Налайхын сонгуульд АН ялалт байгуулсан ч ирц хүрсэнгүй

Twitter Print
2015 оны 06-р сар 15-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн. Энэ дагуу Налайхын захирагчийн сонгууль өчигдөр нэлээн бужигнаантай болж өнгөрлөө. Үүний өмнө Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байсан. Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид цөөнгүй байгааг эх сурвалж мэдээлэв. Учир нь Б.Баяндэлгэр өмнө нь дээрх хугацаанд дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийн хөгжил дэвшилд мэдэгдэхүйц  зүйл хийгээгүй атлаа газрын наймаа, авлигатай холбоотой хэргээр шалгагдаж байсан гэлцдэг.

Мөн тэрээр  МАН-ын гишүүн атлаа 2014 оны орон нутгийн сонгуулиар нам нь цөөнх болсон “хүнд үед” нь хөсөр орхичихоод  тун удалгүй албан тушаалын төлөө намын нэр барьж Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажилласан байдаг ажээ.

Гэвч Б.Баяндэлгэр Налайх хотын Захирагчийн сонгуульд намын бодлогоо үл хайхран өрсөлдөхөөр болж бие даан нэрээ  дэвшүүлсэн нь түүнийг албан тушаалын төлөө юуг ч золиосолж мэдэх хүн гэдгийг дахин нотоллоо гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Налайх хотын Захирагчийн  сонгуульд  Засаг дарга асан Б.Баяндэлгэрийн нэгэн адил 2004-2008 онд тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Цэдэнбалжирын Минжинхүү нэрээ дэвшүүлжээ. Түүнийг өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Налайх дүүрэгт юу хийсэн нь тодорхойгүй гэж иргэд ам уралдан ярих юм билээ.

Энэ мэтчилэн иргэдийн итгэлийг хүлээж нэг бус удаа тус дүүрэгт  сонгогдон, 4 жил Налайх дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогчоор ажиллан дүүргийг удирдаж байсан атлаа үргэлжлүүлэн сонгогдож, иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй хүмүүс  Налайх хотын захирагч болохоор нэрээ дэвшүүлсэн дүр зураг харагдаж байв.

Тэдэнд дахин итгэл үзүүлж сонгох эсэх нь Налайх хотын Захирагчийн сонгуулийн үр дүн харуулах болно. Налайх хотын захирагчийн сонгуульд 9150 өрхийн 20135 иргэн санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Гэвч сонгуулийн ирц тааруу байсан төдийгүй үдийн 12 цаг гэхэд ердөө 15 гаруй хувь нь хамрагдаж, 14.00 цагийн байдлаар 23.3 хувь буюу 4751 сонгогч санал өгсөн гэх мэдээллийг авсан юм. Цааш үргэлжлүүлэн сонгуулийн гурван хэсгийн хороогоор ороход мөн адил иргэдийн сонгууль өгөх ирц тааруу 10.00 цаг гэхэд 50 хувьдаа хүрчих байх гэцгээж байлаа. Энэ удаагийн сонгуульд ахмад настнуудаас илүү залуучууд илүү идэвхитэй байгааг сонгуулийн хорооноос онцолсон юм. Өмнөх УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолуулж байсан бол энэ удаа Налайх дүүргийн саналыг гар аргаар тоолох юм байна. 

Түүнчлэн "Зарим нэр дэвшигч мөнгө тарааж байна" гэсэн гомдлыг ирүүлсэн төдийгүй нэр дэвшигч Ц.Минжинхүү "Нутгийнхаа хүүг дэмжээрэй" гээд гар барин 5000-10000 мянган төгрөг тарааж байсныг баримтжуулан сонгуулийн штабт өгчээ. Мөн сонгуулийн үеэр согтууруулах ундаа борлуулдаггүй хуультай. Гэтэл шилэн дэлгүүрийн тавиурт харагдаагүй тэр сархадыг зарим нэгэн нь хүртсэн явж харагдана лээ. Хэзээний монголд хууль үйлчилдэг билээ дээ гэсэн хүмүүсийн яриа чихний хажуугаар сонсогдоод өнгөрөв. Энэ мэт сонгуулийн нэг өдөр, санал хураалт дуусч хэн Налайх хотын захирагч болох бол гэсэн бодол төрж нэг өдөр өнгөрлөө. Ингээд маргааш сонгуулийн нэгдсэн дүн гарч нийт 20 мянган 315 сонгогч сонгуульд оролцохоос 10 мянга 540 иргэн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгсөн байна. Үүнээс 140 сонгогчийн саналын хуудсыг хүчингүйд буюу алдаатай бөглөсөнд тооцжээ. Сонгогчдын нийт ирц 51,88 хувьтай байж, сонгууль хүчинтэй болсон гэж сонгуулийн нэгдсэн хороо үзэж, саналыг гараар тоолсон байна. 

Энэ талаар сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбекээс тодруулахад "Сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь, Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь, Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91 хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгчээ. Гэсэн ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд тооцох ёстой юм.

Энэхүү болзолыг хангаж санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болсон. Ингэхдээ хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулах юм. Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд 20.39 хувь буюу сонгогчдын олонх нь саналаа өгчээ. Одоо дээрх сонгуулийн нэгдсэн дүнг ажлын хэсгийнхэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, саналын тоогоороо бусдыг тэргүүлж байгаа Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөсөн. Дахин саналт хураалтыг энэ долоо хоногтоо багтаан явуулна” гэжээ.  

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.