Хэрвээ та хэл сурахыг хүсдэг бол...

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Би нэг их мундаг амьтан гадуур явагдаж байгаа орчуулгыг шүүмжлээд л сууж байдаг. Гэтэл анх орчуулганд орж байхдаа хэрхэн хөгөө хөлдөө чирж байсныг та бүхэнд өгүүлвэл сонин байж мэдэх л юм. Гол нь тэр нэг удаагийн явдлаас ойлгосон зүйлийн цаана маш чухал гадаад хэл сурах арга нуугдаж байгааг та нар ухааран ойлгоод өөр өөрсөд дээрээ хэрэгжүүлээд үзээрэй.

1990 оны намар шиг санагдаж байна. Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид олон жилийн дараа Хятад улсад айлчлах болсон юм. Би хоёр гурван ном бүтээл гаргачихсан уг нийгэмлэгийн хамгийн залуу тэргүүлэгч гишүүн гэгддэг байлаа. Харин тэр удаагийн айлчлалд орчуулга хийхээр явсан хэрэг. «Нойтон тугал барнаас айдаггүй» гэж хятад ардын зүйр үг байдагчлан синхрон орчуулга гэж юу байдаг болон чухам юунд оролцох гэж байгаагаа ч мэдэхгүй шахам ногооноороо амьтан байж дээ. Уг нь их сургуулийг улаан дипломтой төгсчихсөн, Монголын радиод хоёр гурван жил орчуулгын чиглэлээр ажиллачихсан болохоор гайгүй мэдлэгтэй мэт боловч, синхрон орчуулга байтугай ярианы хэлний гайгүйхэн туршлага ч үнэндээ байгаагүй юм. Эхний албан ёсны хэлэлцээр дээр залуусын хэлдгээр ёстой «Будаа болох нь холгүй» дууссан юмдаг. Миний үеийн залуу хятад орчуулагч орчуулна гэж ёстой тачигнаад л явчихна. Харин миний орчуулах ээлж болохоор ёстой байдаггүй дээ. Хэд гурван үг эвлүүлсэн чиглүүлсэн болоод хар хөлс маань урсаад сүйд болж байсан байлгүй. Далай шиг том танхимд гэрэл зургийн аппарат гялалзаад, тухайн үеийн хоёр талын дарга нар гэж шкаф шиг ханайсан эрчүүд өөд өөдөөсөө хараад суучихсан сүртэй гэж жигтэйхэн. Ядаж байхад намайг гацах тоолонд Монголын талаас нэг хүн танхим дүүрэн шогшроод гаслаад явчих нь сэтгэлзүйн хувьд нэн илүү нэрмээс болж байлаа. Тэр нь манай Бавуугийн Лхагвасүрэн гуай байсан юм. Сүүлдээ бүр орчуулга хийнэ гэхээсээ илүү «Би гэж бүтэлгүй амьтан улсын ажлыг унагаад хаячихлаа», «Над шиг амьтан яахаараа хүн болж төрөөд хүзүү толгой хэлхиж явдаг юм бол?» гэх зэрэг элдэв долоон бодол тархи толгойг эзлэхийн зэрэгцээ болдогсон бол ёстой л нөгөө газрын гаваар шургачихмаар санагдаж байсан даа.

Орой нь Бээжин зочид буудлын өрөөнд хятадын талын орчуулагч залуутай уулзаж жаахан хууч хөөрлөө. "Би өнөөдөр яасан бэ? Паактласан уу?" гэж би мэндийн зөрүүгүй асуулаа. Гэтэл өөдөөс "Үгүй ээ, чи харин сайн байсан. Нэгдүгээрт чиний дуудлага маш сайн байна. Хоёрдугаарт даргынхаа хэлэх гэсэн санааг орчуулах эрмэлзэл мэдрэгдээд байна. Гол нь туршлага байхгүй юм даа. Хэн ч байсан анхны орчуулга дээр иймэрхүү л байдаг." гэж байна шүү. Би түүнээс "Чи надаас нэг жилийн сүүлд монгол хэл сурч эхлэсэн. Гэтэл яахаараа ийм хурдан сайжирсан байдаг билээ?" гэж асуув. Түүний хариуд "Би өдөр болгон 30 минут танай «Ардын эрх» сонинг чанга дуугаар уншдаг. Өөр юу ч хийдэггүй. Түүний үр дүнд надад одоо танай «Ардын эрх» сонин дээрээс мэдэхгүй үг байхгүй болсон." Гэж хэлсэн үгс нь надад маш том ухаарал бэлэглэсэн юмдаг. Би тэгвэл яагаад хятадын «Жэньминь Жибао» сонинг гучин минут уншаад байж болохгүй байх билээ гэсэн бодол ёстой орой руу орох шиг болоод хожим өөртөө тийм зуршлыг хэвшүүлсэн дээ.

