Гацууртын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төсөл уналаа

Twitter Print
2015 оны 06-р сар 18-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.18.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэнГацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун, М.Батчимэг нар үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 32 нь буюу 68.1 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал өгсөн юм. Иймээс Улсын Их Хурлын дарга уг тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж, эцсийн найруулгыг сонслоо.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ.

Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг өнөө хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцын түвшнээр буурч байгаа аж. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурал ийнхүү дэмжиж баталлаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Иймээс газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийг гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Засгийн газар уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан үл маргах журмаар асуудлыг шийдэх нь Үндсэн хуультай зөрчилдөхөд хүрэх эсэхийг тодруулахад Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн үг, үсгээрээ бол Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзсэн учраас үүнийг зөөлрүүлж одоо практикт хэрэглэж байгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлахаар тусгасан тул Үндсэн хуулийн зөрчилгүй болсон гэдгийг хэлсэн юм.

Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул байнгын хороо хуралдах боломж олгох үүднээс чуулганы үдээс хойших хуралдааныг завсарлууллаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.