Дээд тэнгэрээс тольдох Номын их богд

Twitter Print
2015 оны 06-р сар 26-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Халх Монгол оронд эртнээс мандан дэлгэрч ирсэн Бурханы шашныг  1937 онд устгаж мөхөөн сүйтгэснээс хойш долоон жилийн дараа 1944 онд Гандантэгчэнлин хийдийг “Мөргөлийн дуган” нэртэй нээсэн нь зөвхөн ганц хурал номын газар төдийгүй Халх Монголын шашин ном дахин сэргэх нэгэн эхлэл болж байсан түүхтэй билээ.

Бурханы номын хөл дахин бат суурилахад гавьяа зүтгэлээ өргөж ирсэн гэгээнтнүүдийн нэг Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, Гавж хуучид Модчин овгийн Гаржүдийн Диваасамбуу 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу билгийн хаврын сүүл сарын шинийн 10-ны өдөр жанч халж бурханы орноо заларлаа. Бурханы олон шавь, сүсэгтэн түмэндээ дээдийн номын айлдвар, ачит зарлиг сургаалаараа цэнгүүлэн зохиож асан 88 сүүдэртэйдээ  ертөнцөөс нөгчихийн ёсыг үзүүлэн дүрст лагшингийн зохионгуйг номын агаарт шингээсэн энэ эрхэм хүний хүү Гарма Гаржүд Үржин Пэрэнлайнлин хийдийн тэргүүн хамба Тайвансайхантай ярилцсан юм.

-Гэгээнтэн таалал барихаа эртнээс мэдэж байсан гэж сонссон?

-Тийм бүр найман жилийн өмнө шүү дээ. Гүрдаваа ринбүүчий амьд сэрүүн байх үед. Намайг асуугаад ир гээд явуулсан юм. Би ч замдаа насны хэмжээ нь болоогүй байгаасай гэж залбирсаар очиж билээ. Гэтэл Гүрдаваа ринбүүчий шоо хаяж үзчихээд энэ залуу хүн, нас нь болоогүй байна гэснээр бид баярлаж, эргэж очоод дуулгахад юу ч болоогүй юм шиг бие нь хөнгөрөөд ажил үйлсээ залгуулаад явж байсан юм.

Харин аав маань таалал төгссөний дараа бурхан багшаас гардаг рээнсэл гэдэг гайхамшигтай зүйл үлдэж гарсан байсан. Мөн есөн эрдэнэ бүр өнгөөрөө, бидний хэлдэгээр пилдэн гэдэг эрдэнэ ч гарч үлдсэн. Дөрөвдүгээр сарын 28-нд таалал болсон өдөр нь их халуун, 28 градус хүртэл халж байсан учир тэр үед хүмүүс, энэ халуун дөрүүдэд ер нь яана даа, хэцүүдэх болов уу шарил нь гэж гайхаж байсан бол харин маргааш өдөр нь сайхан сэрүүсэж бороо ороод дараа нь  цас орж байгаль дэлхий, лус гайхамшигийг үзүүлсэн. Бид үүнд их билэгшээж байлаа. Гандан хийдийн тэргүүн хамба Чойжамц голлож жинсрэг цутгах буюу Жинсорог гэдэг хайлах зан үйл хийсэн, гэтэл тэр үед их өвс ногоотой газар гал түймэр алдахаас сэрэмжилж айж байсан, бас  лам нар Доржсэмбэ бурханы үүднээс цагаан эд дэвсэж ном хурах ёстой байсан бол санаснаар болж, байгал дэлхий нэлдээ цасанд хучигдсанаар түймрээс ч айх юмгүй, залрах лам нарын дэвсгэр ч сайхан болж таарсан. Шавь нараас нь Дашчойлин хийдийн тэргүүн хамба Дамбажав гуай, Мамба дацан хийдийн Нацагдорж хамба, Буриадын хийдийн лам нар, шавь нар нь зэрэг олон хүн ирцгээсэн байсан юм.

