Аугаа зохиолчдын хувь заяа, амьдрал

Twitter Print
2015 оны 06-р сар 12-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

Эрин зууныг дамжин өртөөлж ирсэн гайхамшигтай ном зохиолууд өөрийн гэсэн нууцлаг хувь заяа, сонин содон түүхтэй байдаг. Мөн уншигчдын дунд амьдрах зам нь ч олон янз байдаг билээ. Тэгвэл бид дэлхийг шуугиулж байсан зарим алдартай ном зохиол хэрхэн бүтсэн түүхээс уншигчиддаа хүргэж байна.

Жюль Верн “Робинзон Крузо”-г уншдаг байжээ

Жюль Верн багадаа Даниель Дефогийн “Робинзон Крузо” романыг зав л гарвал уншдаг байж. Далайн шуурганаар эзэнгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо амьд үлдэхийн тулд хэрхэн аж төрж байгаа нь жаал хүүд сонирхолтой санагджээ. Түүнд Робин­зон арал дээр бус, далайн гүнд яагаад амьдраагүй юм бол гэсэн асуулт төрж байсан гэдэг. Жюль Верний хувьд далай тэнгис ербусын нууцлаг ертөнц байв. Жюль Верн 12 настайгаасаа янз бүрээр зөгнөж эхэлсэн гэдэг. Верн хүү 1828 оны хоёрдугаар сарын 8-нд Францын Нант хотод төржээ. Өмгөөлөгч аав нь хүүгээ хуульч болгохыг хүсдэг байв. Гэвч Верн өөрийнхөөрөө зүтгэж зохиолч болохоор шийдсэн аж. Харин зохиол бичих нь түүнд ашиг муутай байв. Тэр мөнгө олохын тулд биржийн газрын зуучлагчаар ажиллаж эхэлжээ. Хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийнхээ ачаар тэр “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Нууцат арал” зэрэг алдартай зохиолуудаа бичсэн байна. Жюль Верн жил бүр нэг роман бичдэг байсан гэдэг. Тэр нийтдээ 65 роман, 20 орчим өгүүллэг, эссэ, 30-аад жүжгийн зохиол бичжээ.


 
Индианчуудтай нөхөрлөсөн Майн Рид
 

Майн Рид Ирланд гэр бүлд төрж, өссөн нэгэн. Харин түүний багын амьдрал хийгээд яагаад зохиол бичиж эхэлсэн түүх нь бүрхэг байдаг. 22-тойдоо Америкт цагаачлан гарч, дэлхийн олон орноор аялжээ. Тэр шашны зүтгэлтний гэр бүлд төржээ. Түүнийг аав, ээж нь лам болгох сонирхолтой байж. Гэвч Майн Рид гэрийнхнийхээ хүсэл сонирхлоос зөрж, Америкт очоод уугуул индианчуудтай танилцаад зогсоогүй тэдэнтэй хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж байв. Төрсөн нутаг Ирландынхаа хүн ардын хүсэл зорилгыг зохиол бүтээлдээ шингээж ирсэн Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий” зэрэг романыхаа баатраар Ирланд хүнийг сонгож байжээ.

 

Александр Дюма асар их өв үлдээжээ

Александр Дюмагийн өөрийнх нь амьдрал адал явдлын роман л гэсэн үг. Тэр маш авьяастай, хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд зохиолоо бичиж байх үедээ хэнийг ч анзаардаггүй байсан гэдэг. Чинээлэг сурвалжит гэр бүлд төрсөн тэр үеийнхнээсээ хавьгүй өндөр байж. Геркулес шиг хүчтэй, эцгийгээ дуурайсан буржгар өтгөн ширүүн үстэй хүүхэд байлаа. Эцэг Дюма нь өнгөт арьстан, генерал хүн байжээ. Ээж нь түүнийг уншиж бичиж сургаж. Түүнийг хөдөлгөөнтэй, нэлээд саваагүй хүүхэд байсан гэдэг. Александр Дюма багадаа уран зохиолоос илүү театрт дуртай, мөн сайхан хоол хийдэг байжээ. Тэр 20 нас хүрмэгцээ төрсөн гэрээ орхиж, Парист иржээ. Тэрбээр ирсэн даруй­даа Парисын театрын­хантай танилцан нөхөр­лөж, жүжгийн зохиол бичсэн боловч эхний үед амжилт олсонгүй. Гэвч “Генрих III ба түүний ордон” нэртэй жүжиг нь залууг Парис даяар алдаршуулжээ. Тэр үед Алек­сандр Дюма 22 настай байв. Анхны жүжгийн зохиолынхоо дараа “Шадар гурван цэрэг”, “Монте Кристо гүн”, “Хорин жилийн хойно” зэрэг алдартай түүхэн адал явдлын романуудаа туурвижээ. Халаасандаа 20-хон франктай төрсөн гэрээсээ гарсан Александр Дюма хэдэн үеэ тэжээх уран бүтээлийн асар их өв үр хүүхдэдээ үлдээсэн байна.


