MNB гэх жижиг вант улсын тухай үлгэр

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Эрт урьдын цагт MNB нэртэй нэг жижиг улс байж гэнэ. Тэр улсын Хааныг ард иргэд нь өөрсдөө биш хоёр том хөрш их гүрнээс ээлжлэн томилдог байж. Ирсэн Хаадууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг юмсанж. Нэгэнт төрсөн эх орон, өссөн ард түмэн нь биш юм болохоор хүйтэн хөндий, хүнийрхүү бодлого хэрэгжүүлэх нь ойлгомжтой.

Үнэндээ хоёр их гүрний хорт бодлогыг турших талбар, бусад улс үндэстний тархи угаах түшиц газар болгох нь цаад эздийн гол геополитик. Уг нь MNB дэлхийд хамгийн анхны бөгөөд цорын ганц үлдсэн ОЛОН НИЙТИЙН гэх соёл иргэншилтэй улс юм. Ард иргэд нь ч энэ өв соёл, үндэсний онцлогоо хадгалж, хамгаалахыг дор бүрнээ хичээсээр өдийг хүрчээ. Гэтэл яагаад энэ улсын хааныг ямар ч хамаагүй газраас томилдог юм гэж үү? Үнэндээ энэ улс Үндсэн хуультай л даа. ОНРТ-ийн тухай хууль гэж нэрлэдэг. Энэ үндсэн хуулинд хууль тогтоох дээд байгууллага бол парламент гээд заачихсан. Парламентыг ТУЗ гэж нэрлэх бөгөөд 15 гишүүнтэй.

Энд бас нэг инээдтэй юм бий. Гишүүд мөн л хаантай алил ард түмнээсээ сонгогддоггүй. Тэднийг "Дэлхийн гурван өндөрлөг"-өөс санал болгосноор НҮБ томилдог юм. Парламентын гишүүдээс гадна улсын төсөв нь хүртэл тэр эздийн гарт байдаг. Ийм л хачин тоглоомын улс. Дүр эсгэсэн Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол тусгаар тогтнолоо олж чадахгүй, ирээдүйд BBC, NHK, DW, ABC зэрэг улс орнууд шиг хөгжих боломжгүй. Геополитикийг яалтай.

За эргээд хааны тухай ярья. Нэгэн цагт Нинжжамц хэмээх хатан хаан байлаа. Цаад эздэдээ аядуу зөөлөн, улс орны хувь заяанд хахир хатуу ханддаг нэгэн байв. Ард түмэн түүнийг 2007 онд нэг огцруулсан удаатай. 13 жилийн дараа түүх давтагдаж дахин огцруулав. Тухайн хүндээ ч бий байх. Тогтолцооны гажуудал ч байгаа байх. Ямартай ч тэр нүхээ өөрөө ухсан. За ингээд парламент шинэ Хааныг томилох хэрэгтэй болов. Хаан болохыг урьж байна гэсэн зарлал хамаг дэлхийд тарав. Нийт 17 хүн Хаан суудлын төлөө хүч үзэхээр боллоо. Шинэ хааныг 15 гишүүнтэй парламент томилдог тогтолцоотой. Ингээд Хаан томилох болов. Харин яг энэ үед НҮБ шийдвэр гаргаж парламентын тал хувийг чөлөөлчихлөө. Тэдний бүрэн эрхийн хугацаа ч дуусч байсан. Мөн тус улсын ард иргэд ч чөлөөлөхийг шаардаж байв. Учир нь өмнөх хатан хаантай өвөр түрийндээ орсон. Иймд шинэ хааныг тэд дахин томилох аваас зүсээ хувилсан өөр нэг дүрийг л сонгоно гэж үзэж байв.