Аав маань эмнэлэгт байхдаа гэнэт сэхээнд ороод ком болчихлоо гэхэд нь бид дөнгөж амьсгаатай нь гэртээ гаргаж ирсэн. Гэтэл гэртээ ирсэн хойноо сайхан ярьж хөөрч суугаад биднээс асууж, хоног өдрөө тоолоод хоол унд идэж байж байгаад яг шинийн арван буюу улааны шашны сахиусууд залардаг өдөр үдээс хойш нь цаг асууж байгаад тааллаараа морилсон. Бурханы шашны сургааль номлолыг өөрийн биед гайхамшигтай мөн чанараар нь хөгжүүлж, хүчтэй болсон үед хүн өөрийгөө ариун нандинаар өөрийгөө залж хойд насандаа очиж чаддаг зан үйлийг үлгэрлэн үзүүлсэн гэж бодож байна. Бурханы шашны гол сургааль номлолоор бол үйлийн үр буюу хойд нас байдаг гэдэг нарийн шүтэлцээтэй. Энэ утгаараа бурханы шашин бусад шашнаас онцгойрдог. Тиймээс энэ хүн бурханы хутгийг олсон гэж үзэх ёстой юм даа. Тэгээд бид энэ хүнийхээ хойчийн буяныг үргэлжлүүлэх гэж мэрийж байна. Би хорин тав, зургаан жил аавынхаа хажууд бурханы ном сонсож, нарийн нандин үндэс дамжлага жүдийн номыг авч үлдсэндээ баярлаж явдаг юм. 

Энэ хүний буян хишиг, энэ хүний сургааль номлол, сурсан мэдсэн гайхамшигт бүхнээ бусдад өвлүүлдэг тэр чанар бол Монгол оронд бурханы шашин хөгжиж, ард түмэнд өгөөжөө өгөх, ямар хүчтэй байдгийг үзүүлэх үлгэр жишээ болж байна. Монгол орны 330 сум орон нутгаас энэ хүнд хойтын буян буюу насныхаа бодийг хөтлүүлэх номыг даалгаагүй хүн байдаггүй, тэр байтугай гадаад дотоодын хүмүүс ч гэсэн энэ хүнд ажил үйлсээ даатгаж ирсэн. Тэгэхээр өөрөө арилан дэлгэрсэн бурхан багшийн сургааль номлолыг сурч мэдэж олон түмэндээ хүргэвэл ийм сайхан буян байдаг юмаа гэдгийг бид бурханы сургааль судалж үздэгийн хувьд ойлгодог. Харин энгийн олны хувьд, ялангуяа залуу хүмүүст ойлгож, мэдээгүй зүйл их байдаг учраас бурханы буян номыг талаар мэдээсэй, үлгэр дуурайлал аваасай гэсэн үүднээс үүнийг дурьдахгүй байхын аргагүй. Аав, ээжээсээ хагацах хүний зовлон их, хорвоогийн зовлон өвдөх, өтлөх, үхэх байдаг учраас аавынхаа мөнх бусыг үзүүлсэн явдалтай холбогдуулан тэр бүхнийг үзсэн хүмүүсийн уй гашуугаас хуваалцаж, залбирч  яваагаа энэ дашрамд хэлмээр байна. Энэ ч үүднээс хойчийн буянд нь зориулж нэгэн суварга бүтээсэн, мөн аавынхаа нутагт одоо суварга бүтээх гэж байна.

-Аливаа үйлсэд хөтлөх хүний зам мөр гэж нэг чухал зүйл байдаг. Таны зам мөрийг харин аав тань гаргаж өгсөн бололтой?

-Миний ээж, аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул. Би хар багадаа ээжээсээ өнчирч хоцорсон. Ээж минь лам хүний эхнэр болохоор уншлага номтой, 49-нийхөө жилийг давчихвал сайхан болно гэж өөдрөг сэтгэлтэй явдаг байсан. Харамсалтай нь 49 насныхаа босгыг давж чадаагүй. Ээжээсээ хойш эмэгтэй хүн гэлтгүй хэнийг ч баярлуулахыг хичээж, өглөгийг дээдэлж ирсэн. Оюутан байхад миний халаасанд байнга чихэр, бохь байдаг байлаа. Лам болсноос хойш би утлага, рашаан байхгүй бол айлд ордоггүй, зорьсон хүнтэйгээ уулзаж чаддаггүй болсон. Хөгшин настай хүн, ядарсан эмэгтэйчүүдэд тусалж, хүссэн номыг нь уншаад өгдөг. Өглөг, буяны зам мөрт орсных энэ дадлыг олж авсан байх. Сэтгэлийн болоод буяны, эдийн өглөгийг аль болох таслахгүйг хичээдэг. Бурхны номд өглөг бүү тасал гэсэн гайхамшигтай сургааль ч бий. Тэр дагуу байна. 

