С.Баярцогт: “Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, ойрын үед Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулатыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирлээ хэмээн ЗГХЭГ-ын дарга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв. Ингээд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Тавантолгойн гэрээний хувилбарыг гишүүдэд өгөхгүй байгаагаас шалтгаалан ажлын хэсгийн хуралдаан удаашралтай байна гэсэн асуудал яригдаж байна?

-УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид бүх хүссэн материалыг нь гарган өгч байгаа. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухай компанитай нь шууд харьцах нь зөв. Тавантолгойтой холбоотой тогтоолын төсөл таван зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байгаа. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойтойн талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.

-Засгийн газраас нэг тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

-Төвийн санхүүжилт буурсантай холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яамнаас гадаад бонд гаргаж байгаа. Оуютолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын гадаад нэр хүнд сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монгол банкны бодлогын хүүгээс өндөр байдаг. Тэгэхээр дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон.

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Юуны өмнө манайх ардчилсан улс. Тиймээс хүн бүр өөр, өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстойг ойлгох хэрэгтэй.  “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ талаарх баримт бичиг вэб сайтад нээлттэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ дээр 2-3 удаа  хангалттай мэдээллүүдийг өгсөн. Энэ төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд  нийцэж хийгдсэн. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Үүний хүрээнд хийгдсэн зүйл гэж ойлгож байгаа.

-“Өгөөдэй” бондыг гаргах гэж байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ бондыг юунд зарцуулах вэ?

-Засгийн газарт бонд олгох эрхийг УИХ-аас олгохдоо дотоод эсвэл гадаад бонд гэж заагаагүй. Аль зах зээлээс татах нь хямд вэ гэсэн сонголт хийх өргөн боломж байгаа.

-Ипотекийн зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгох төсөл яригдаж байгаа. Энэ хэзээ хэрэгжих вэ. Иргэд хүлээлттэй байна?

-Моргейжийн найман хувийн зээлийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уях ёстой. Одоо Засгийн газарт гаргаж байгаа үндсэн шийдэл нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн найман хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна. Энэ эх үүсвэр баталгаа болно. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Тэнд хадгаламж хэлбэрээр байршин орлого үүсгээд байгаа. Энэ боломжоо бид орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах боломж байна. Улс орнууд тогтсон механизмаар энэ асуудлаа шийдвэрлэдэг.  Гадаадын орнуудад байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь дандаа өнжиж байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд маш их зарлага гардаг. Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа уясан. Тийм учраас дэлхий дээр  байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан нь Норвегийн тэтгэврийн сан гэдэг нэртэй. Харин  манайд  эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байгаа. Хамгийн тогтвортой хоёр сан нь Тэтгэврийн болон тогтвортой хөгжлийн сан байна. 

Цаашдаа манайх баялгийн сантай болно. Бид Хүний хөгжлийн сангаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээ дууссаны дараа  уг сан нь Баялгийн сан болох ёстой байлаа. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулалт нь явагдсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулинд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан  нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн  эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол 8 хувийн хүүгээрээ өсч байх ёстой. Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. Үүнтэй холбогдуулан БХБЯ, ХАХНХЯ, Монгол банк, холбогдох арилжааны банкуудыг хамтраад  дөрвөлсөн хэлэлцээр эхлүүл. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэх юм

-Чингис бондын төслөөр хийгдсэн “Гудамж” төслийн явц ямар байна вэ?

-“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”.  Эхлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад, дараагаар нь аймгийн төвүүдэд хэрэгжсэн байсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй өөр, сайн байсан. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг зүйл рүүгээ хөрөнгө эргэлдүүлэх нь  зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс аймгуудын төв дээр хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөгдсөн ажлуудыг хийж байгаа. Цааш нь үргэлжлүүлэх ажил  яригдаагүй. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд  дуусч байна. Хамгийн томоор яригдсан зүйл нь Туулын хурдны зам. Туулын хурдны замын хувьд бид богд уулыг тойруулаад холбоно гэсэн зорилт тавьсан. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Бид газрын хуульд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн төсөл боловсруулсан. Эхний ээлжинд Алтанбулаг- Замын-Үүдийг холбож байгаа 3 эгнээ  1000 гаруй км хурдны зам байгаа. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө.

Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам”  төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын  нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл 4 үе шаттай явагдана. Дараагийнх нь Хөшгийн хөндийн онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот богд уулыг бүтэн тойруулаад  3 эгнээ хурдны зам баригдана. Үүний хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам юм.  Дараагийн төсөл нь Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км 4 эгнээ хурдны зам байгаа.

2017 оны нэгдүгээр сар гэхэд манай Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Энэ үед шууд 4 эгнээ хурдны замаар зорчино. Одоогийн Нисэх  рүү орж байгаа зам хурдных биш 3 дугаар зэрэглэлийн зам.  Хөшгийн хөндийгөөс Улаанбаатар руу орж ирэх хурдны зам олон улсын стандартай болно.  Ингэснээр яг 4 уулынхаа дунд түгжрээд байгаа асуудлыг шийднэ. Ойрын ирээдүйд бид дундаа Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлагдах байх.  Мөн хүй 7 худагт Монгол наадмын төв барьж байгаа.

