Барак Обама: Бид ясны боолчууд хэвээр...

Twitter Print
2015 оны 06-р сар 24-нд 08:39 цагт
Мэдээний зураг,

Африк гаралтай америкчууд өнөөдөр “ясны боолчууд” хэвээр байгааг ерөнхийлөгч Барак Обама онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт Чарлстон хотын харуудын сүмд есөн хүний аминд хүрсэн аллагын асуудлаар тэрээр алдартай хошин шогч Марк Маронд ярилцлага өгч байхдаа цочирдмоор ийм үг хэлэхдээ тус улс оронд өнөө болтол арьс өнгөөр ялгаварлах үзэл амь бөхтэй оршсоор байгаагийн нэг тод илрэл нь Өмнөд Каролина муж улсад гарсан хэрэг явдал боллоо гэжээ.

"Бид үүнээс одоо болтол ангижирч чадаагүй байна. Энэ бол зөвхөн боловсон зан харьцааны асуудал биш, "негр" гэдэг үгэнд ч биш, арьс өнгөөр ялгаварлах үзэл үнэхээр байгаа эсэхийг ч тодорхойлох боломжгүй. Үүнийг засаж залруулах ёс журам, дэглэм ч асуудлыг шийдвэрлэхгүй. 200-аас 300 жилийн өмнөөс амь бөхтэй суусан энэ үзлээс нийгэм ганц шөнийн дотор ангижирч чадахгүй" гэж Обама мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Барак Обама, Марк Мароны хамт

Африк гаралтай америкчуудийн олон жилийн боолчлол, Умард, Өмнөдийн тэмцэл өнөөгийн нийгэмд гүнзгий ул мөрөө үлдээсэн болохоор дан ганц улс орны удирдлагаас тавьж буй хүчин чармайлт үүнд хангалтгүй гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч, "Олон жилийн боолчлол болон Жим Кроугийн хууль (1890-1964 онд АНУ-ын тодорхой муж улсуудад хэрэгжиж байсан арьс өнгөөр ялгаварлах хуулийн албан бус нэршил. Mongolcom.mn), нийгмийн бүх давхаргад сүүдрээ үлдээж үеэс үед уламжлагдаж ирсэн энэ үзэл бүр бидний цус, ДНК-д шингэсэн" гэсэн байна.

Америкийн төрийн тэргүүн тэрчлэн АНУ-д арьсны өнгөөр ялгаварлах үзэл, түүнийг арьсны өнгө ялгалгүй гэр бүлд төрсөн аль тэртээ 53 оноос хойш үлэмж буурсан гэж үзэж байгаагаа мэдэгдэж, тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өнгөт арьстан сонгогдсон явдлыг үүний нэг тод жишээ гэж талбайрласан аж.

Харин Америкийн иргэд галт зэвсэг эзэмших асуудалд тэрээр, америкчууд амь насаа хамгаалах эрхтэйг хүлээн зөвшөөрөхийн хамт харин сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний гарт галт зэвсэг орохоос сэргийлэх ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглээд галт зэвсэг эзэмших иргэний эрхийг хамгаалагч Үндэсний буудлагын холбооны (NRA) лоббичид Конгресст олон байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Гэвч энэ бүхнийг үл хэрэгсэж, америкийн нийгэм хууль хяналтын байгууллагаасаа өгсүүлээд галт зэвсгийн борлуулалт, эргэлтэд хяналт тавих яаралтай алхам хийх шаардлагатай байгааг тэрээр онцолжээ.

Ерөнхийлөгч Барак Обама уг ярилцлагын үеэр америкийн соёл, сэтгэхүйд нэгэнт хориглосон "негр" хэмээх үг хэрэглэсэн нь Хойд Америк даяар шуугиан тарьж, афроамерикчуудыг доромжилсон мэт сэтгэгдэл төрүүлж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Каролина муж улсын Чарлстон хотын сүмд цагаан арьстан Дилан Руф гэгч 21 настай залуу, хар арьстай зургаан эмэгтэй, гурван эрэгтэй, нийт есөн хүнийг буудан хөнөөгөөд нэг эмэгтэйг амьд үлдээж, уг болсон явдлын тухай нийгэмд дуулгахыг захирамжласан байна. Тэрээр хэргийн газраас зугтаасан боловч, удалгүй баривчлагдаж, арьс өнгөөр үзэн ядах сэдлээр уг хэргийг үйлдсэн болохыг нь тогтоосон билээ.

Харин өнгөрсөн бямба гарагт түүний арьс өнгөөр ялгаварлах үзэл санаатай цахим хуудсыг олж илрүүлэхэд тэрээр иргэний дайны үеэр амь үрэгдсэн Өмнөдийн дайчдын дурсгалын хөшөөний өмнө хар арьстнуудын лааны тосон барималын хамт америкийн далбааг шатааж байгаа гэрэл зураг тавьж, "Надад ямар ч сонголт үлдсэнгүй. Тиймээс би арьс өнгөний ялгаа хамгийн их гарч байсан манай муж улс дахь түүхэн хот болох Чарлстон хотыг сонгож авлаа. Энд мулзан толгойтнууд болон Ку-Клукс-Кланууд байхгүй, харуудын эсрэг юу ч хийдэггүй учраас" гэсэн тайлбар тавьсан байжээ.

Америкийн афроамерикчууд энэхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгааг Америкийн хаанаас ч харж болно гээд энэхүү зургийг жишээ болгож цахим сүлжээнд байрлуулжээ. Зургийн тайлбар нь 9 хүнийг буудаж алсан алуурчин цагаан эр болон тамхи зарсан хар арьстан залууг Америкийн цагдаа баривчилж байгаа нь гэсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.