Ордыг ашигласнаар манай улсад орох ашгийн талаар гишүүд ярилцав

Twitter Print
2015 оны 06-р сар 18-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ хоёр өдрийн хуралдаанаар нийт 23 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулсны дараа УИХ-ын дарга З.Энхболд зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр чуулганы хуралдааны дэгийг зөрчсөн гэсэн гомдол ирсэн гээд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн байр суурийг илэрхийлсэн Д.Хаянхярваа гишүүний үгийг гишүүдэд дуулгасан юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг хууль санаачлагчид буцаадаг. Гэтэл дэгийн хуулийн энэ заалтыг хурал даргалагч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зөрчиж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байх үе шатанд УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн "Өөрөө санал хураалтад байж чадаагүй, хоцорсон" гэх горимын саналаар дахин санал хураалгаж, буцаагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй гэсэн саналыг хүчингүй болгосон гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын бүлгээс ирүүлсэн албан бичгийн дагуу УИХ-ын Тамгын газраас тодорхойлолт гаргуулсан гэлээ. Тэрбээр, өөр асуудлыг хэлэлцэж байх явцад өмнө нь хэлэлцээд дууссан асуудлаар санал хураалт явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид анхааруулсан юм. Ингээд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй бол санал хураалт дууссанаар тогтоол батлагдсанд тооцогддог болохыг сануулаад Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор асуудлыг эцэслэлээ. 

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уг хуулийн төсөл нь Үндсэн хуультай зөрчилдөхөөр байгаа тул хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн талаар ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй, мөн эрүү, иргэний хэргийн дагнасан шүүх байх хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр шүүхийг хуулийн төсөлд тусгаснаар байгуулах нь шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг холдуулсан, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, удаан хугацаагаар хоригдох зэрэг нөхцөл байдлыг бий болгохоор байна, УИХ-ын гишүүн Д.Ганбат Үндсэн хуулийн цэц одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болохоор шийдвэрлэсэн байгаа тул УИХ энэхүү хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталж, шүүх эрх мэдлийн байгууллагын хэвийн ажиллах эрх зүйн орчинг нь бүрдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн Д.Ганбат гишүүн танилцуулгадаа дурдсан.

Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Дараа нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан юм. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гарсангүй. Ингээд Үндсэн хуулийн цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу цэцийн дүгнэлтийг сонссоноор асуудлыг хэлэлцэж дуусав.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаарх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д ирүүлжээ.

Д.Даваа нь Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзсэн аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах саналыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цолмон танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн нийгмийн болоод орон байрны асуудалд анхаарал хандуулж ажиллахыг сануулж байлаа. Цэргийн алба хааж нэг ангиас нөгөө цэргийн ангид томилогдон нүүсээр яваад өөрийн гэсэн орон байр ч үгүй тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдрал тэтгэвэрт гарсны дараа хэцүүддэг болохыг Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд хэлсэн. Түүнчлэн гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцож явахдаа байгаль цаг уурын нөлөөнөөс бол амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг анхаарах хэрэгтэй хэмээж байсан юм.

Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал нь “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Засгийн газраас уг төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулав. Тэрбээр, Засгийн газраас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 56 дугаарын захирамжаар Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээг 2015 оны 3 дугаар 25-наас хойш 2 сарын хугацаанд хийлээ хэмээсэн.

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж сайд хэлсэн.

Эдийн засгийн хороо дээрх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулав. Тэрбээр, Тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Г.Уянга цэвдэгийн судалгаа болон байгаль орчны үнэлгээ хийлгэх, УИХ-ын гишүүн Д.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Ганхуяг нар хуулийн төслийг дэмжиж байна, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар эзэмших шаардлагагүй, нөөц ашигласны тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх хэлбэрээр авах нь эдийн засгийн үр ашгийн хувьд илүү ашигтай, гишүүн С.Одонтуяа уул уурхайн ордуудыг үнэ цэнтэй болгох, нөөц ашигласны тусгай төлбөрийг ард иргэдэд ойлгуулж тайлбарлах хэрэгтэй, гишүүн Ц.Даваасүрэн, хууль эрх зүйн орчин харилцан ашигтай биш байгаа тохиолдолд уг ордыг ашиглах шаардлагагүй, Засгийн газарт буцаах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн гишүүдэд уншиж сонсгосон юм. Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн.

Ордыг ашигласнаар манай улсад орох ашгийн талаар гишүүд лавлаж байлаа. Тус ордыг ашиглалтад оруулснаар Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 265.6 сая ам.доллар болно. Төслөөс нийт 451.6 сая ам.долларыг татвар хэлбэрээр авах бөгөөд үүний 139.4 сая ам.доллар нь ашигт малтмалын нөөц ашигласны, 57 сая нь орлогын албан татвар байна хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид хариулсан.

Түүнчлэн гишүүд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар эзэмших, нөөц ашигласны тусгай зөвшөөрлийг авахын ялгааг тодруулсан. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хариулснаар, яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлсэн. Харин яриа хэлэлцээний үр дүнд 3 хувийг тусгай төлбөрт авахаар тогтоод байна. Төр 34 хувийг эзэмшээд явсан тохиолдолд 254.3 сая ам.доллар манай улсад ногдох бол 3 хувийн тусгай төлбөрийг авсанаар 265.6 сая ам.доллар авахаас гадна үйлдвэрлэл эхлэнгүүт татварууд шууд улсын төсөвт орж, ингэснээрээ эдийн засагт нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа хэмээн сайд хэллээ.

Гишүүдийн асуулт, хариулт үргэлжилсээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хэлэлцүүлэг үдээс хойшх хуралдаанаар үргэлжилнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.