Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Аймгийнхаа иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавина

Twitter Print
2015 оны 06-р сар 28-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 24-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Газрын тосны газраас “Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” орон нутгийн уулзалтыг зохион байгуулсан. Тус аймаг нь газрын тосны салбарт хамгийн чухал ач холбогдолтой газар. Учир нь Монгол орны газрын тосны нөөцийн 90 гаруй хувь нь Дорнод аймагт байдаг гэсэн урьдчилсан судалгаа байдаг. Иймд энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд болон газрын тосны чиглэлээл үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь тодорхой байсан. Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ярилцсаныг хүргэж байна.

-Таны хувьд Дорнод аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй. Үлдсэн нэг жилийн хугацаанд танд хийхээр төлөвлөсөн зүйлүүд нэлээн байгаа байх?

-Төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар дорвитой ажлуудыг хийе гэж шийдээд аймгийн Засаг даргад өрсөлдөн ялалт байгуулсан. Хэт туйлшрахгүй, нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө зүтгэе гэдгээ аймгийн ИТХ дээр ч илэрхийлсэн. Дорнод бол манай улсын хамгийн том аймгууды нэг. Тэр утгаараа бүтээн байгуулалт хийхэд нэг жил гэдэг бол богино хугацаа. Гэхдээ би гар хумхиж сууя гэж бодож байгаагүй. Бүгд гар нийлж ажиллаж чадвал их зүйл бүтээх боломжтой.

-Газрын тосноос авч буй үр өгөөж нь орон нутагт харьцангуй бага байна гэж үздэг. Үүн дээр таны байр суурь?

-Монгол улс бол нэгдмэл улс. Тийм учраас эх орныхоо байгалийн баялагийг ард иргэд нь тэгш хүртэх ёстой. Манай аймгийн 75,000 орчим иргэд нь олон зуун жил энэ л газар шороондоо ажиллаж амьдарч, Монгол улсын төвлөрөлийг сааруулж, хязгаар нутагтаа эзэн болж байгаагийн хувьд газрын тосны үр өгөөжийг түлхүү хүртэх ёстой гэсэн байр суурьнаас асуудалд хандаж байна.

Ер нь нийгмийн хариуцлагын үүднээс барилга болон бүтээн байгуулалт хийж өг гэхээсээ илүүтэй ард иргэдийг ажлын байраар хангаж өгөх талаар ярьж байгаа. Дорнод аймгийн иргэд газрын тосны төслийн томоохон үйл ажиллагаанд давуу байдалтай оролцох, ажилтай орлоготой болох нь нэн тэргүүний зорилго.

-Энэ удаагийн уулзалтаар өөр ямар чухал асуудлыг хөндөж байна вэ?

-Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих нь зүйтэй. Өнөөдөр орон нутагт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн төсөвт татвар төлөх нь нэмэгдсэнээр тухайн компаниудад ажиллаж буй ажилчдын ар гэрийнхний амьжиргааны түвшин дээшилнэ. Тийм учраас энэ нь манай иргэдийн зүгээс тавьж буй шударга ёсны шаардлага. Дараагийн асуудал нь мэдээж байгаль орчныг хамгаалах чиглэлийн ажил. Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр газрын тосны хайгуул, өрөмдлөг, олборлох, тээвэрлэх ажлуудыг хийх шаардлага тавьж байна.

-Орон нутагт төвлөрч буй татварын хувьд?

-Монгол улс жилд 1.5 орчим тэрбум долларын өртөгөөр шатахуун импортлодог. Энэ нь шингэн хэлбэрээр  тооцвол 1 сая орчим тонн болж байгаа. Үүнтэй адил Дорнод аймгийн нутгаас 1 сая орчим тонн түүхий тосыг экспортлож байна. Монгол орны хэмжээнд газрын тосны нөөцны 90 орчим хувь нь Дорнод аймагт бий. Гэтэл энэ их хэмжээний хэрэгцээг хангаж байгаа аймагт бусад газруудтай харьцуулахад үр өгөөж нь харьцангуй бага байна.

Хоёрдугаарт улсын төсөвт энэ жилийн төлөвлөгөөгөөр 285 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Гэтэл үүнээс ус ашигласан төлбөр нь 1 тэрбум төгрөг, бусад зүйл нь 100 орчим сая төгрөг, нийлээд тэрбум гаруй төгрөг нь орон нутагт татварын орлого болдог. Улсад 285 тэрбум төгрөгийн ашиг орж байхад үүний нэг хувьд нь ч хүрэхгүй татварын орлого орон нутагт орж байгаа нь чамлахаар үзүүлэлт.

-Газрын тосны тухай хууль шинэчилсэн найруулгаар УИХ-аар батлагдсан. Энэ нь хуулийн талаар иргэд ямар хүлээлттэй байсан бэ? Хэрэгжилт ямар байна?

