Уялган голын ууган аварга Ж.Цэвээнравдан

Twitter Print
2018 оны 06-р сар 25-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг. Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Хөвгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвнөөс улсдаа алдартай гурван дархан аварга, нэг улсын арслан, нэг улсын гарьд төрөн гарчээ. Уул усаа шүтэн тахидаг Монголчууд бид үүнийг машид билэгшээдэг.

Уялган голын ууган аварга Жамсрангийн Цэвээнравдан 1918 оны Шар морин жил хуучнаар Сайн ноён хан, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төржээ. Бага насандаа бусдаас ялгарах онцгой шинжгүй, жирийн нэг өсгөлүүн биетэй хүүхэд байлаа. Бүр хожим 19 настайдаа Уялганы их овооны тахилга наадмын бөхийн аманд гарсан гэдэг.

Тухайн үед олноос онцгойрох амжилт үзүүлээгүй ч нутгийн ахмадууд нь сайн бөх болно хэмээн урам хайрлажээ. Үүний дараа Хан-Уулын овоо тахих наадамд З.Гонгор заантай үзүүр түрүүнд үлдсэн. Хоёр удаа барилдаж, түрүүлсэн Ж.Цэвээнравданг цэрэгт татжээ.

1938 онд цэргийн албанд мордож, Байшинтийн цэргийн ангид алба хаасан аж. Гэвь Хөвч тайгын хүү Ж.Цэвээнравданд Говь талын агаар ус таараагүй учир бие нь муудаж эмчийн магадлалаар нутаг буцжээ. Энэ нь түүнд завшаан болж нутаг орох замдаа Улаанбаатар хотоор дайран өнгөрсөн. Энэ үе долоодугаар сар байсан бөгөөд улсын наадам үзээд нутаг буцсан байна.

Ийнхүү цэргийн албанаас нутаг буцсан, эргээд цэрэгтээ ирсэн он жилүүд буюу 1938, 1939, 1940 онд улсын наадамд зодоглоогүй. Харин улсын заан До.Содномын ачаар Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадамд барилдахаар болжээ. 1941 оны наадмын өмнө дархан аварга Б.Түвдэндорж, улсын арслан Ө.Чүлтэмсүрэн, Г.Цоодол, С.Самданжигмэд, улсын начин Г.Наваан, С.Намжаа нартай бэлтгэлд гарчээ.

Энэ залуу бөхөд барилдааны ур чадвар, арга туршлагаа ахиулахад дэм болж, тухайн жилийн наадамд гурав давсан аж. Харин үүний дараа жилийн наадамд шууд долоо давж, улсын заан цол хүртсэн байна. 1921 оноос хойш нэг түрүүлж, улсын аварга цол хүртсэн цөөнгүй бөхчүүд байдаг. Тэдний нэг нь Ж.Цэвээнравдан билээ.

1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадамд 1024 бөх зодоглож, Ж.Цэвээнравдан арав даван түрүүлэв. Ингэхдээ зургаагийн даваанд улсын арслан Т.Балсанг, долоод улсын заан Д.Очирыг, наймд нутгийн хүчит арслан Ц.Бадамсэрээжидыг, есийн даваанд дархан аварга Ш.Батсуурийг, үзүүр түрүүнд дархан аварга Б.Түвдэндоржийг өвдөг шороодуулжээ.

Үнэхээр аз, од гийсэн бөхийг ямар ч мундаг аварга зогсоож чадахгүйн жишээ энэ аж. Улсын аварга цол хүртсэн Ж.Цэвээнравдан ид үедээ дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамьян, Ц.Чимэд-Очир, улсын арслан Т.Балсан, Г.Цоодол, Ц.Бадамсэрээжид, П.Аюуш, Ө.Эрдэнэ-Очир, улсын заан Дэ.Содном, Д.Ванчинсүрэн, Б.Жанчивдорж, Ц.Санжаа зэрэг шилдэг бөхчүүдийг улсын наадамд давж байлаа.

Харин дархан аварга Ш.Батсуурьт 3, даян аварга Ц.Чимэд-Очир, улсын арслан С.Самданжигмэд нарт 2 удаа өвдөг шороодсон нь нэг бөхөд хамгийн олон удаа унасан тохиолдол болжээ.

Гэхдээ улсын аварга Ж.Цэвээнравдан наадамд түрүүлсний дараа жил нь гар хуруу, ууц нуруундаа хүнд гэмтэл авснаас болж, ид барилдаж явах нас буюу 34-тэйдөө зодог тайлсан нь амжилтанд нь сөргөөр нөлөөлсөн аж.

Түүнтэй хамт олон жил барилдаж явсан нэгэн үеийн бөхчүүд нь дурсан ярихдаа улсын арслан Ц.Бадамсэрээжид “Ж.Цэвээнравдан шиг цэвэрхэн гоё ганган бөх их ховор байлаа. Гэдэс байхгүй, засуул дээрээ зогсож байгааг нь харахад цэх шулуун гацуур шиг л байдаг байсан” гэжээ. Мөн улсын арслан С.Самданжигмэд “Ж.Цэвээнравдан бяртай, зоригтой бөх байлаа. Угсруулаад тонгороход нь газар ногооноор эргээд явчихдаг байж билээ” гэсэн билээ.

Наадамд зодоглохоор гарах гэж буй бөхчүүдийн дунд Ж.Цэвээнравдан аварга олон хүрэн тэмээн дунд буй ширээ цагаан ат шиг харагддаг байсан тийм өндөр гуалиг нуруутай, өв тэгш биетэй, сүрлэг сайхан бөх байжээ. Тэрээр улсын наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, арван удаа шөвгөрчээ.

Мөн улам нэмэх, бат хүчит, хурдан гарамгай, үнэн хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, харилтгүй хүчит, улам баясуулагч, улсын аварга чимэг, цолыг хүртсэн аж.

Монгол улсын аваргууд цол хүртсэн дарааллаар

1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын аварга Г.Вандан

2. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат улсын аварга Г.Самдан

3. Архангай аймгийн Цахир сумын харьяат даян аварга Н.Жамъяан

4. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат дархан аварга Ш.Батсуурь

5. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат даян аварга Ц.Чимэд-Очир

6. Булган аймгийн Хангал сумын харьяат дархан аварга Б.Түвдэндорж

7. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ж.Цэвээнравдан

8. Хөвгсөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин

9. Булган аймгийн Сайхан сумын харьяат даян аварга С.Цэрэн

10. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат

11. Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх

12. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ч.Бээжин

13. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох

14. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын аварга Д.Хадбаатар

15. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ

16. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням

17. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга А.Сүхбат

18. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр

19. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар

20. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат

21.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр 

22. Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.