“Зургаан залуу заан”-ы онцгой төлөөлөгч улсын аварга Д.Сумъяабазар

Twitter Print
2018 оны 07-р сар 07-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг. Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Нэгэн үед зургаан залуу заан төрийн их баяр наадмын бөхийн барилдааны чимэг нь байлаа. Тоолбол нас чацуу, өөрийн гэсэн барилдааны уран чадварыг эзэмшсэн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбат, Арханай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Д.Сумъяабазар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Б.Ганбат, Увс аймгийн Хяргас сумын харьяат Б.Гантогтох, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьят Ц.Цэрэнпунцаг нар үнэхээр торгон ногоон дэвжээг хотолзуулан барилдаж, наадмын чимэг нь байсан гэдгийг одоо ч Монгол түмэн дурсан ярьдаг.

Зургаан залуу заан хамгийн сүүлд 2000 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар заан цолоороо дуудуулан барилджээ. Тэр цагаас хойш багтаж ядаж байсан “заан” цолоо бүгд ахиулж, улсын аварга, арслан, гарьд цолыг хүртсэн. Гэвч “зургаан залуу заан” гэсэн нэр нь ард олны сэтгэлд хоногшин үлджээ.

Үзэгчдийг судлаас нь өндөлзтөл мэхийг угсаруулан хийж, Монгол бөхийн гайхамшиг бүрийг мэдрүүлсэн зургаан залуу заанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьят, Монгол улсын манлай заан Долгорсүрэнгийн хүү Сумъяабазар хамгийн олон удаа наадамд үзүүрлэжээ.

Д.Сумъяабазар аварга 2006 онд Ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн барилдаанд 1024 бөх барилдахад арав давж түрүүлсэн. Түүнээс өмнө 1999, 1999 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэд, 2003, 2005 онд дархан аварга Г.Өсөхбаярт наадмын есийн даваанд өвдөг шороодсон юм.

Өврийн сайхан хангайгаас төрөн гарсан хоёр дахь улсын аварга (эхнийх нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох) Д.Сумъяабазар 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав нь улсын манлай заан Донровын Долгорсүрэн гэдгийг уншигч та бүгд андахгүй билээ. Бөх хүний хүүхэд удам залган бөх нь жирийн үзэгдэл. Харин Д.Сумъяабазар аавынхаа цолыг ахиулж, улсдаа нэртэй аварга болсон.

Нийтлэлийнхээ эхэнд зургаан залуу зааны тухай дурсан санагалзсан нь учиртай. Монгол бөхийн утга учрыг мэдрүүлж, гал оч манаргасан гайхалтай сайхан барилдааны эзэд нь зургаан залуу заан байлаа. 2000 оны улсын наадмыг эргээд дурсахад долоогийн даваанд эрэмбын дагуу дархан аварга олон жил зүлэг ногоон дэвжээнд хүчийг үзэж явсан, дотно нөхөр улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг, улсын заан Ц.Цэрэнпунцаг улсын заан Б.Гантогтохыг, улсын заан Г.Өсөхбаяр заан цолтойгоор анх удаа наадамд барилдаж буй Б.Ганбатыг амлан авч, улсын заан А.Сүхбат, улсын заан Д.Сумъяабазар нарыг хэн ч амлалгүй тунан үлдсэн.

Нүд салалгүй ширтэх үзэгч олон чухам энэ л даваа, энэ л барилдаануудыг тэсэн ядан хүлээж, наадмыг хоног тоолон суусан нь дамжиггүй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хаяж сурсан арслангаа даваад туг тойрлоо. Одоо шижгэнсэн зургаан залуу зааны хэн азтай, одтой нь цолоо ахиулах боломж гарч ирлээ. 2000 оны наадам байтугай, цаашид олон арван жил яригдах гайхалтай барилдаан А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын хооронд болсон.

Ард олондоо “жижиг” хэмээн алдаршсан А.Сүхбат заан Д.Сумъаябазарт өмнөх наадамд унаад байсан. Харин энэ удаа даагаа нэхэх сайхан боломж гарч иржээ. Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээний голд өрсөн зогсож буй хоёр бөх нэг хэсэг тогтуун тайван өрж байгаад баруун талаараа дан шуудагны барьцтай золгоод авсан. Харин тэрхэн агшинд Д.Сумъяабазар зааны зүүн гар сул ганхах мөчид А.Сүхбат гар ачаа хийж, өрсөлдөгч бөхөө давсан. Гар ачаа мэх бол бөх хүнээс маш их ур чадвар шаарддаг мэх билээ.

Ийнхүү хэсэгхэн зуур анхаарал алдсан мөчийг нь А.Сүхбат өршөөсөнгүй, Д.Сумъяабазар наадамд түрүүлэх хүслээ дахин нэг жилээр хойшлуулсан. Тэр наадмаас хойш Өвөрхангайн залуу заан маань 2003, 2005 онд хоёр удаа үзүүр түрүүнд үлдэв. Гэхдээ хоёуланд нь нэгэн үед гарч ирсэн хүчит аварга Г.Өсөхбаярт унасан.

Ингээд 2006 онтой золголоо. Их Монгол улс байгуулагдсны 800 жил, Ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдахад Д.Сумъяабазар гурвын даваанд аймгийн начин М.Баярсайханыг, дөрөвт аймгийн начин Т.Эрдэнэтуулыг, тавд аймгийн арслан Б.Бадамдоржийг, зургаад цэргийн арслан Т.Цогзолдоржийг, долоод улсын харцага Г.Элбэгийг, наймд улсын заан Б.Ганбатыг, есийн өндөр даваанд улсын аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан. Есийн давааг онцолсон нь Д.Сумъяабазар үүнээс өмнө дөрвөн удаагийн наадамд есийн даваанд унаж байсан.

Улмаар арвын даваа буюу үзүүр түрүүнд шинээр улсын арслан цолны болзол хангасан тэр жил улсын начин цолтой барилдсан Д.Азжаргалыг дасаж сурсан хонгодох мэхээрээ давж, шууд улсын аварга цолонд хүрсэн.

Монгол үндэсний бөхийн барилдаанд сэтгэл зүрхээ зориулж, өөрийн бүхий л амьдралаа өгсөн спортын төрлийнхөө оргилд нь хүрч аварга цолыг хүртсэн Д.Сумъяабазар нь хонгодох, шуудагдаж татах, хавсрах мэхийг чадамгай хийдэг.

Арав гаруй жил наадмын зүлэн ногоон дэвжээн дээр барилдахдаа 2006 онд арав даван түрүүлснээс гадна 1998, 1999, 2003, 2005 онд үзүүрлэн, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онд есөн удаа шөвгөрчээ.

Мөн өсөх идэр, үлэмж, бадрах, саруул сайжрах, хурдан шаламгай, хууринан шуугигч, уран барилдаант, үнэн зоригт, цогт гарамгай, өлзий бадрах, бууршгүй хүчит, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, улсын аварга хэмээх чимэг, цолыг хүртсэн билээ.

Үүний зэрэгцээ Д.Сумъяабазар аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт барилдаанаар хичээллэж, 1996 онд Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Мөн “Атланта 1996”, “Сидней 2000” зуны Олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцож байлаа.

2000 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувсгалын 79 жилийн ойн бөхийн барилдааны тойм

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.