-2013 оны долоодугаар сарын 1-нд Газрын тосны тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулиар орон нутгийн хөгжлийг дэмжинэ гэсэн учир ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мөн Газрын тосны газраас 2015 оныг газрын тосны гэрээлэгч компаниудтай хамтраад “Орон нутгийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан.

Энэ ажлын бодит үр дүн орон нутагт харагдах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Дорнод аймагт орж буй хөрөнгө оруулалт бусад аймагтай харьцуулахад доогуур түвшинд байна. Иймд хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад салбаруудар дамжуулан оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Замын асуудал олон сар яригдаж байгаа шүү дээ?

-Үүнд бол Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу Зам, тээврийн яаманд эрхийг өгсөн. Орон нутгийн хувьд эрх мэдэл багатай. Бидний зүгээс холбогдох яаманд олон удаа хүсэлт явуулсан. Харамсалтай нь 2013 онд гэрээ байгуулаад 2014 онд гүйцэтгээд ашиглалтанд оруулах байсан 210 км замын дөнгөж 20 орчим км нь хатуу хучилттай зам тавигдсан. Энэ асуудал хаана гацаад байгаа гэдгийг тодруулаад хариуцлагатай ажиллахыг иргэд шаардаж байгаа.

-Монгол улсад бүхэлдээ эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа талаар дээр дооргүй л ярьж, бичиж байгаа. Танай аймгийн хувьд ямархуу байдалтай байна?

-Өнөөдөр яригдаж буй гол асуудал нь бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс буурсан гэж байна. Өөрөөр хэлбэл жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэдийн боруулалт буурч, орлого нь эрс багассан. Мөн төсвөөр дамжиж эдийн засаг тэлдэг байсан. Гэтэл өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн санд 8-12 тэрбум төгрөг хуваарилагдаж ирдэг байсан бол энэ жил 4-5 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл төвсийн хөрөнгө оруулалт гурав дахин буурсан учир үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт буурсан. Энэ бол ганцхан жишээ. Орон нутагт хөдөөгийн малтай иргэд харьцангуй хараат бус байдаг. Малаа эргэлтэнд оруулаад явдаг. Харин үйлчилгээ, худалдаа, бизнес эрхэлж буй хэсэг нь илүү эдийн засгийн хямралд өртөж байна.

-Хэдхэн хоногийн өмнө Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Сүүлийн үед Дорнодын иргэдээс Хятадууд адууг их хэмжээгээр худалдан авах боллоо гэсэн гомдол олон ирж байгаа" гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-За тийм ээ. Хөрш зэргэлдээ БНХАУ-руу товарын адуу гаргаж байгаа хоёр аж ахуйн нэгж байгаа. Сүүлийн мэдээгээр 1,000 гаруй адуу авсан гэсэн. Мөн нэг адууг 700-750 мянган төгрөгөөр авсан гэж байна. Нэг сар орчмын өмнө сая төгрөгөөр авсан тухай хэллээ. Товарын адуу гэдэг бол амьдаар нь хилээр гаргах зориулалттай адууг хэлж байгаа юм. БНХАУ-тай хил залгаа манай сумдаас экспортын зориулалттай үр тариа, мал мах гаргах талаар нэлээн санаачлагатай ажиллаж байгаагийн л нэг жишээ гэж ойлгож болно.

Монгол Улс тодорхой боомтууддаа тэр талын зөвшөөрлийг нь өгсөн ч БНХАУ-ын талаас тодорхой хүлээлт үүсгээд байсан. Харин хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны уулзалтын үеэр энэ талаар яригдсан учир удахгvй шийдэгдэнэ. Дорнод аймагт малын бэлчээрийн ихээхэн нөөц байгаа учир эрчимжсэн мал аж ахуй, товарын мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх маш их боломж, бололцоо байна.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.251) 2015-06-28 21:41
      • 0
      • 3

      Орон нутагт дэндүү бага өгч байна. Арай ч дээ. Нэг хувьд ч хүрэхгүй гэхээр шударга бус байнаа. Тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр болохоор орлого оруулж байж газрын баялгаа ашиглуулах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.190) 2015-06-28 21:30
      • 0
      • 2

      Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд байгалийн баялагаас олж байгаа орлогын доод тал нь 20 хувийг өгмөөр байгаан. Тэгж байж тухайн орон нутаг хөгжинө. Хятадын компаниуд болон өөрсдийн бизнес эрхлэгчид үүнийг ажил хэрэг болгох цаг нь болсон

      Хариулах

    • gast

      (77.6.216.228) 2015-06-28 20:28
      • 0
      • 3

      Arai denduu amid aduu tiim baga uneer zardag

      Хариулах