Борлуулалтаараа тэргүүлж буй 10 ном

Twitter Print
2015 оны 06-р сар 24-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Номонд дурлагсдад зориулан өнгөрсөн долоо хоногт "Интерном" дэлгүүрийн бестселлерт орж буй 10 номыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

1. Хайрлах урлаг, Э.Фромм

Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэ. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай болдог. Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ.

2. Үүлэн хээтэй орчлон, Б.Шүүдэрцэцэг

Энэ жил хорин наймтай Бадамлянхуа Тан данжаадынд амьдарсаар гурван жилийг үджээ. Эр, эм хэний ч нүд булаам энэ сайхан бүсгүйн дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнээний дэлэн шувтарч тарчигхан суудаг асан Тамжид авгайн ганц охин байсан юм. Арван зургаатайдаа охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түүнд тэнгэр үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь хар Дамчаа гэж гучаад насны, чадахгүй байж морины наймаа эргүүлсэн дампуу эр байгаад хэдхэн жилийн дараа гэнэтхэн хатгалга өвчнөөр бурханы оронд оджээ. Хадам эх нь Бадамлянхуаг голомт залгах ганц үр ч төрүүлсэн юмгүй, эр нөхрийнхөө толгойг залгисан, сувай эм хэмээгээд төрхөмд нь хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсаныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баадан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижийгээ алдав. Санаж сарвайх ахан дүүс муутай ганц бие бүсгүйнхээр хавийн харцуул бууж мордон үйлийг нь үзнэ. Нэг л өдөр бүсгүй Хүрээ орж амь зуухаар шийдэж, нутгийн чинээлэг айлаас шар тэргийг нь хөлслөн нүүж одсон аж...

3. Өөдөө тэмүүл, Ш.Сандберг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна.

Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. 

Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

4. Сорхугтани, Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

5. Очир эрхшээгч, Б.Батрэгзэдмаа

Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ. 

Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.

6. 100 жилийн ганцаардал, Г.Маркес

Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

7. Дэлхийн түүх: Соёл иргэншлийн үүрийн гэгээнээс өнөөдрийг хүртэл, Р.Коллинс, Р.Лим, Р.Оувэри, Д.Паррот, К.Раднэр, Б.Фаган, Ж.Фриман

Дэлхийн түүх бол өнөөгийн бодит байдлыг бий болгосон үйл явдал, үзэл санаа, хүмүүсийн тухай фото-зураг бүхий хамгийн шилдэг лавлагаа-ном болно. Энэ ном нь түүхэн дэх хамгийн чухал, ирээдүйд нөлөө үзүүлсэн үйл явдлыг сорчлон үзүүлж, тэдгээр үйл явдлыг өргөн мэдээлэл бүхий хурц сонин, үзүүлэн таниулах хосгүй материалуудаар дамжуулан нээх боломж олгож байна. 4,5 сая жилийн өмнөх Африкт амьдарч байсан бидний өвөг дээдсээс эхлээд эртний дэлхий дахины аугаа соёл иргэншил, дундад зууны зөрчил мөргөлдөөн, өвчин гамшиг, Сэргэн мандалт, шинэ улс-үндэстэн үүсэхэд хүргэсэн гайхамшигт аялал, уурын хөдөлгүүр, ган төмөр, аж үйлдвэржилтийн гайхамшигт эрин, манай үеийг тодорхойлдог дайн, хувьсгал энэ бүхэн гараг ертөнцийн сэтгэл татам, гайхаж бишрэм, асар их мэдээлэл агуулсан түүх билээ.

8. Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг

Энэхүү Оксфорд Монсудар Англи-Монгол, Монгол-Англи өврийн шинэ толь бичгийг оюутан залуус, аянчин жуулчин, ажил хэрэгч хүмүүст зориулан гаргасан байна. Уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд хийсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллүүд багтжээ. Тус толь бичгийн англи орчуулгад толгой үгсийн үндсэн утга хийгээд шилжсэн утга, салаа утга, хийсвэр утга, давхар утгын нарийн ялгамжуудыг тусгасан болно.

9. Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь, С.Хироши

Өглөө эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ. Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно.

10. 1Q84, I (1Q84), М.Харүки

Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал романыг албан ёсны эрхтэйгээр “Монсудар” хэвлэлийн газраас уншигч түмэндээ өргөн барьж байна. Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авсан бөгөөд өөрт нь маш ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чаджээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.