Улсын түүхийн “Тархи” болохоор архивын баримт ач холбогдолтой

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

-350-иад жилийн өмнөх баримтууд байгаагаас 10 хувийг нь цахимжуулаад байна –

Өнөөдөр Олон улсын архивын өдөр тохиож байна. Гэтэл би архивыг бичиг баримт шүүлгэдэг, цонхны цаанаас л харьцдаг гэдгээр л ойлгодог байжээ. Баримт бичгүүд нь дотоод хэрэгцээний зориулалттай, цаанаа л нууцлаг, аймшгийн хүчин зүйл, харин түүхч, судлаачид зэргийн томоохон эрдэмтдэд нээлттэй, тэд тусгай эрх дархтайгаар нууц материалуудыг үздэг, улсын нууц задруулахгүй байх андгай тангараг өргөсөн гэж боддог байсан миний бодол өөрчлөгдлөө.

Учир юу вэ гэвэл архив, архивын баримтын ач холбогдол нь хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндэс суурь нь болдог гэдгээр нь ач холбогдлынх нь цар хүрээ өргөн байдаг юм байна. Хүн төрөлхтний улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үнэт баталгаа төдийгүй хүний эрхийг хангах үндсэн суурь баримт болдог гэдгээрээ архивын өв чухал үнэтэйд тооцогддог аж.

Монгол Улсын хувьд архивын хөгжилтэй холбоотой хийх маш их ажлууд байгаа гэнэ. Тухайлбал, шийдвэр гаргагчдын ойлголт, хандлагыг өөрчлөхийн тулд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, архивын ажлын үнэ цэнийг нь танин мэдүүлэхийн тулд олон нийтэд архивын байгууллагуудад хадгалагдаж байгаа ховор нандин, үнэт, цорын ганц баримтуудыг дэлгэн үзүүлэх, архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулах зэрэг ажлуудыг хийх нь чухал байгаа аж.” Энэ ажлуудыг шийдвэрлэх ажлын хүрээнд боловсон хүчнээ чадваржуулах зорилгоор архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх чиглэлээр Франц улсаас мэргэжилтэн урьж авчирч, сургалт зохион байгуулах гэж байна” гэж Архивын ерөнхий газрын Хэвлэл, олон нийт хариуцсан ажилтан Э.Энхчимэг хэлсэн юм.

Олон улсын архивын өдрийн хүрээнд Төрийн архивын удирдах ажилтны 27 дахь удаагийн зөвлөгөөн болон Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөнийг Архивын ерөнхий газраас зохион байгуулжээ. Эдгээрээс тоймлон дурдвал:

-Орон нутгийн архивуудын 53 хувь нь аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд, 29 хувь нь музей, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн байранд архивын баримтыг хадгалж байгаа аж

-Улсын хэмжээнд нийт 35 архив байна.

-350-иад жилийн өмнөх бүх төрлийн баримтууд монгол улсын архивуудад хадгалагдаж байгаагаас /зураг, кино гэх зэрэг/ 10 хувийг нь цахимжуулаад байгаа.

-1797 ширхэг хөмрөгийн баримтыг иж бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн, ашиглалтад оруулж, иргэдэд лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх боломжтой болсон аж.

Харин олон улсын хэмжээнд архивын хөгжилтэй холбоотой тулгамдсан асуудал бол олон янзын эх сурвалж, хэлбэрүүдийг найдвартай хадгалж, хамгаалахын тулд ганц төрлийн баримтад бус бусад бүх төрлийн баримтад анхаарах асуудал болоод байгаа аж.  

Архив гэдэг бол тухайн улсын түүхийн “тархи” гэж ярьдаг. Тэгвэл уг өдрийг тэмдэглэх болсон түүхээс дурдвал Вена хотод болсон Олон улсын архивчдын уулзалтын 2000 оролцогчоос “Олон улсын архивын өдөр” тэмдэглэх хүсэлтийг НҮБ-д 2004 онд тавьж байжээ. Гэхдээ энэ үед зарим орнууд Үндэсний архивын өдөртэй болохоор аль хэдийн шийдчихсэн байсан гэдэг. Харин 2005 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 33-р чуулганаар “Дэлхийн дүрс бичлэгийн өвийн өдөр” –ийг жил бүрийн 10 дугаар сарын 27-ний өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан байна. Энэ нь дуу, дүрсний архивын ач холбогдолд олон нийтийн анхаарлыг түлхүү хандуулж, сонирхлыг нь нэмэгдүүлэх боломж олгосноос гадна архивын салбар руу бүхэлд нь анхаарал хандуулж чадсан үйл явдал болжээ.

Иймд Олон улсын архивын зөвлөлөөс 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн 6 дугаар сарын  09-ний өдрийг “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР” болгохоор шийдвэрлэсэн байна. Сонирхуулахад 1948 оны зургадугаар сарын 09-ний энэ өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон Улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй ажээ.

Зургийн тайлбар: Мигжид Жанрайсиг сүмийг сэргээн засварлаж буй зураг. 1990 он

Мигжид Жанрайсигийн сүмийг 1911 онд VIII Богд Жавзандамба хутагт тусгаар тогтносон Монгол Улсын хаан ширээнд суусантай холбогдуулан Богдын нүдийг хараатай болгох зорилгоор 1911-1913 онд барьж байгуулжээ.

Тус сүмийн гол дунд нь наян тохой /нэг тохой 45 см/ Мигжид Жанрайсиг буюу Арьяабал бурханы асар өндөр алтадмал том дүрийг босгож, араар нь буман /100000/ Аюуш бурхныг байрлуулан тавьжээ. Мигжид Жанрайсиг бурхан нь нэг гартаа нүдтэй толь, нөгөө гартаа бумбатай рашаан барьсан шарын шашны асар том барилга юм. Сүмийн барилгыг 1913 онд монгол, хятад дархчууд хамтран барьж дуусгасан бөгөөд Дорно дахины уран барилгын хэлбэрээр баригдсан Монгол Улс дахь сүм хийдүүдийн дотроос хамгийн өндөр 330 мянган лан /1лан = 87гр/ мөнгө зарцуулагджээ.

Энэхүү сүм нь Монгол орны соёлын дурсгалт зүйлийн нэг бөгөөд архитектурын түүхийн ховор нандин барилга учир улсын хамгаалалтад авсан байна. Мөн 1940-1950 оны үед Монгол Улсын архивын баримтуудыг тус сүмд хадгалж байжээ.

Мигжид Жанрайсиг сүмийг сэргээн засварлах ажлын зураг төслийг 1990 онд “Сүмчин” зураг төслийн товчоо хийсэн бөгөөд одоо Монгол Улсын Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивт хадгалагдаж байна.

Б.Хулан, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.40.97.88) 2015-06-09 15:01
      • 0
      • 5

      Түүх бичилцэж байгаа анхан шатны байгууллагуудын архивчдын цалин хөлсийг эргэн хараач Архивын удирдлагууд, сайд дарга нараа цалин багатай хүнд, тоос шороотой газарт олон цагаар сууж ажиллаж байна Төв архивынхантай ижил ТҮ-2,ТҮ-5-аар цалинжиж байгааг сүлжээг ахиулан цалин нэмэх асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөөч. Ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй шдээ. Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж, орон тооны цомхотголд хамгийн түрүүнд оруулдаг.

      Хариулах