Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал-2/

Twitter Print
2017 оны 03-р сар 07-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм шүү.

Ургамал бүлгэмдэл нь биологийн олон янз байдлуудын хамгийн өргөн хэмжээнд судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгийн их үүрэг бүхий нөөц баялаг билээ. Тухайлбал: цөөн тооны үр тарианы ургамлууд үндсэн хүнс тэжээл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба хэдэн арван мянган зүйл зэрлэг ургамал эм, хүнс тэжээл, түлш, хувцас болон сууц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх замаар эдийн засаг аж ахуйн хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ногоон ургамал нь дэлхийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж бусад амьтад болон дэлхийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. 

Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Тиймээс дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. 

Харин мэдээллийн портал www.mongolcom.mn сайтаас уншигчдынхаа танин мэдэхүйд бага ч гэсэн нэмэр болж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүднээс "Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилт тавин "Монгол орны Улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Монгол орны Улаан номонд орсон 70 гаруй зүйлийн ургамлыг цувралаар хүргэж байна. 

Говийн тост

Говийн тост /Brachanthemum Gobicum krasch/ нь Хөндий хоолой, үйрмэг хайрга чулуутай цөлийн хээрийн томоохон хотосын зах, нимгэн үелсэн элстэй газраар голчлон ургах сөөг ургамал юм. Монгол дорнод говийн тойрог, Баянзагийн хоолой, Улаан нуурын хотгор, Онгийн голын адаг ба Сайншандаас баруун урагш орших Өлгий хийдийн туурь хүртэлх хотгорт тархжээ. Үрээр ургахдаа удаан, вегетатив эрхтнээр үрждэг.

Гурвалжин их залаа

Гурвалжин их залаа /далархуу тахилт/, /synurus deltoids/ нь хусан төгөл, холимог ой, ойн зах ба цоорхой, нугархаг хажууд энд тэнд цөөн хэдээр ургадаг олон наст ургамал юм. 

Монголд Хянганы тойрог Халхын гол, Нөмрөгийн голт ургадаг. Манжуураас гаралтай ховор ургамал юм. Үр үндэслэг ишнээс ургах чадвартай. 

Гурвалсан шүрэн үндэс

Гурвалсан шүрэн–үндэс /Corallorhiza Trifida / нь ой тайгын хөвдөрхөг намагтай газар ургах ногоон навчгүй, олон наст сапрофит ургамал юм. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт тархжээ. Вегетатив эрхтнээр /үндэслэг ишээр/ үрждэг.
      
Дагуур арц

Дагуур арц. Латинаар: Juniperus dahurica нь уулын чулуурхаг хажуу, асга, нураг даган газарт зулж ургадаг хэвтээ сөөг юм. Хэнтийн тойрогт болон Богд уулын зүүн хажуу, Бумбатын аманд ургадаг. Ишний уг, газар дээрх хэсгээс сэргэн ургах чадвартай. Нөөц маш бага. 
     
Далиу сонгино

Далиу сонгино / Allium obliquum l. / Далиу буюу сармисан сонгино нь уулын дунд, доод биеийн чулуурхаг хүрэн хөрсөнд ургадаг олон наст сонгинолог ургамал юм.

Монгол алтайн нуруу, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Хавцалбулаг, мөн сумын нутаг Ёлт гэдэг газар тархжээ. Үрээс ургахдаа хурдан, сонгинолог ишнээс сэргэн төлжих чадвар сайтай.
      
Дорогостайн Банздоо

Дорогостайн банздоо буюу Вансэмбэрүү /saussurea dorogostaiskii palib/ нь өндөр уулын бүслүүрийн хад, асга, асгарга дагаж чийгтэй хөрсөнд маш сийрэг ургадаг олон наст өвс юм. Хөвсгөлд ургана. Ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг байсан вансэмбэрүү нь бүрэн судлагдаж амжаагүй ховор ургамал юм.

Манай оронд ургадаг вансэмбэрүү нь банздоогийн төрөлд хамаарна. Энэ төрлийн ургамлыг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. 

Урт цагаан үслэгтэй боловч хожим нь нүцгэрдэг, навч олонтой нэг метр хүртэл өндөр, 1,5 – 2 см бүдүүн иштэй. Гонзгойвтор өндгөрхүү навч нь шилбээ дагасан далавч үүсгэнэ. Зэвгэр хүрэндүү олон тооны том сагс баг цэцэгтэй. Өндөр уулын чулуулаг асгарганд ургана. 
      