 
Андерсен дуурийн дуучин болохыг хүсдэг байжээ

Ханс Христиан Андер­сений үлгэр, түүний зохиолоор хийсэн кино, балетийг үзээгүй хүүхэд гэж үгүй. Уг нь тэр дуурийн дуучин болохыг хүсдэг байв. Үлгэрийн хаан хэмээн алдаршсан Ханс Христиан Андерсен 1805 оны дөрөв­дүгээр сарын 2-нд Данийн Оденс гэдэг жижиг хотод төржээ. Аав нь гуталчин, ээж нь угаалгын газарт ажилладаг байсан гэдэг. Тэднийх тарчиг амьдралтай айл байжээ. “Тэнгэрээс гялалзах түг түмэн оддыг ажиглан мөрөөдөж суух нь надад жаргал мэт байсан юм. Би дуурийн дуучин болохсон гэж мөрөөд­дөг байлаа” гэж Ханс Андерсен хэлсэн байдаг. Тэр 14-тэйдээ Данийн нийслэл Копен­гаген хот руу аз туршихаар явсан байна. Түүнд том том үсгээр бичсэн шүлэгтэй дэвтэр, 10 зоостой үүргэвчнээс өөр юу ч байсангүй. Андер­сен бас яруу найрагч болохыг мөрөөд­дөг байж. Харин санамсаргүй үлгэр зохиож хэвлүүлсэн нь түүнийг дэлхий дахинд алдаршуулжээ.

 Ж.Лондон 25-тайдаа алдаршжээ

Түүний жинхэнэ нэрийг Жон Гриффит гэдэг. Гэхдээ тэр хэмээх нууц нэрээр зохиолоо хэвлүүлж эхэлсэн аж. Хожим тэр нэрээрээ дэлхий дахинд танил болжээ. Жек Лондон шиг хүнд амьдралыг туулсан зохиолч ховор гэдэг. Түүний багад фермерийн аж ахуй эрхэлж байсан аав нь хоосорчээ. Ээж нь архинд орж, хүүгээ гаргуунд нь хаяв. Гэвч Жек хүү амьдрахын тулд тэсч, сонин зарж, угаалгын газар, консервний үйлдвэрт ажиллаж, төмөр замын өртөөнөөс нүүрс зөөж байсан гэдэг. Тэр арайхийн дунд сургуулиа төгсчээ. Дараа нь далайчидтай хамт загас агнуурт явсан байна. Энэ аяллынхаа дараа тэр “Японы эрэгт дэгдсэн хар шуурга” нэртэй найрууллаа бичиж, уран зохиолын уралдаанд оролцон анхны шагналаа хүртэв.
 
“Японы эрэгт дэгдсэн хар шуурга” баримтат найруулал надад зохиолч болох хүсэл төрүүлсэн юм. Зарим үед би өөрийгөө тэжээхийн тулд богино нийтлэл бичиж, сонины газар өгдөг байлаа гэж Жек Лондон дурссан байдаг. Чухам “Мартин Иден” романаас нь түүний зохиол туурвисан намтар, амьдралын төлөөх тэмцлийг нь мэдэж болно. Жек Лондон бас Аляск явж, үзсэн гэдэг. Гэхдээ тэр бусадтай адил алт олсонгүй, байгалийн хүнд нөхцөлд хүмүүс зохицон амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулсан олон сайхан өгүүллэгийнхээ санааг чухам тэндээс л олж авчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.