Бас нэг шалтгаан нь өмнөх хатан хааныг Ерөнхий сайд гэж үзвэл түүний кабинетийн 13 сайд ажлаа өгөөгүй үлдсэн асуудал. Ерөнхий сайд огцроход танхимын сайд нар дагаад огцордог нь наад захын ёс зүй. Иймд бүх сайд нарт хариуцлага тооц үгүй бол өөрсдөө огцор гэж ард иргэд парламентад шаардлага тавьсан юм. Парламент үүнийг огтхон ч хэрэгсээгүй учир иргэд НҮБ-д хандчихсан байлаа. НҮБ ч парламентын тал хувийг чөлөөлж, шинээр хүмүүс томилов. Ингээд MNB улсын шинээр бүрэлдэх парламент шинэ Хааныг томилох үлдлээ. Гэтэл юу болсон гээч. Аравхан хоногийн дараа ажлаа өгөөд явах хуучин парламентын гишүүд шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөхөөс өмнө шинэ жилийн үеэр гэв гэнэт хуралдаад Хааны томилгоог хийхээр болов. Юу болох нь энэ вэ гэж ард иргэд эсэргүүцэж, Хаантайгаа цаашид хамтарч ажиллах парламент нь түүнийг томилог, эргээд хянаг, дүгнэг гэж учирлаад тусыг эс олов. Гуйж гувшиж, шаардаж, жагсаж үзлээ. Үхсэн ч байсан хамаагүй Хааныг томилчихоод зайлна гэв. Цар тахал, хөл хорио, эсэргүүцлийг сөрж парламент хуралдав. Гүй ээ тэгвэл ядаж парламентын хуралдаанаа нээлттэй, ил тод явуулаад өгөөч ээ гэж хүслээ. Ард иргэдээс гадна ази номхон далайн орнууд гэдэг шиг "иргэний нийгмийн" холбооны 28 улсаас мөн ийм хүсэлт ирсэн юм. Гэтэл хаалгаа тас хаав.

Харуул хамгаалалтандаа дотоодын цэргийн 05-р ангийг дайчлав. Хуралдааны үүдийг сахиж суусан ард иргэдийн төлөөллийг дамжлах шахуу авч явж тараалаа. Ингээд парламентын хуралдааны гэх үү "хуйвалдааны" гэх үү шийдвэрээр Дэмбэрэл гэх шинэ Хаантай боллоо гэж Цагийн Хүрдээр зарлиг уншив. Хаан суудлын төлөө өрсөлдсөн бусад 16 нэр дэвшигчдээс хаалттай хаалганы цаана ямар жүжиг үзсэнээ ярьцгаасан. Угаасаа Дэмбэрэл гэх гол дүртэй байж. Ерөнхий найруулагч нь МАН гээч хүн байсан юм байх. За тэр нь ч дүүрч. Угаасаа тоглоомын дүрэм ийм. Хамгийн гол нь нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт хийгээд өгөөч гэсэн ард түмний хүслийг нулимж хаясанд бухимдав. Ядаж байхад яр гэгчээр шинэ Хаантан маань ажлаа дөнгөж эхлэхдээ MNB улсын иргэдийн өнгөрсөн хугацаанд яриад байсан үнэт зүйлийг үйлдлээрээ үгүйсгэв. Нөгөө "өндөрлөгүүд"-ийн нэгийг урьж аядуу зөөлөн харцаар ширтэн, нүцгэн шахуу ярилцав. Хаан шалдан байна гэж хаа сайгүй л ярьж байна. Их гүрний өмч биш, эгэл олны өмч, тусгаар тогтносон энэ улсын Үндсэн хуулийг зөрчиж, Оюутолгой гэх том ордыг гаднынхантай нийлж ухаад, өөр улсад үнэгүй бэлэглэчихсэн юм. За энэ ч дүүрч. Угаасаа тоглоомын улсад энэ мэт тохуурхал зөндөө гардаг. Хамгийн гол нь ард түмэн Дэмбэрэл байна уу, Сүмбэрэл байна уу бидэнд хамаагүй. Олон нийтийн гэх соёл иргэншилтэй улс мөн юм бол юуг ч нуух шаардлагагүй гэсэн зарчмаас ухраагүй юм.

Ингээд 10 хоногийн дараа ажлаа эхэлсэн шинэ Парламентад нээлттэй, шударга байх шаардлагаа дахин тавилаа. Бид судалж үзээд хариу өгнө гэж амлав. Амлалт өнөөдрөөр дуусч байна. Бид их юм хүсээгүй. Ард түмний дунд ардчилсан сонгууль зохион байгуулдаггүй байж болно. Ядаж хэн гээч хүн, юу гээч юм яриад Хаан болж буй процессыг л нээлттэй болгооч гэсэн. Мөн хорт хавдрын шалтгааныг эмчилж, энд тэнд үсэрхийлсэн хэсгийг тасдаж хаях гээд зарчим зарчим бас дахин зарчим гээд тэмцээд байгаа юм. MNB гэх нэг жижигрүүлсэн улсад төрийн тогтолцоо ийм байна. Монгол гэх ертөнц дээрх "социалист" лагерийн бүх улсад адилхан.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа. Үлгэр ярья!

Сэтгүүлч Б.Пүрэв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.