Мөөгийг хоолонд хэрэглэх нь

2016 оны 09-р сар 17-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Мөөг нь хялбар гэмтдэг тул түүнийг түүсэн даруйдаа хатаах буюу давслах хэрэгтэй. 

Хатаах арга

Хатаахдаа цагаан мөөгийг сайн, муугаар нь ялгаж шороог нь арчиж цэвэрлээд жижгийг нь бүтнээр, томыг нь нимгэн зүсэж цэвэр утсанд хэлхэж газраас хөндий хатаана. Хатаах мөөгийг усаар угааж болохгүй. Түүнчлэн мөөгийг  шарах шүүгээнд хатааж болно. Ингэхдээ тэвшин дээр мөөгөө тарааж хийгээд 30-50 хэм халаасан шүүгээнд хийж хаалгыг нь хагас онгойлгоод жигд хатаана. Дээрх температураас илүү халаавал мөөг хорчийж харладгийг анхаарах хэрэгтэй.

Давслах арга

Мөөгийг давслах халуун, хүйтэн арга гэж бий. Халуун давсалгаа хийхдээ мөөгөө ангилж хүйтэн усаар угаасны дараа давстай халуун усанд хийж 15-18 минут чанаад шүүн авч хүйтэн усаар дахин зайлна. Ариутгаж цэвэрлэсэн савны ёроолд давс цацаж мөөгний малгайг нь доош харуулан 5-8 см үелүүлэн өрж үе бүрт амт оруулагч, давс цацна. Ингээд саваа дүүрмэгц цэвэр даавуугаар бүтээгээд савны амсраар чөлөөтэй багтах таг тавьж хүндрүүлэгчээр дарна. Ингэж халуун аргаар давсалсан мөөгийг сэрүүн газар 25-30 хоног хадгалсны дараа хүнсэнд хэрэглэж болно. 10 кг мөөгийг халуун аргаар давслахад давс 500 г, ус 100 мл, түүнчлэн лаврын навч, сонгино орохоор баримжаалж болно.

Хүйтэн аргаар давслахдаа мөөгийг цэвэрлэж угаагаад чанахгүйгээр дээрхийн адил саванд хийж 5-8 см үелүүлэн өрж үе бүрийн завсар давс, амт оруулагч цацна. Савыг дүүрмэгц цэвэр даавуугаар бүтээгч таглаад ариутгасан хүндрүүлэгч тавина. Хүндрүүлэгч нь тоосго, төмрийн зүйл байж болохгүй. Савны таг нь амсрын дотуур чөлөөтэй багтаж байх ёстой. 2-3 өдрийн дараа мөөг доош сууж шүүс ялгарч зай гарахад дахин мөөг нэмж агаар нэвтрэхгүй нягт болгон дарж дээрээс нь 4-5%-ийн давсны уусмал хийгээд саваа таглана. Ингэж давсалсан мөөгийг 45 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болох ба цаашдаа хасах 2-оос нэмэх 2 хэмийн зоорь, байранд хадгална. 10 кг мөөгийг хүйтэн аргаар давслахад орох давс, ааг амттаны хэмжээ халуунаар давслахтай адил байна.

Цуужуулах арга

Талын цагаан мөөг, барзгар хусандай, тослог шар зэрэг ойн мөөгийг  цуужуулах аргаар боловсруулж болно. Цуужуулах мөөгийг хэмжээгээр нь ангилж угаагаад зэвэрдэггүй металл саванд хийж дараах аргаар цуужуулж дарна. Мөөгийг амт оруулагчийн хамт усанд зөөлөн галаар эхэлж буцалж эхэлснээс хойш 15-25 минут чанах ба мөөгний анхны өнгийг алдагдуулахгүйн тулд чанаж буй усандаа нимбэгний хүчил нэмж болно. Чанах явцад гарсан хөөсийг нь хамж байх хэрэгтэй. Чаналтын төгсгөлд цуу нэмж гал дээрээс гаргаад хөргөөнө. Дараа нь мөөгөө урьдчилан сайтар ариутгаж цэвэрлэсэн шилэн саванд хийж битүү таглана. Мөөгний шүүс нь савласан мөөгний жингийн 20%-иас хэтрэхгүй байхаар мөөг, шүүсний харьцааг тохируулна.

10 кг цагаан мөөгийг цуужуулахад давс 500 г, цуу 60 мл, нимбэгний хүчил 3 г, лаврын навч 2 ширхэг, үрлэн повоор, шанц, лиш тус бүр 1 г орохоор баримжаална. 

Дээрх аргуудаас гадна талын цагаан мөөг, идэшний бөөндий, идэшний чидмэг, ногоон чидмэг, улбар сархиаг, улиангарын таахай, хэврэг чидмэг, эгэл тосондой зэрэг ойн мөөгийг түүсэн даруйдаа шинээр нь шарах, чанах зэргээр дангаар нь буюу хоолны хачир, хольц байдлаар хэрэглэж болно.



МӨӨГТЭЙ ХООЛНЫ ЖОР

Мөөгтэй хар шөл

Хонины сайн чанарын махыг нимгэн хавтгай жижиг хөшиглөж ясны тунгалаг шөлөнд хийж буцалгана.

Шинэ мөөгийг сайн угааж цэвэрлээд жижиг хавтгай хөшиглөнө. Хатаасан мөөгийг урьдаар бүлээн усанд дэвтээгээд шинэ мөөгний адил хэрчинэ. 

Буцалж буй шөлөнд хэрчсэн мөөгөө хийж оргитол буцалгаад давс, халуун ногоогоор амт тохируулж бэлэн болгоно. 

Нэг таваг шөл бэлтгэхэд мах 250, шинэ мөөг 30 г  орно. 

Энэ шөлийг пүнтүүзтэй бэлтгэж болно.

Мөөг, ногоотой хуурга

Махыг нимгэн хавтгай хэрчинэ.

Төмсийг жижиг дөрвөлжин хэрчиж тосонд шарна.

Шар лууван, манжин, сонгиныг жижиг дөрвөлжин хэрчинэ.

Мөөгийг шинэ бол бүлээн усанд угаагаад сайн дэвтээсний дараа жижгэвтэр хэрчинэ. Нөөшилсөн мөөгийг бол  шууд жижиглэн хэрчинэ. 

Махыг манжинтай хамт хуурч болохоос нь 20 минутын өмнө төмс, мөөг, амт оруулагчийг хийнэ.

Улаан лоолийн нухаш, шар лууван, сонгино, саримсыг тусад нь хуурч хуургандаа нэмнэ. 

Хуурга бэлэн болмогц төмсний гурилаар өтгөрүүлсэн сүмс нэмж хутгаад таваглана.

Энэ хуургыг мөөг, төмстэй буюу мөөг, пүнтүүзтэй хийж болно. Бэлтгэх арга нь адил бөгөөд нэг таваг хуурганд ойролцоогоор 130-200 г мах, 25-50 г мөөг, 30-40 г төмс, 30-40 г пүнтүүз орохоор баримжаална.

Нийтлэлч Ж.Октябрь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.