Охидыг зэрлэгээр хөнөөсөн этгээдийг мэднэ гэх хүн мэдээллээ 50 саяар үнэлжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэхээр боллоо. Б.Идэрзаяа шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна гэдгийг түүний өмгөөлөгч хэллээ. Өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэх Б.Идэрзаяа энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн. Гэвч Нийслэлийн шүүх хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг юм байна. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй байж магадгүй аж.

Бид шүүх хурлын өмнө Б.Идэрзаяагийн өмгөөлөгч н.Бадмаарагтай холбогдож, ямар шинэ баримт дэлгэх гэж байгаа талаар нь тодрууллаа.

-Шинэ баримт дэлгэнэ гэсэн. Ямар баримт юм бол?

-Хэд хэдэн баримт бий. Хамгийн чухал нь энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг мэднэ гэх хүмүүс бидэнд хандсан. Улмаар энэ мэдээллээ 50 сая төгрөгөөр зарна гэсэн. Энэ хүн Б.Идэрзаяагийн гэр бүлийнхэнтэй холбогдож, “Би энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг мэднэ” гэх утга бүхий албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн. Би тэр тодорхойлолтыг нь шүүхэд өгсөн байгаа. Гэвч шүүхээс энэ нотлох баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ерөөсөө ойлгохгүй байна.

-Ямар хүн мэдээлэл өгснийг хэлж болох уу?

-Д гэх энэ хүн 461-р ангид хоригдож байгаа хоригдол. Энэ хүнтэй би хоёр удаа биечлэн уулзсан. Тэгэхэд “Энэ гэмт хэргийг үйлдсэн хүний талаар ярьж байхыг би сонссон. Миний хажууд Ё гэх хүн бас байсан.” гэж яриад байгаа юм.  

Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн гэгдэж буй. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ямар гарахыг та бүхэнд эргэн мэдээлэх болно.

 Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.