Монгол үндэстний уламжлалт нарийн идээ

Twitter Print
2018 оны 07-р сар 13-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Монгол үндэстний уламжлалт нарийн идээ гэдэг нь сайн чанарын нарийн гурил, шар тос, сүү, чихэр, бурам зэргээр найруулан хийсэн бөгөөд хүндэтгэл ёслолын идээний чимэг буюу тусгай хувь хишигт хэрэглэхээр хийж байсан зүйл болно. Харин одоо монголчуудын уламжлалт нарийн идээг хийх нь бүү хэл нэрийг нь ч мэдэхгүй шахам болжээ. Иймд монгол үндэстний мартагдаж буй нарийн идээний талаар Я. Цэвэл зэрэг ахмад судлаачдын бичиж үлдээсэн баримт, сэлтэд тулгуурлан уншигч танаа толилуулж байна.

Жавга

Дээд зэргийн чанартай гурилыг чихэртэй сүүгээр өтгөн зуурч сайн нухаад тохирох хэмжээгээр жижиг хэсгээр хэрчиж түүнийгээ сайн нухаж нийцүүлэн бөөрөнхий болгосны дараа хавтгайлан элдээд тэр дугариг хэвээр нь буюу эсвэл түүнийгээ хоёр захаас дотогш гурав, дөрвөн давхар болгон эвхэж өө сэвгүй ширмэн хайруул дээр тавьж эргүүлж тойруулан цэврүү суулгахгүйн тулд дээгүүр нь өөгүй хавтгай модоор зөөлөн давтаж цохилон хайрч болгоно.

Заврай

Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр өтгөвтөрхөн зуурч сайтар нухаж нийцүүлэн цувиад тохирох хэмжээгээр хэрчин хэсэглэж тэр хэсгээ сайн нухаж бөөрөнхийлөөд нимгэвтэр элдэж нүүрсний цог дээр жигд халаасан ширмэн хайруул дээр эргүүлж тойруулан тавьж цэврүү суулгахгүй, хөөж бэмбийлгэхгүйн тулд хавтгай модоор зөөлөн цохилж давтсаар болгоно.

Ройд

Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр маш өтгөн зуурч сайн нийцтэл нухаж цувиад тохирох хэмжээгээр хэрчин хэсэглээд тэр хэрчсэн хэсгүүдээ сайтар нухаж бөв бөөрөнхий болгон дарж, зузаан товхгорхон элдэж, жигд халаасан ширмэн хайруул дээр тавьж хавтгай модоор цохилон давтаж болгоно.

Сэмбишаа

Гурилыг шар тос, чихэртэй сүүгээр нэлээд шингэн зуурч халуунд бөөгнөгдүүлэн бага зэрэг исгээд, түүнийг сайн хутгаж жигдрүүлэн төмөр гуурс бүхий цэвэр  даавуу хүүдийд хийж буцалж буй шар тосонд мушгин шахаж хэсэг хэсэг цагираг маягаар таслан гоожуулж хийнэ.

Багуур

Сэмбишаа хийж байгаа гуурс бүхий хүүдийтэй гурилан зуурмагаас буцламгай тосондоо нэг шахан гоожуулаад тасалж дахин дахин шахах зэргээр хийнэ.

Бадаас

Бага шиг усанд чихэр хийж хайлуулаад усыг нэлээд ширгэтэл буцалгаж балгүй саванд хийгээд хөргөөнө. Дараа нь түүнийгээ нүүрсний цог дээр тавьж балгүй зүйлээр тасралтгүй хутган буцалгасаар чихрийн хувь хөөс болохын хамт цэвэр даавуу мэтэд тохирох хэмжээгээр таслан асгаж царцааж хийнэ.

Цагаан бурам

Чихрээр хийсэн татмал бурам юм. Балгүй саванд элсэн чихрийг усанд уусгаж хайлаад дээр нь шар тос ахиухан хийж хуурсан нарийн гурил хольж хутган буцалгасаар усан хувийг ширгэж дуусмагц савтай нь гаргаж бага зэрэг хөргөөд хүрээ бүхий дэлгэц дээр цаас дэвсэн дээр нь асгаж жигд тараан царцаана. Ингээд сайн царцаж биежмэгц тохирох хэмжээгээр хэрчиж хэсэглэнэ. Мөн ийм аргаар хар, бор бурам хийдэг.

Дугуй цагаан

Нарийн цагаан гурилыг хуурч болгоод чихрийн нунтаг /цасан чихэр/, шар тостой багсарч нийцүүлнэ. Үүнээсээ янз бүрийн хэлбэртэй хэвэнд шахаж хэвлээд хэвнээс салгаж авна.

Нийтлэлч Ж.Октябрь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (94.134.153.231) 2017-04-06 17:34
      • 0
      • 0

      xaxa..guril budaa tarai hezee mongolchuud tarisan yum..tuvd china persiin belen yumnuudiig manaih geed hudlaa yaraid bn..

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2017-02-21 14:52
      • 0
      • 0

      Yun heviin boov ve ene ulamjlalt amttan ideegee sain beltgeh heregtei.Heviiin boov yag Mongoliin ulamjlalt hundet idee bish baihaa

      Хариулах