Б.Идэрзаяаг гяндан руу ачжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 26-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Охидыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Түүний гомдлыг хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзэж, 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм. Харин өчигдөр Давж заалдах шатны шүүхийн тогтоол бичгээр гарсан бөгөөд Д.Идэрзаяаг хорих 461-р ангиас Гяндан руу ачсан байна.

-Б.ЗОЛЗАЯА: ТА БҮХЭН ТУСЛААЧ-

Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяагаас цөөн зүйл тодруулав.

-Давж заалдах шатны шийдвэр албан ёсоор баталгаажлаа. Б.Идэрзаяаг шийдвэр гарсан даруй шууд гяндан руу ачсан гэсэн үү?

-Тэгсэн байна. Эгч нь одоо яадаг юм билээ (уйлав.сурв). 14 хоногтоо багтааж дээд шүүхэд хандаж болох юм байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө миний дүү амьдралынхаа алтан 25 жилийг гянданд сууж өнгөрүүлэх гэж байна. Харамсаж байна. Энэ хэргийг хийгээгүй юм чинь хууль хяналтынхан үнэн мөнийг нь олоод өгөх байх гэж найдсан маань алдаа байжээ.

-Дээд шүүхээр хянаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр найдвар тасраагүй байна. Та бүхэн Хуульзүйн сайд Д.Дорлигжавд хандсан уу?

-Одоо эцсийн найдвар Дээд шүүх л байна. Танай сайтаар дамжуулан Хуульзүйн сайд Д.Дорлигжавтай уулзмаар байна гэдгээ уламжилъя. Та бүхэн туслаач. Цагдаа, шүүхийнхэн энэ хэргийг яагаад дахин шалгаж, жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Тэр өдөр Э.Золбоо амиа алдсан хоёр охин болон миний дүүг дуудаагүй бол хөөрхий хоёр охин хорлогдож, Б.Идэрзаяа шоронд хатахгүй байсан байх. Б.Идэрзаяаг буруутгаж байгаа гол зүйл нь Э.Золбоогийн хоёр дүүгийн мэдүүлэг юм билээ. Хэргийн газраас хоёр хутга, хоёр заазуур олдсон. Энэ хутга заазуурууд хэнийх вэ гэдгийг ч шалгаагүй. Энэ мэсэнд ямар ч хурууны хээ, цусны толбо илрээгүй. Энэ хэргийг нэг хүн хийсэн гэхэд эргэлзээтэй. Нэг охиныг чулуугаар нүдэж байхад нөгөөх нь яагаад хараад зогсож байсан гэж. 30 метрийн зайнд айл байхад яагаад орилж хашгирах чимээ сонсоогүй байдаг юм бэ. Мөн тэр хоёр охинтой байнга утсаар яриад байсан хүнийг хэн болохыг яагаад сайн шалгаагүй юм бэ.

-Б.Идэрзаяагийн бөгж хэргийн газраас олдсон гэх нотлох баримт байдаг гэсэн?

-Б.Идэрзаяа зүүж явсан бөгж, эрхээ өөрийнхөө цүнхэнд хийгээд Э.Золбоогийнд хонодог оройгоо унтсан гэсэн. Гэтэл цүнхэнд байсан бөгж нь байхгүй, ганцхан эрхи нь л гарч ирснийг цагдаа нар хурааж авсан. Тэр бөгжийг Э.Золбоо юм уу, Э.Золбоогийн дүү нар авсан байж мэднэ. Тэрийг ч шалгаагүй. Ингээд гурван номерын бөгжийг хэргийн газраас олдсон, Б.Идэрзаяагийн бөгж хэмээн шууд тулгасан. Тэр бөгж нь миний дүүгийн хуруунд нь ч таардаггүй. Бас тухайн үед өмсөж явсан найман ширхэг хувцсанд нь ямар ч цусны толбо байдаггүй. Хоёрын хоёр хүнийг улаан гараараа чулуугаар цохиж алсан хүний хувцас тийм байх уу. Бас биенээс нь ямар ч гэмтэл илрээгүй гэдгийг Шүүх шинжилгээгээр нотолсон.

-ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВД УЛАМЖИЛЪЯ-

Нийгмийг цочирдуулсан энэхүү аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид маш хурдан хугацаанд буюу хоёрхон хоногийн дотор илрүүлэн, сэжигтэн Б.Идэрзаяа болон Э.Золбоо гэх хоёр залууг цагдан хориод байгаа талаараа тухайн үед сэтгүүлчдэд мэдээллэж байв. Гэтэл тун удалгүй Э.Золбоо гэх залууг мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдолгүй хэмээн суллаж явуулсан байдаг.

Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяа үүнийг эсэргүүцэж, жинхэнэ хэрэгтнүүдтэй холбоотой этгээдийг суллаж, миний дүүг хилс хэргээр насаар нь шоронд хатаах гэж байна хэмээн манай сайтад анхлан болсон хэрэг явдлын талаар ярилцлага өгч байсан билээ. Үүний дараа нийгэм даяараа хараан зүхэж байсан хүмүүсийн бодол бага ч болов өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэхээр жинхэнэ хэрэгтнүүд наранд сул яваад, зүгээр нэг залуу хилс хэргээр шоронд сууж байгаа юм биш биз гэж хардах болсон.

Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяа болон өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын хэлээд байгаа хамгийн гол зүйл бол Шүүх шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр энэ хэрэгт Б.Идэрзаяа холбогдолтой болохыг баталсан нэг ч нотлох баримт байдаггүй гэсэн. Тиймээс үнэхээр гэмгүй залуу хилс хэргээр 25 жилийн ял авах гэж байгаа бол энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин нягтлан шалгах хэрэгтэй болов уу гэдгийг Хуульзүйн сайд Д.Дорлигжавд уламжилъя.

Эх сурвалж: Б.ЦЭЛМЭГ, www.medee.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.