-“Тавантолгой”-н төслийн англи эхийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн үү?

-“Тавантолгой”-н  гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан.

-Эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэн үү. Төсвийн орлого тасалдалтай байгаа?

-Орлогын эх үүсвэр эхний хоёр улиралд тасалдалтай байгаа.  Энэ янзаараа явбал орлогын тасалдал нэлээн их хувийг эзэлнэ. Ингэвэл зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ.  Яагаад гэвэл орлогодоо тааруулаад зарлагаа тавьж байгаа. Тиймээс төсвөө хэмнэх танах асуудал үүснэ. Энэ нөхцөл байдал  үүсвэр хаврын чуулганы төгсгөлд өргөн барих байх.

-Улс орны эдийн засаг, төсвийн байдал ямар байна вэ. Цаашдаа орлогын тасалдлыг  хэрхэн нөхөх вэ?

-Орлогын эх үүсвэр эхний хоёр улирлын байдлаар тасалдаад байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын  тасалдал өндөр хувийг эзэлж, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Тиймээс тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн  үг. Тодотголыг энэ чуулганы төгсгөл юмуу  намрын чуулганы  эхээр хийх нөхцөл  үүсээд байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллүүд гарч байна. Ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж оруулж ирсэн гэж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн ажлын хэсэг маш идэвхитэй ажиллаж байгаа. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт  хийх нь зүйтэй гээд тухайн үед 6-7 заалт боловсруулаад УИХ-д өргөн барьсан, 2012 онд УИХ-ын  дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж  Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийхэд өөрчлөлт  оруулах нөхцөл байдал   үүссэн гэдэг нь харагдсан. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон сая байгуулагдсан бүх намын төлөөлөл бүхий Засгийн газраас парламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гээд үзэл баримтлалаа  тодорхойлчихсон.  Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ  Үндсэн хуулийг батлалцсан гишүүд байгаа.  Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа.  Үндсэн хуульд  орж байгаа өөрчлөлт зүйл  заалтын хувьд  олон мэт  боловч агуулгын хувьд гурван  зүйл дээр төвлөрч байгаа.  Гүйцэтгэх эрх мэдэл дээр парламент нь засаглаж байгаа бол парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй  парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд  оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна. Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд 4 ерөнхийлөгчтэй  байж үзлээ. Энэ дөрвөн ерөнхийлөгч дөрвөн өөр эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр  ажилласан байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын  үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр байна. Манайх шиг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэх мэт бизнесийн төслийг  парламент  нь  авч хэлэлцдэг улс бараг  байхгүй.  Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл. Хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу  багасгах гээд байгаа  тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байхуу, хууль тогтоох  эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгоё гэж байгаа юм. манай үндсэн хуулийг судалж үзээд судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй Үндсэн хууль гэж дүгнэдэг.  Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр хүндрэл үүсгэдэг юм байна.

Дараагийн асуудал нь Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал. 1992 онд  Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Тиймээс Улаанбаата, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа. Дараагийн асуудал нь нутгийн өөрөө удирдах ёсны  байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж байгаа. Нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон.  Тиймээс нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагад нам  нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлах,  шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэж байгаа. Ингэж чадвал  Монгол Улс 4 жилд нэг удаа  төрийн  сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламентаас юмуу, парламтент давамгайлсан байдлаар сонгодог болчихвол  хоёр жилд 3 удаа сонгууль хийдэг ,их  хэмжээний улстөржилтөөс салах боломжтой. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны  асуудал бас яригдаж байна.  1992 онд  Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байсан. Бүх тойрог ижил байсан. Харин одоо  хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр  шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс  нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад  шийдэх байх. 99 юмуу 108 болгох бололцоотой.

-Одоо босгох гэж байгаа нэг тэрбум ам.долларын  захиран зарцуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Төсвийн орлого татвараар, нөгөө талд богино хугацааны санхүүжилт тухайн жил дотроо дотоодын бондоор санхүүжүүлэх,  он дамжсан бол  урт хугацааны гадаадын бондоор санхүүжүүлэх боломжтой байдаг. Саяын нэг тэрбумын эх үүсвэр цоо  шинээр үүссэн зүйл биш. Угаасаа бид төсвийн орлогоо тодорхой эх  үүсвэрийг нь бондоор санхүүжүүлэхээр  заасан.  Тэр нь гадаад дотоод байх нь хамаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас гадаад  эх үүсвэрээс санхүүжүүлэхээр л  ярьж байгаа асуудал.

-Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай  байна вэ. Намууд өөр өөр тоонууд хэлж байна?

-Засгийн газраас өргөн барьсан тогтооол нь хоёрхон  заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн  орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ  тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа  тогтоол гаргаж  байсан. Гацууртын хувьд   сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй.  Тусгай роялти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа  асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай  роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл  роялти авна гэдэг нь 5 хувийн  суурь роялти,  5 хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх  2019 он хүртэл суурь  роялтигаа  2.5 хувь  болгож  бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.  Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна.  Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх болж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.