Манай хийд 2005 онд байгуулагдсан цагаас өглөг, буяныг таслаагүй. Миний аав 1932 онд зургаан настайгаасаа лам дээл өмссөнөөс хойш өнөөг хүртэл 80 гаруй жил шашны үйл хэрэгт зүтгэж ирсэн гавьяатай, буянтай буурал байлаа. Надад бурхны ном заасан анхны багш бол аав минь юм. Тиймээс аавыгаа хайрлаад зогсохгүй  номын багшаа гэж  хүндэтгэдэг. Гандантэгчинлэн хийд анх  байгуулагдахад нутгаасаа тээж ирсэн таван тэрэг ном, судраа хандивлаж, шашны сургуулийг  үүс­гэн байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гээд бүхий л гол ажлыг нь нугалалцаж ирснийг олон хүн мэднэ. 

-Таны аав Монголын бурхан шашны төв гандан хийдэд насаараа шавилж уншлага номоо таслалгүй авч ирээд зогсохгүй, таныг мөн шашин номд хөтөлсөн хүн. Харин та анх хэрхэн бурханы номын мөрд орсоноо дурсахгүй юу?

-1979 онд нэг орой бvрэнхийгээр аав маань намайг дагуулан явж, гайхамшигт увидаст Дамба гэсгvй багшид шавь оруулсан. Тэр vед надад бурхан ном заагаагvй л дээ. Яагаад гэхээр Бурхны шашныг 18 нас хvрээгvй хvvхдэд зааж болохгvй Vндсэн хуулийн заалт байсан. Аав маань хэлмэгдvvллийг биеэрээ vзсэн хvн болохоор хуулиа их барина. Намайг есдvгээр ангид байхад шашны сургуульд элсэлт авсан байсан. Шашны сургуульд таван жил болоод нэг удаа элсэлт авдаг байлаа. Би дараагийн элсэлтийг хvлээхийн тулд эхний гурван жилд цэрэгт явсан. Халагдаж ирээд нэг жил ажиллаж байгаад Шашны дээд сургуульд шалгалт өгч элссэн. 1992 онд сургуулиа төгсөөд Гандангийн болон Чойрын гvн ухааны дацанд багшилсан. Дараа нь Шашны дунд сургуульд багшилж байсан. 

Одоо энэ цагт харин ард олныхоо сайн сайханы төлөө л сэтгэлж чилж явна даа. Хүний амьдрал ахуйд туслахын тулд эдийн болоод, номын, сэтгэлийн өглөгийг дээдэлж ирлээ. Дэлхий дээрх хамгийн том өглөг бол номын өглөг байдаг. Дараа нь сэтгэлийн, эдийн өглөг ордог. Энэ бvхнийг уламжлалаар нь сэргээхийг зорьж байна. Бид мөн шашны тvvх, соёлын холбогдолтой гарч байгаа ном судар болон бvхий л vйл явдлыг тухай ард тvмэндээ тайлбарлан таниулах, эрдэмтэн мэргэд, багш нараараа лекц уншуулах, тvвд, англи хэлний үнэгvй сургалт явуулах гэх мэт олон зорилго тавьж ажиллаж байна даа.

-Номын их хүнийг жанч халсаны дараа хайлна гэж ярьдаг шашны хэллэгээр бол, харин жирийн хүнийг чандарлана гэдэг. Ингэж хайлах зан үйл дээр бол шашны хатуу дэг жаяг байна биз?

