Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг

2017 оны 03-р сар 15-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 20: Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг

1. Чойрын Богд уул

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

Үүнээс гадна ууланд олон төрлийн зураг дүрс, бурхан зэрэг байдаг. Нутгийн ардууд энэ уулаа гадны зочин гийчинд сайн байдаг гэж үздэг тул энэ нутагт ирсэн гадна дотны зочид уул руу ихээр гардаг байна. Ууланд гарахад ойр орчмын газрууд цэлийн харагдах нь гайхалтай. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.

 2. Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ.

Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Эдгээр хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл олныг туурвижээ. Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн хөгжлийг даган гар урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байв.  Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг. Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсан. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг.

Зүүн Чойрын хийдийн тав дахь хамба лам нь “Лам эрдэнэ” хэмээн алдаршсан Гончигдамбил гэдэг хүн байсан бөгөөд үлэмж их увидас чадалтай хүн байжээ. Тэрээр өөрийнхөө хөргийг бурханчилж зурсан бөгөөд хожим өөрийнх нь гэрийг шатаахад буурин дээр нь ямар ч өө сэвгүй зүв зүгээр үлдсэн байсан гэдэг. Тэрхүү хөрөг нь одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна. Тус хийдийн туурийг 1993 онд улсын хамгаалалтанд авчээ.

3. Цагаан дарь эх

Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. 19-р зууны эхэн 1820-иод оны үед бүтээгдсэн энэхүү бурхны сийлбэр нь боржин чулуун хадны элгэн биеэс ургуулж өндрөөшөө долоон тохой хагас /нэг тохой  нь 32 см/ талбайд товойлгож сийлсэн. 

1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.

Хүслийн хад: Цагаан дарь эх бурханы арын хананд орших бөгөөд хадан дунд яг хүний толгой багтах нүхийг зориуд хүмүүс гаргасан юм шиг байдгаараа нилээд өвөрмөц дурсгал юм. Уг хадны нүхэнд нь толгойгоо шургуулан нэг л хүслээ шивнэвэл хүсэл нь биелдэг гэж нутгийн ардууд үздэг байна.

1938 онд Дарь Эх нэгэн зуун арван насан дээрээ зул хүж, хадаг мандалаа хураалгаж, тахилч лам нь яаманд баривчлагдаад таалал төгсчээ.

 4. Дагвасүндэл бурхан              

Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв. Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэжээ.

Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй.

Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ. Эдүүгээ энэ бурханыг нутгийн ардууд  “Эрэгтэй хүн тахин шүтдэг” хэмээн дээдлэн шүтсээр байгаа билээ.

Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба уг бурхны нэр нь Даа чаг сүн сон юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт гэсэн бурхдын нийлбэр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Очирваань бурхны орой дээр Хаянхирваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу байрладаг юм. Бурхны тарни нь УМ БАЗАР ВААНИ ХАЯНХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх бөгөөд энэ тарнийг уг бурхны доор бичжээ.

Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.

5. Хүүхдийн овоо

Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийн ард энэхүү хүүхдийн овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд энэ овоонд сүслэн мөргөж тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог гэж үздэг.

6. Дугар мээрэнгийн хөшөө

7.Цоорхойн рашаан

Чойрын Богд уулаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар дотор эрхтэнд сайн Цоорхойн рашаан байдаг. Тус рашаан нь өвөл зунгүй урсан гарч байдаг бөгөөд дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэйгээ оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхээн алд яваад л газартаа шургачихна. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Уг рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авсан байна.

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.