Баяр наадмын манлай, дархан аварга Д.Цэрэнтогтох

Twitter Print
2018 оны 07-р сар 07-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Удахгүй наадам болно. Үндэсний их баяр наадам, эрийн гурван наадмаас бөхийн барилдаан үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. Бөхөд хайртай Монгол түмэн Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудаа хүндлэн дээдэлж, уран хурц барилдааныг нь шимтэн үздэг.

Ардын хувьсгалын 97 жилийн түүхэнд 21 аварга цолтон төрөн гарчээ. Тэдгээрээс дархан аварга цолонд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар хүрсэн.

Ховорхон заяанд тэгш завилсан дархан аварга хэмээн хүндтэй цолыг авсан дээрх хүмүүсээс Өвөрхангай аймгийн алдарт аваргын тухай сийрүүлэн хүргэе.

Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1949 оны Шороон үхэр жил Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга гэдэг газар төржээ. Ардын цэргийн армид алба хашиж байхдаа буюу 1972 онд Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд анх удаа барилджээ.

Тухайн үед тавын даваанд дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, даян аварга С.Цэрэн, улсын аварга Ч.Бээжин нараас гадна хожим нь аваргын эгнээнд багтсан залуу бөх Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар тэргүүтэй бөхчүүд алдар цолоо дуудуулан дэвэн дэвсээр гарч ирсэн.

Чухам энэ л наадмаас ирээдүйн дархан аварга Д.Цэрэнтогтох үеийн бөхчүүдээс тодрон улсын наадамдаа анх удаа барилдаад “улсын начин” цолыг хүртсэн. 1972 оны наадмын тавын даваанд улсын аварга Ч.Бээжинг, зургаад хожим нь улсын арслан болсон П.Дагвасүрэнг тус тус орхиж “өсөх идэр” чимэгтэй начин болжээ.

Монгол бөхийн түүхэнд нэгэн үеийг өөрийн нэрээр дархалсан Д.Цэрэнтогтох 1978 онд анх удаа улсын наадамд түрүүлсэн. Тэр жил дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх гурвуул залуу заан Д.Цэрэнтогтоход долоо, найм, есийн даваанд өвдөг шороодсон гэдэг. Одоогоос 37 жилийн өмнө дээрх дархан аваргууд хүч бяр нь жигдэрсэн үе байлаа. Харин Д.Цэрэнтогтох долоогийн даваанд Д.Дамдинг хөлд нь орж, наймын даваанд Х.Баянмөнхийг хав барьцнаас, үзүүр түрүүнд Ж.Мөнхбатын зүүн хөлийг авч өвдөг шороодуулан баяр наадмын манлай болсон.

Д.Цэрэнтогтох алдарт аваргуудыг унагаж, улсын арслан болсон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байсан гэдгийг дараагийн жилүүдэд батлан харуулж, улсын их баяр наадамдаа 4 түрүүлж, 5 удаа үзүүрлэсэн юм.

1981 онд Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 512 бөх зодоглоход үзүүр түрүү хүртэл өвдөг шороодоогүй. Харин есийн даваанд хашир аварга Х.Баянмөнхтэй барилдсан ч зориуд бэлдсэн даацтай мэхэнд нь арга буй унасан гэдэг. Үүний дараа 1983, 1984 онд дарааллан түрүүлэхдээ олон шилдэг бөхчүүдтэй үнэн хүчийг үзсэн. Тухайлбал улсын начин Р.Даваадалай, Ц.Улаанхүү, Ц.Дамдин, улсын заан Д.Мягмар, Ё.Ишгэн, Р.Давааням, Д.Амгаа, улсын арслан М.Мөнгөн, улсын аварга Д.Хадбаатар, дархан аварга Х.Баянмөнх зэрэг бөхчүүдийг наадмын зүлэн ногоон дэвжээн дээр өвдөг шороодуулж байлаа.

Монгол үндэсний бөхийн хамгийн том цолонд хүрч, өдгөө хүртэл “дархан аварга” Д.Цэрэнтогтох маань залуу бөхчүүддээ алдар хүнд, ялж дийлэхийн уриа дуудлага болсоор байгаа билээ.

Дархан аварга Д.Цэрэнтогтох улсын их баяр наадамд 20 гаруй жил өндөр түвшинд барилдахдаа 1978, 1980, 1983, 1984 онд түрүүлж, 1981, 1986, 1987, 1988, 1990 онд үзүүрлэн, 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989 оны улсын наадам болон 1990 онд Хэнтий аймагт болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд тус тус шөвгөрсөн үнэн хүчит “улсын дархан аварга” аж.

Д.Цэрэнтогтох аварга хавсрах, хутгах, хөлд орох, давуулж гуядах мэхийг голцуу хийдэг. 20 гаруй жил баяр наадмыг манлайлайн барилдахдаа өсөх ирэд, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн.

Мөн үндэсний бөхөөс гаднаас чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд Москва хотод болсон зуны Олимпийн их наадмын шагналт дөрөвдүгээр байр, дэлхийн цомын мөнгөн медаль, Ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар болсон домогт их аваргын тухай товчхон бичихэд ийм бөлгөө.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.129) 2015-06-14 15:07
      • 0
      • 0

      Гайхалтай аварга, Олон жил залуу бөхчүүдээ бөхийн эрдмээ зааж сургаарай.

      Хариулах