-Байнаа. Миний хувьд арван найман жилийн өмнө манай аавын урд байсан цорж ламыг хайлахад оролцож байлаа. Тэгэхэд битүү суваргалж байгаад бүтэн хорин дөрвөн цаг уншлага ном уншиж, хайлж гүйцээж байсан юм. Манай аавын хувьд бол тэр суварга нь битүү байгаагүй, Пүрэвбат лам тэргүүтэй олон хүний идэвхи зүтгэлээр судалсан, үзсэн харсан, мэдсэнээр задгай суваргад хайлсан. Харин яг бүтэн долоон цагийн дотор бүгд хайлж дууссан байсан нь тэр хүн олныг зовоохгүй гэж их болгоосон байна, тэр болгоолтын дагуу өнгөрсөний дараа ч гэсэн өөрийнхөө бодийг хөтөлж чаддаг, яаж бодол одуулж чаддагыг харуулсан гайхамшигтай зүйл болж байгаа юм. Гайхамшиг гэж хэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл жирийн хүнийг хайлахад бас их цаг ордог, хүний дотоод эрхтэн зэрэг бол маш удаан хайлдаг.  Гэтэл энэ хүн бол жилээ хөөж, их бодол одуулсан юм шиг байгаа юм. Хутагт хувилгаан гэдэг хүний мөн чанарыг баталж, ийнхүү өөрийгөө хайлуулсан.

-Хүн эцэг, эхээ бурхан болсон цагт л сая бодоогүйгээгээ бодож, эргээд ачийг нь хариулж баярлуулж яваагүйдээ харамсдаг л даа. Ер нь тэгээд хоног хурааж, талийгаачийн хойноос буян хийхдээ бид юунд онцгой анхаарч байх ёстой вэ?

-Бид бол хүн өнгөрсөний дараа зул тасралтгүй барьж, хүүхэд нохой хооллоно гэдэг хоёр гуравхан зүйлийг мэддэг. Энэ бол ягштал баримталдаг зан үйл. Харин үүнээс гадна ном уншуулж, лам нарыг баясгана гэдэг дээдийн буян болдог. Үүнээс дагалдаж хүн өнгөрсөний дараа гэр оронд буян нь хурдаг. Хүнээс зуун төрлийн хий ялгарч байдаг. Түүнийг идэж ууж цэнгэж байдаг ад домын олон амьтад байдаг, тэднийг амирлуулах  учиртай юм байгаа юм. Тэгээд буян хураана гэдэг  олон түмэнд тусална гэсэн санаа байгаа юм. Буян хурааснаар хүний нас уртсах, тэгээд эрүүл байх, өвчин зовлонгүй байх, гэмтэж бэртэхгүй байх, тэр л гол нь юм. Ном уншуулахаас гадна олон хүн амьтанд сэтгэлээсээ тусалж байх хэрэгтэй, өнчин өрөөсөн, хүн болгонд янз бүрийн гачаал дутагдал их байдаг, тэр бүхнээс нь бага ч гэсэн хуваалцаж байвал ер нь амьдрал ахуй бүгд л сайхан байх учиртай. Хүн амьтан муу хэлэхгүй байх, чадах чинээгээрээ ядарсан хүн олонд тусалж байх хэрэгтэй юм. Хүн бол нийгмийн амьтан учраас амьтныг энэрэх, ялангуяа хүн хүнээ энэрэх, тэр сайхан бодь сэтгэлээ ариусгахад анхаармаар байгаа юм. Зөвхөн оргилуун сэтгэлээр бие биенээ гомдоох, занаж зүхэхээс ангирч байвал нийгмийн сэтгэл зүй, хөгжил дэвшилд их  хэрэгтэй. Яагаад гэвэл, өөрсдийн үр хүүхэд, амьдрал ахуйд нь тусаа өгөх юм. Янз бүрийн гай барцад бол хүний хийсэн үйлийн үрээр эргээд ирж байдаг. Тиймээс сайн үйл хийгээд байх юм бол сайн сайхан тохиолдоод байна. Сайн үйл хийсэний буянаар барцад саадаас гэтэлж байдаг, аян замд явсан ч, гол усанд орсон ч аврал гэдэг ямагт сайн үйлийн үрээр хүнд нөлөөлж байдаг.

