртсэн билээ.

Ардын хувьсгалын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд завсаргүй таван удаа түрүүлсэн анхны аварга Д.Дамдин ид барилдаж байх үедээ “гарлаа, өрлөө, давлаа” гэж гурван үгээр тайлбарлуулж байлаа. Мөн Монгол циркийн хүч тамирын үзүүлбэрийг хийхдээ 850 кг өргөж дээд амжилт тогтоож байв.

Дээрх зураг дээр зүүн гар талаас улсын заан Ц.Баярсайхан, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, улаан дээлтэй нь дархан аварга Д.Дамдин агсан, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д.Бямбадорж.

Дээрх зураг дээр зүүн гар талаас Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Д.Дамдин агсан, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (180.235.183.2) 2015-06-30 11:49
      • 0
      • 0

      Нэмээд олигтойхон мэдээлэл оруулах хэрэгтэй. Хэтэрхий бага мэдээлэл байна

      Хариулах