Хувийн зохион байгуулалт сайжруулах 52 алхам

Twitter Print
2015 оны 06-р сар 21-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Сайхан амьдралыг хүсдэггүй хүн байхгүй. Харамсалтай нь хүн бүхэн хүссэн зорьсондоо үл хүрнэ. Яагаад гэдгийг нь тайлбарладаг олон хандлага бий. Удам угсааны нөлөө, хувь тавилан, өсөж бойжсон орчин, нөхцөл байдал, хувь хүнийх нь зан авир, эзэмшсэн мэдлэг боловсрол гээд тоочоод байвал тэнгэрийн одийг тоолохтой адил зүйл болно. Үнэнд арай ойр хандлага нь хувь хүний өөрийнх сонголт юм. Бүр тодруулбал өнгөрсөн болон одоо цагийн сонголт. 

Хүмүүн таны ирээдүй нь хувь тавилан буюу бурханы зурсан зургаар биш хувь хүний сонголтоор шийдэгдэнэ гэсэн үг. Харин хувь хүний сонголт бол хувийн зохион байгуулалтаас эхэлдэг. 

Хувийн зохион байгуулалт бол зөвхөн төлөвлөлт биш харин хэрэгжүүлэлт юм. Мэдээж мэдэхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүйн адил төлөвлөхгүйгээр хэрэгжүүлж чадахгүй. 

Хувийн зохион байгуулалт өдөр тутмын энгийн зүйлээс эхэлдэг. Ширээн дээр байгаа бичиг баримтууд, ажлын өрөө, гэр орны асуудал, утас факс, бичиг цаасны хадгалалт, номын сан, эрүүл мэнд болон санхүүгийн бичиг баримт, компьютерт байгаа мэдээллийн зохион байгуулалт зэрэг энгийн мэт олон зүйл та бидний өдөр тутмын гүйцэтгэлд нөлөөлдөг болохыг Ронни Эйзенберг, Кэйт Келли нарын бичсэн “Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам” ном гайхалтайгаар ойлгуулж чадна. 
Ном олон хэсэг бүлэгтэй боловч үндсэн санаа нь хүний ялалт, ялагдал нь гадны нөлөөллөөс илүү өдөр тутмын өөрийнх нь сахилга батад оршдог болохыг өгүүлдэг. Өөрийгөө ялах ялалт л хамгийн үнэн ялалт байдаг гэдэг. Энэ ялалт бол бидний сахилга бат, хувийн асуудлаа шийдэх чадвар, цагийн менежментэд тулгуурлана. 

Цагийн менежмент бол цаг бүрийн ард ажлаа төлөвлөх биш хийх ажлаа хэрэгжүүлэх хугацаатай зөв хослуулах чадвар юм. Үр дүнд нь та завгүй биш харин бүтээмж тань нэмэгдэх учиртай. Цагийн менежментэд “яарч хийснээс хийгээгүй нь өлзийтэй” гэсэн энгийн зарчим үйлчилдэг. Энэ нь юу ч битгий хий гэсэн үг биш, хийхээсээ өмнө сайн бод, сайтар төлөвлө гэсэн санаа. 

Өмнөө байгаа ажил бүхнийг барьж авч хийх биш юуг хийхээ болих вэ гэдгээс л таны ирээдүйн гэрэл гэгээ шийдэгддэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Яарсан хүн хурдан байлаа ч бүтээмж багатай. Яарсан хүн бодож тунгаахаасаа илүү сэтгэл хөдлөлдөө дулдуйдан шийдвэр гаргах магадлал өндөр. Энэ нь эргээд танийг эрсдэлд оруулах эхний алхам болдог. Харин өнөөдөр Монгол хаашаа ч харсан завгүй хүмүүсээр дүүрчээ. Юуны төлөө гэдгээ ч мэдэхгүй нэг хэсэг нь яарч байхад нөгөө хэсэг нь юу ч хийлгүй цагийг хий дэмий өнгөрүүлнэ. Завгүй байгаа нь ажил их байгаадаа биш ажлаа хуваарилж чадахгүй байгаатай холбоотой. 

Цаг нь ажлаа биш ажил нь цагаа удирдах учиртай. Ингэж чадвал “яаралтайн” гайт эргүүлгээс гарах боломжтой билээ. Ажлын төлөвлөлт бол энгийн нэг календарьт ажлаа бичих биш гэр бүл, эрүүл мэнд, ажил төрөл, хувийн санхүүгээ хүртэл цогцоор нь харж зохион байгуулах нь чухал болохыг энэ номын зохиогчид онцолж байна. 

Ингэж чадвал хувийн зохион байгуулалт сайжирна. Хувь хүний бүтээмжийн хувь нэмэгдэнэ, хувь хүний амьдралын чанарын хувь нэмэгдэнэ. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэсэн мэргэн үг бий. Өөрийгөө ялахыг хүсвэл дээрх номын агуулгатай сайтар танилцаарай. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.