АНУ дэлхийн эдийн засгийг доргиолоо

Twitter Print
2013 оны 12-р сар 20-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас гаргасан мэдэгдэл өчигдөр дэлхийн эдийн засгийг “доргиолоо”. Эдийн засгийн хямралын үед тус улсын төв банк эдийн засгаа аврахын тулд хэдэн зуун тэрбум ам.доллараар нь нийлүүлэлт хийж байсан юм. Өөрөөр хэлбэл, Төв банк нь дотоодын бондоо худалдан авах замаар эдийн засагтаа маш их хэмжээний мөнгө нийлүүлж, үр дүнд нь эдийн засгийн идэвхжлийг хангахыг зорьсон хэрэг. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. АНУ-ын эдийн засаг сэргэж, банкууд болон моргейжийн зах зээл сэргэж эхэлсэн ч ам.долларын ханш буураад байсан юм. Мэдээж аливаа зүйл асар их болохоороо үнэ нь унадаг “хууль” эдийн засагт бий. Энэ утгаараа АНУ-ын Холбооны нөөцийн банкны хамаа замбараагүй асар их /яг хэд гэдэг нь үнэндээ тодорхойгүй байдаг/ ам.долларын нийлүүлэлт үндэсний валютынх нь ханшийг унагаагаад байсан юм. Гэхдээ 2012 оны сүүлч, 2013 оны эхнээс АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засгийн хямрал илаарших хандлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төв банк бодлогоо өөрчлөх эсэх нь цаг хугацааны л асуудал болоод байсан юм. Энэ хүлээлт өчигдөр биелэгдлээ.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас цаашид эдийн засгийн идэвхжлийг тэтгэх бодлогоо аажмаар багасгана гэж мэдэгдлээ. Тус улсын төв банкны ерөнхийлөгч Бен Бернанке “АНУ-ын эдийн засаг эцсийн дүндээ заавал мөнгө нийлүүлж, дэмжих шаардлагагүйгээр хэвийн, тогтвортой байдалдаа шилжиж, ажилгүйдэл эрчимтэй буурч байна. Тиймээс төв банк цаашдаа эдийн засагт мөнгө нийлүүлэх бодлогоо аажмаар хумина” гэсэн юм. Уг мэдэгдлийн дараа ам.долларын ханш чангарч, Азийн голлох орнуудын хувьцааны зах зээл дээр өсөлт ажиглагдав. Тухайлбал, Японы “Никкей 225” индекс 1.7 хувь, Австралийн AXX200 индекс 2.0 хувиар өссөн юм. Түүнчлэн БНСУ, Индонезийн хөрөнгийн зах зээл дээр өсөлт гарлаа. Өөрөөр хэлбэл, дээрх мэдэгдэл зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бусад улс орнууд дахь хөрөнгө оруулагчдад итгэлийн оч болж байна. Хөрөнгө оруулалтын шинжээчид “АНУ-ын төв банкны шийдвэр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн” хэмээж байв.

Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл байж ч магадгүй. Цаашдаа боломжит нөхцөлийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг хумих болно гэдгээ Төв банкны ерөнхийлөгч Бен Бернанке мэдэгдсэн. Эхний ээлжинд ердөө 10 тэрбум ам.долларын таналт хийж байгаа. Төв банкнаас сар тутамд 85 тэрбум ам.долларын бондыг дотоодын зах зээлээс худалдан авдаг байсныгаа 10 тэрбум ам.доллараар танаж байгаа юм. Тус улсын эрх баригчид ирэх 2014 онд ч бас ажилгүйдлийн төвшин өмнө нь төлөвлөж байснаас илүү ихээр буурах боломжтой гэж харж буйгаа мэдэгджээ. 

Товчхондоо бол Америкийн эдийн засаг сэргэж байна. 2008 оноос эхлэлтэй 2009 он хүртэл эдийн засгийн гүн хямрал болсон. Үүний дараа 2010 онд эдийн засгийн хямрал илааршлаа гэж хөрөнгө оруулагчид үзэж байсан ч 2011 оноос Грекийн хямрал эхэлсэн. Грекээс эхлэлтэй евро бүсийн хямрал дэлхийн эдийн засгийг мөн л доройтуулсан юм. Санхүүгийн хямрал нь аажмаар явсаар 2012 оны сүүлчээр эдийн засагтаа нөлөөлж эхэлсэн. Үүний уршгаар БНХАУ-ын худалдан авалт буурч, нүүрсний үнэ ч хямдарч, манай улсын экспорт үнэгүйдэж, ам.долларын ханш өссөн билээ. Харин ирэх онд Евро бүс ч тэр АНУ ч тэр эдийн засгийн байдал харьцангуй дээрдэж, хэвийн гольдролдоо орно гэсэн хүлээлттэй байна. Өмнө нь зөвхөн таамаг дэвшүүлж байсан бол АНУ-ын төв банкны мэдэгдэл энэхүү таамаглал бодитой гэдгийг нотлоод өгөх шиг боллоо.

Цөөн хэдхэн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай манай улсын хувьд энэ нь яах аргагүй сайн мэдээ. Евро бүс сэргэвэл Хятад ч бас өмнөх шигээ худалдан авалтаа хийж, нүүрсний үнэ өсөх, тэр хэрээр манай экспортын орлого ч нэмэгдэх боломжтой. Гэхдээ нөгөөтэйгүүр манай улсын гаднаас авах ялангуяа ам.долларын зээлийн өртөг өсөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, АНУ-ын эдийн засаг сэргэх замдаа орсон учраас тэр хэрээр ам.долларын ханш чангарна. Харин манай улс ам.доллараар Чингис бонд гаргаад, олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалсан. Үүнийг эргүүлэн төлөхөд ам.долларын ханш чангарсан байвал тэр хэрээр дарамттай байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр шинээр ам.долларын бонд гаргахад хүрвэл хүү нь өмнөх шигээ хямд байхгүй нь. Эргэн санаж байгаа бол 2012 оны төгсгөлд евробүсийн санхүүгийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал дахин бий болох нь гэх айдас хөрөнгө оруулагчдын дунд бий болоод байсан.

Энэ далимыг ашиглан манай улс Чингис бондоо 4.1-5.1 хувь буюу тун боломжийн хямд хүүтэйгээр арилжаалж чадсан. Харин одоо Чингис бондын хоёрдогч зах зээлийн хүү 7-8 хувь болж өссөн. Тэр хэрээр ам.долларын өртөг нэмэгдсэн гэсэн үг. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр ирэх онд манай улсад орж ирэх ам.доллар багасах хандлагатай гэсэн үг. Нэг хэсэг хямралтай холбоотойгоор ам.доллар Америк болон бусад хөгжингүй орнуудаас гарч, хөгжиж буй зах зээлүүдэд төвлөрөх болсон. Харин одоо АНУ сэргэсэн учраас ам.доллар эргээд Америкийг зорино гэсэн үг. Харин манайд орж ирэх ам.доллар багассаар байвал төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар л байх болов уу. Энэ мэтээр олон улсын эдийн засгийн сэргэлт манай улсад сайн муу хоёр янзаар нөлөөлөх бололтой. Хэрвээ бид олон улсын эдийн засгийн байдлаас хамааралгүй болъё гэвэл дотооддоо үйлдвэрлэдэг болох цорын ганц л сонголт бий гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Нийтлэлч: Эрх судар

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.