Б.Сүндэръяа: Надаас гадна 1000 гаруй охид тэр хүнтэй холбоотой асуудлаар холбогдсон

Twitter Print
2021 оны 04-р сар 14-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Балетын багш, иргэн Б.Сүндэръяа өөрийн нүүр номын хуудсандаа нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийнх нь найзтай хамт хоолонд орж байх үед нь хүч хэрэглэн үнсэхийг завдсан, мөн тэр явдлаас хойш удаа дараа уулзах санал тавьж, өөрийг нь дарамталсан гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулсан билээ.

Энэ мэдээллийг байршуулснаас хойш УИХ-ын нэр бүхий гишүүд залгаж мэдээллээ устга хэмээж, мөн нэр дурдагдаагүй гишүүний зүгээс дарамталж байгаа талаар бичлэг, лайв хийсэн юм. Тэгвэл ил гаргаагүй атлаа хоёр жил гаруй далд хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны хохирол амссан гэх иргэн Б.Сүндэръяа өмгөөлөгчийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, нэр бүхий гишүүний хүчирхийлэл, бэлгийн дарамт учруулсан гэх хэргийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргажээ.

Б.Сүндэръяа хэлэхдээ “Булган аймгаас сонгогдсон Цогт-Очирын Анандбазар гишүүнтэй 2019 онд анх уулзсан. Өмнө нь миний зургийг харчихаад манай найзаас надтай танилцуулаад өгөөч гэж хүссэн гэсэн. Би удаа дараа татгалзаж байсан. Сонгууль болохоор л дуугардаг гэсэн учраас би асуудлаа шалгуулаад, илүү зүйл ярихгүй байя гэж шийдсэн. Надаас гадна 1000 гаруй охид тэр хүнтэй холбоотой асуудлаар надтай холбогдлоо. Ц.Анандбазар гэж хүн өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр намайг улс төрийн зорилгодоо ашигласан.

Тэр үеийн Ерөнхий сайд болон нэр бүхий гишүүнтэй амрагийн холбоотой гэдэг мэдээллийг Ц.Анандбазар гишүүний ойрын таван хүн эвлүүлж цацсан юм билээ. Надтай тохиролцох байдлаар санал тавьж байгаа. Миний хамгийн нандин нууцаар далимдуулан тэр хүн дарамтлах гэж оролдсон. Дарамт шахалттай амьдарч чадахгүй гэж бодоод задлахаар шийдсэн юм. Энэ хүн бол эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн. Би дийлэхгүй байх. Гэхдээ би тэмцэнэ. Надад бүх нотлох баримт бий.

Намайг таньдаг гэдгийг нь гэрчлэх олон хүн бий. Би Б.Ганчимэг сэтгүүлчид ярилцлага өгсөн байгаа. Гэрээсээ гарч чадахгүй сэтгэл санаа маш тогтворгүй, олон залуус манай гэрийн гадна байгаа гэдгийг тэр хүн харсан юм шүү. Эрүүл мэндийн асуудал ч хэцүү байгаа учраас эмнэлэг, гэрийн хооронд яваад олон нийтэд мэдээлэл өгч чадахгүй байлаа. ХЭҮК болон маш олон газарт би өргөдлөө өгнө. Маш олон гэмт хэргийн намтартай хүн шүү дээ. Тохиролцох зүйл байхгүй. Би ганц энэ хүнийг ч бус олон хүнийг шүүхэд өгсөн. Гэвч нэг ч хэрэг нь шийдэгдэж байгаагүй. Ойрын жилүүдэд ч биш 20 жилийн өмнө хүртэл дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан хүмүүс надтай холбогдсон” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.