Дөрвөлсөн Мүгэз

Дөрвөлсөн Мүгэз / Rhodiola quadrifida / нь Тагийн бүслүүрт хад асга, чулуутай энгэр, нуга, хаданд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь Алтайн тойрогт тархжээ. Үрээр үржинэ. 
      
Дэвүүр-үрт сагай

Дэвүүр-үрт сагай /pugionium pterocarpum kom./ Монголд нэн ховор унаган ургамал. Нуурын хөвөө, гол мөрний хөндий дагасан элс, манханд ургадаг олон наст өвслөг ургамал. Монголд Их нууруудын хотгор /Баяннуур, Завхан гол, Хүнгүй голын адаг/-т ургадаг. Үрээс сайн ургадаг.
     
Заг

Заг Латинаар: /Haloxylon ammodendron bunge/ Заг нь ширэгжиж бэхжсэн, бэхжээгүй хөдөлгөөнт нүүдэг элс, сондог, элсэрхэг хээр, сийрэгдүү хайргатай дов толгодын энгэр хажуу, сайр садраа, мараалаг хотос газар дагаж ургадаг, цөл, цөлөрхөг хээрийн ценозыг бүрдүүлэгч модлог ургамал юм. Зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг. 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг. 4500 килокалори дулаан ялгаруулдаг учраас говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд заг модыг түлшинд их хэмжээгээр ашигласнаас үүдэлтэйгээр бараг устаж үгүй болж байна. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг. Зээмэг, Таван алд, Галба, Борзонгийн говь гээд маш их заган ой бүхий өргөн их говиудын модын нөөц байхгүй болж энд тэнд оохор цоохор болон үлджээ.

10 дугаар сарын дунд үеэс эхлэн 20 хоногийн хугацаанд нэг га талбайгаас 100-150 килограмм загийн үр түүх боломжтой. Түүсэн үрээ цэвэрлэж, чийгтэй, агаар сайтай байранд хадгалаад, тариалах үедээ 10 сантиметр өргөнтэй хоёр мөр гарган туузалж, нэг метр тутамд гурван грамм үрийг элсэрхэг хөрсөнд 0.5-1 сантиметр гүнд суулгана. 1 га талбайд 700-750 шоо метр усаар анхны усалгааг хийнэ. Дараа нь соёололт жигдрэх хүртэл 14 хоногийн хугацаанд өдөр бүр 150-200 шоо метр усаар 2 удаа усалж өгвөл ургалт түргэсдэг байна. Ийм аргаар говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.

Зүүнгарын Гоёо

Зүүнгарын Гоёо / Cynomorium soongaricum / нь говь цөлийн элсэрхэг газруудаар хармаг, бусад сөөг ургамлын үндэс дээр амьдрах шимэгч ургамал юм. Их нууруудын хотгор, Олон нуур, Говь – Алтайн, Алашаа говь, Дорнод говь, Зүүнгарын говийн тойрогт тохиолдоно. Үр болон вегетатив эрхтнээр үрждэг.

 

Монголын улаан номонд орсон ургамлууд /Цуврал 1/ -ийг http://mongolcom.mn/read/24211 

Монголын  улаан номонд орсон ургамлууд /Цуврал 3/-ийг http://www.mongolcom.mn/like/25242 

Монголын улаан номонд орсон топ 5 ургамал нийтлэлийг http://mongolcom.mn/read/24040 линкээр орж уншина уу. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нандиа

      (202.9.42.241) 2017-10-21 15:30
      • 0
      • 0

      Цөөн мөчирт хэрээн нүд гэж байгаа юу

      Хариулах

    • номин

      (202.21.116.2) 2017-03-06 09:46
      • 0
      • 1

      сайн байна уу 1-р хэсгийг нь хаанаас олж унших уу

      Хариулах

    • ЦАГААН САР

      (59.153.114.74) 2017-01-19 17:18
      • 0
      • 0

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • Монгол

      (203.91.117.4) 2016-02-07 08:50
      • 0
      • 2

      Ийм сэдвээр бичдэг сэтгүүлчбайна гэдэг бахархалтай үргэлжлүүлээд байгаарай бас ямар ховор ургамлыг хэн хаана мэдэгдэм үр дүнтэй ургуулж үржүүлж байгааг сонирхож байна. Рекламдсан ном бичсэн нь тоймгүйл дээ харин ургуулсан үржүүлсэн нь

      Хариулах

    • LhagvajargalSandui

      (202.179.10.74) 2015-11-10 17:34
      • 0
      • 1

      маш их таалагдалаа

      Хариулах