Монголын бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, Гавж, Хуучид модчин овгийн Гаржүдийн Диваасамбуу 1927 оны луу жил Шилийн гол аймгийн баруун Хуучид хошууны өргөн сумын Багсам тайжын албат Далайн Гаржүдийн ууган хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1933 онд зургаан настайдаа Хамбын сүмийн Бага шавран хэмээх Гэгээнтэнээр төвд үсэг заалган улмаар өөрийн гэрээр буюу эцэг Гаржүдээр хурлын уншлага заалгасан байна. Найман настайдаа сахил хүртэж, хуралд орж цогчин уншлага гүйцээж байсан бол 11 настайдаа мамба, зурхайн дацанд орж гурван жил хурал хурж байгаад 14 настайдаа Чойрын дацанд сууж гүн ухааны номыг таван жилийн турш үзэж гүн ухааны эрдмийг төгс эзэмшсэн байна. Харин 1945 онд Г.Диваасамбуу БНМАУ-ын төр засгийн уриалгаар нутгийн олон ардын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүн ирж Хуучид хамбын ТҮМДҮВЛИН хийдэд шавилан сууснаас хойш нилээд хугацааны дараа 1960 онд Гандэнтэгчэнлин хийдэд өөрийн судалж, уншиж байсан таван машин ном судар, бурхан, эд агуурсын хамт ирж шавилан суух болжээ.

1960-1977 он хүртэл номын бичээч, бага нярав, их нярав, ня-богоор ажиллаж байгаад 1977-1983 он хүртэл аж ахуй санхүү эрхэлсэн тэргүүлэгч, 1984 оноос шашны дээд сургуулийн багш, Гадаад харилцаа эрхэлсэн мядагтан, 1987 оноос цогчин хурлын их гэсгүй, 1992 оноос засаг Да ламын ажилд томилогдож ажиллаж эхэлсэнээр хөдөө орон нутгийн сүм хийдүүдийг сэргээх, шинээр бий болгоход гол хичээл зүтгэлээ өргөж ирсэн байдаг. 1995 оноос Гандантэгчэнлин хийдийн цогчин Ловон лам, 1997 он цогчин Цорж ламын албыг жанч халах хүртэлээ эрхэлж байлаа. Тэрээр 2000 онд Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд гавжийн дамжаа барьж зэрэг цолоо хамгаалахын хамт 2011 онд Өндөргэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн “Хүндэт доктор”, 2013 онд ард түмний санал асуулгаар тэргүүлж энэ цагийн “Эгэл баатар” цолоор шагнагдаж байжээ. 1994-1996 онд Монголын их шүтээн Мэгжид Жанрайсиг бурханыг шүншиглэн аравнайлах ажлыг гардан зохион байгуулсан түүний үр бүтээлийг төр засаг зохих ёсоор үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Цорж лам Г.Диваасамбуу Монгол улсын түүхийн эгзэгтэй, цөвүүн цаг үеийг ажиралгүй туулж уншиж мэдэж, сонсож дуулсан бүхнээ шавь нартаа болон жирийн сүсэгтэн олонд сэтгэлд харамгүй хүртээж олон эрдэмтэн шавь нарыг бэлдсэн гавьяа зүтгэлтэй хүн байлаа.

Тухайлбал Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Мамба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж, Гэсэр сүм буюу Бадамёго дацангийн Ловон лам Гүнчин-иш, Гарма гаржүд үржин Пэрэнлэлин хийдийн тэргүүн Д.Тайвансайхан нарын олон гэгээнтнүүдийг нэрлэж болох ажээ. Цорж лам Г.Диваасамбуу өөрийн оронд шашны нөлөөгөө түгээн дэлгэрүүлснээр үл барам гадаад орнуудад ч бурхан шашны гэгээн сайхан үйл хэргээ дэлгэрүүлэн түгээснээр үл барам Улаан-үүд, Минск, Алма-ата Санкт-Петербург, Москва, Бээжин хотуудад удаа дараа айлчилж Азийн Буддистуудын энх тайваны их хуралд оролцон илтгэл тавихдаа “ИТГЭЛ” хэмээх номыг Энэтхэг, Төвд, Монгол хэлээр уншиж төлөөлөгч олны итгэл бишрэлийг хүлээж байсан байна. Мөн 2003 онд ОХУ-ын Буриадын Агийн дацанд уригдан очиж Дамдингийн ван Жамсрангийн жанан зэрэг номуудыг айлдаж байжээ. Цорж лам Г.Диваасамбуу бурханы шашны ариун номонд ихэд нэвтэрсэн Монголын цөөхөн гүн ухаантан, гэгээнтэнүүдийн нэгэн байлаа.

Ум сайн амгалан болтугай.

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.