4500 айлын орон сууцыг БНХАУ-ын санхүүжилтээр барина

Twitter Print
2015 оны 06-р сар 09-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай явж байгаа аж. Наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, туршилтын үйл ажиллагаа эхлэх юм байна.

Тус станцыг БНХАУ-ын компани барьж байгаа аж. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даана гэж тусгасан байна. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт оруулах шийдвэр гаргажээ. Тус хөрөнгийг 2015 оны Төсвийн хуульд тодотгол оруулах замаар төлөхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.

Мөн БНХАУ-ын даргыг айлчлах үеэр Монгол Улсын ТОСК, БНХАУ-ын банктай VII хорооллын Г1, Г2 хорооллыг барих төсвийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тус хорооллыг барих санхүүжилтийн ажил 85 хувь буюу 188 сая долларыг Хятад Улсын банкнаас авах ёстой аж. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус 188 сая долларыг Хятад улсаас авч ТОСК-т зээлдүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Үлдсэн 15 хувийг ТОСК санхүүжүүлэх аж. Тус хороолол Ногоон нуур, Зуун айл орчимд баригдах бөгөөд 4500 айл амьдрах 31 барилга байгууламжаас бүрдэх юм байна.

50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.

Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.

IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулах Хохирлын сангийн тухай хуулийн төслийг  хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар хийсэн судалгааг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг 2008 онд боловсруулж, 12 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг тусгайлан байгуулж, журмыг Засгийн газар баталсан байна. Энэ хүрээнд тус санд 2014 онд 284 сая, 2015 онд 600 сая төгрөг баталжээ. Төсвийн байгууллагууд хохирол барагдуулахад зориулсан хөрөнгийг төсөвт суулгаж, тусгайлан олгодоггүйгээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсны улмаас Хууль зүйн сайдын тухайн жилийн багцад тусгаж эхэлсэн ч төсөвт байгууллагаас гаргуулах төлбөр өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн салбарт иргэдээс голлон өргөдөл, гомдол гаргадаг гэмт хэргийн хохирол барагдуулахтай холбоотой тогтолцоо бүрэлдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн зарим харилцааг зохицуулах цаг үеийн хэрэгцээ шаардлагаар долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нийт долоон зүйлтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд тагнуулын байгууллагыг улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бэхжүүлэх, тагнуулын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, уялдуулан зохион байгуулах бүтцийг бий болгох, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой ажиллуулах асуудлыг ч тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар тагнуулын байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хариуцлага, хяналтын тогтолцоо бүрдэх юм. Мөн тагнуулын байгууллагын удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа хангагдаж, тэдгээрийн мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөл боломж дээшилнэ гэж үзэж байна.

“Чингис хаан” баримлыг Лондон хотоос авч ирнэ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан  хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох юм. Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • avilgalchidad heleh ug.

      (123.121.203.113) 2015-06-09 16:37
      • 0
      • 0

      Nogoon nuur, 100 ailiin orchimiig oron suutsjuulchihval hotiin utaa medegdem bagasna daa. Saihan ajil baina. Manaihan oorsdoo l goh degeegee taviad ulger bolgochihgui bol shuu dee

      Хариулах

    • avilgalchidad heleh ug.

      (123.121.203.113) 2015-06-09 16:37
      • 0
      • 0

      Nogoon nuur, 100 ailiin orchimiig oron suutsjuulchihval hotiin utaa medegdem bagasna daa. Saihan ajil baina. Manaihan oorsdoo l goh degeegee taviad ulger bolgochihgui bol shuu dee

      Хариулах