Ломбардууд иргэдийг мөлжиж байсан нь илчлэгджээ

Twitter Print
2015 оны 06-р сар 22-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-аас барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдсан байна.

Шалгалтаар барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд 7-30 хоногийн хугацаанд 3,5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5-иас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь илэрчээ.

Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газрууд нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг зөрчиж хэрэглэгчдийг хохироодог болох нь шалгалтаар  илэрсэн байна.

Тиймээс шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгахыг сануулжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.