”Хадан ус” ХХК хүүхдийн тоглоомын талбайд шунасны гай таарав уу?

Twitter Print
2015 оны 06-р сар 24-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Зуны дэлгэр цагт барилгатай холбоотой асуудлууд ундран гарч шүдний өвчин болсоор байна. Учир нь сүүлийн үед зөвшөөрөл авсан газрынхаа зориулалтыг нь өөрчилж барилга барьдаг хачин жишиг тогтоод байгаа. Үүний горыг амссан БГД-ийн 16-р байрны иргэд сар гаруй зочид буудлын өрөөнд хоног төөрүүлэн зутруухан амьдарсан. Тэгвэл энэ удаад зориулалтыг нь өөрчилж барилга барьж эхэлсэн компанийн хариуцлагагүй үйлдлээс болж зам дээр зорчиж явсан жолооч эрүүл мэндээрээ хохирч үлдсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 хороо буюу “Драгон" төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг өчигдөр 12.30 цагийн үед гарсан. Биднийг хэргийн газарт очиход Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн газрынхан үзлэг хийж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан юм.

Буудай тээвэрлэж явсан машинд жолоочоос өөр зорчигч байгаагүй бөгөөд 40 тоннын даацтай буудай тээвэрлэн явж байжээ. Одоогоор жолоочийн биеийн байдал гайгүй, өөрөө эмнэлэг рүү явсан талаар гэрчүүд ярьж байна.

Газрын шунал хэрээс хэтрэв

Осол гарсан газарт 135 айлын 16 давхар орон сууцны барилга барих ажил тавдугаар сард эхэлсэн байна. Тус барилгын захиалагчаар “Хадан ус” компани, гүйцэтгэгчээр “Мон хауз” компани ажиллаж байжээ. Гэвч барилга барих явцад хөрсний нуралт их хэмжээгээр явагдаж байсан байна. Тиймээс тухайн хэсгээр том оврын автомашин явахыг хориглосон байжээ. Уг нь хороолол дунд хүнд даацын автомашин явах хориотой байдаг. Гэвч “Жем Интернэшнл” компанийн камаз маркийн автомашин дур мэдэн тус замаар зорчиж байхдаа ийнхүү осолджээ.

Энэ талаар зарим иргэд “Сүүлийн хэдэн жил барилгаас болж хүүхдийн тоглоомын талбай үгүй болж, том цээжтэй эрх мэдэлтнүүдийг лобидож газрын зөвшөөрөл авч байгаа хүмүүс зөндөө байна. Хууль хяналтын дагуу барилга барих зөвшөөрөл авч, журам ёсоор сууриа ухаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр ийм асуудлууд гарахгүй байсан. Хүүхдийн тоглоомын талбайг булааснаас болж ёстой л “нүгэл нүдээрээ” гэгч юм болж байгаа юм даа. Ямар ч тэнэг хүн харсан замтай тулгаад барилгын суурийг ухахаар зам цөмөрч л таараа. Харин ч энэ удаагийн хэрэг дараачийн хүмүүст сануулга боллоо” хэмээн бухимдангуй ярьж байлаа.

Тэгэхээр уг осол нэг талаас хүнд даацын машин явж болохгүйг анхааруулсан байтал үл тоон дүрэм зөрчсөн том оврын автомашины жолоочийн буруу. Харин нөгөө талаас барилгын компанийн буруутай үйлдэл харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Мон хауз” компанийнхан автозамд тулгаж барилгын суурийг ухсан учир нуралт үүсээд эхэлчихсэн байж. Тиймээс зөвшөөрөгдсөн газраа хэтрүүлэн ашигладаг барилгын компаниудын шунал хэрээс хэтэрч ийнхүү ослын шалтгаан нь болж байна.

Энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авахгүй бол “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав” гэхчийн үлгэр болж ард түмэн амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг хэн үүрэх вэ. Бас л нүдээ дараад өнгөрөх юм биш биз гэсэн хүмүүсийн хардалт төрж байна.

МХЕГ-аас тухайн компанийг автозамд тулгаад суурийн нүхээ ух гэж зөвлөсөн үү!

135 айлын 16 давхар орон сууцны барилгыг "Мон хауз" ХХК барихын тулд автомашины замтай суурийг тулгаж ухсан нь нүднээ илт байхад өөрсдийгөө өмгөөлж хацаалсаар байх уу. Энэ талаар гүйцэтгэх компанийн албаны хүнээс тодруулахад, “Бид МХЕГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу буюу норм журмын дагуу л ажиллаж байсан” гэсэн юм. Тэгэхээр МХЕГ-аас тухайн компанийг автозамд тулгаад суурийн нүхээ ух гэж зөвлөсөн болж таарч байна.

Өмнө нь хүүхдийн тоглоомын талбай, мөсөн гулгуур байсан энэ газарт зориулалтыг нь өөрчлөн барилга барих зөвшөөрлийг нь авч улайрсан захиалагч бол “Хадан ус” компани.

Оршин суугчдын хэлж буйгаар “Хадан ус” гэх компани 2012 онд хүүхдийн тоглоомын газар, граж барихаар газрын зөвшөөрөл авчээ. Гэвч зориулалтыг нь өөрчлөн барилга барьж эхэлсэн байна. Эхний 16 давхар барилгын гаднах ажлыг хийж дуусгаж, урд талд нь барилгын суурь цутгасан байжээ. Ингэхдээ туслах замын доогуур газар ухсан нь ийм байдалд хүргэсэн аж. Өөрөөр хэлбэл, “Хадан Ус” компани барилгын ажил эхлүүлэхдээ зам руу хэт шахаж нүх ухсанаас болж хөрсний нуралт үүссэн байна. Тиймээс тус замаар тээврийн хэрэгсэл явахад эрсдэл үүссэн тул том оврын автомашин зорчихыг хориглож байжээ

Оршин суугчид удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байжээ

Оршин суугчдын зүгээс энэхүү газарт барилга барих ажлыг удаа дараа эсэргүүцэж, хорооны засаг дарга болоод дүүргийн удирдлагуудад олон удаа хандаж байсан гэдгээ дуулгаж байлаа. Түүнчлэн бид дүүргийн замын цагдаад хориглох хэмжээг нь заасан тэмдэг тэмдэглэгээ тавиад өгөөч гэдэг хүсэлт тавьж л байсан. Гэтэл уг барилгын хүнд даацын машинууд орж гарах болохоор тийм тэмдэглэгээ тавьж болохгүй гэж байсан юм. Осол гаргасан машин энэ замыг ийм гэдгийг мэдэхгүй болохоор л осолдсон байж таараа. Хэрвээ тэмдэг тэмдэглэгээ байсан бол ийм осол гарахгүй байсан хэмээн оршин суугчид ярилаа. Одоогоор осолдсон хэсгийн замыг хоёр талаас нь хааж автомашин зорчуулахгүй байгаа. 

Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяраас тодруулахад, “Ачааны машиныг гаргаж автал замуудыг хаана. Хамгийн гол нь тухайн хэсгийн замыг дахиад цөмрөх эсэх эрсдэлийг тогтоогоод эрсдэлгүй болгосны дараа нээх болно. Жолоочийн хувьд ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулахаар цусны дээж авчихсан байгаа. Одоогоор хариу нь тодорхойгүй байна” гэв.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.