Image result for learning language

Дараа нь бид нар Гуандун мужаар айлчлаад Өвөрмонголд хүрэлцэн ирлээ. Тухайн үеийн Өвөрмонголын Бөхөө даргатай албан ёсны уулзалтанд орлоо. Манай нийгэмлэгийн дарга Энэбиш гэж сайхан хүн байсан даа. Лхагвасүрэн гуай маань учиргүй гаслаад байх нь цөөрснийг бодоход миний орчуулга бас ч гэж гайгүй зүгширсэн юм даг уу даа? Тэгээд юу ч байсан юм бэ бүү мэд! Одоо сайн санахгүй байна. Хөххотод болсон нэг арга хэмжээн дээр хоёр талын орчуулагч нар даргынхаа хажууд зогсоод орчуулга хийх боллоо. Харин тэр удаа Бээжинд надтай халз таардаг орчуулагч биш миний үеийн залуухан өвөрмонгол эр өөдөөс харчихсан зогсож харагдана. Хятад орчуулагч тийм эвгүй байдаг юм чинь энэ өвөрмонгол ч одоо орчуулна гэж гялалзуулаад намайг ёстой зүйл дуусгах байлгүй гэсэн шүү юм бодох зуур өвдөг чичрээд болдоггүй. Тэгээд жаахан зоригоо чангалаад цэх харсан чинь нөгөө өвөрмонгол орчуулагчийн хацар нь татавганан чичирч байдаг байгаа. Түүнийг үзээд «Миний өвдөг чичирч байгаа бол эсрэг талын орчуулагчийн хацар чичирч байна шүү дээ!» гэж бодоход сэтгэл уужрах шиг болоод тэр удаагийн орчуулга нэлээд дөмөг болоод явчихсан юм.

Энэ бичлэгийг уншиж буй бага залуу уншигчид Лхагвасүрэн гуайг битгий муу шиг бодоорой ! Бид хоёр одоо хаа уулзсан газраа алга дэлгэн тэврэлдээд уулздаг хуурай ахан дүүс болцгоосон л доо !

Энэ бичлэгийг залуу уншигчид уншиж байгаа бол өөрт тохиолдсон энэ мэт алдаа эндэл болгоныг анд сайн нөхөр мэт бодож бай. Нэг талаа тийм алдаа гарах болсон шалтгааныг тогтоож, түүнийг хэрхин засаж залруулах талаар сайтар эргэцүүлэн бодож бай гэсэн үг юм л даа. Нөгөө талаар бидний байнга бичиж ярих болсон зөв хандлагын асуудал ч энэ бичлэгт хөндөгдөж байгаа хэрэг. Цөөнгүй залуус алдаа эндэл, бэрхшээл сорилтоос бэрхшээн аюух идэвхигүй хандлагад автаад байгаа нь ажиглагддаг. Гэтэл дэлхийн түүхэнд цолгорон гарч их үйлийг бүтээсэн агуу хүмүүсийн намтар түүхийг уншиж байхад өөрт тулгарсан бэрхшээл сорилт болгоныг зоригтой сөрөн зогсож түүнийг даван туулагсад байсан нь аяндаа ойлгогдоод ирэх вий.

Бага залуу насанд өөрт тохиолдсон сургамжтай явдлаас санаа аваад гадаад хэлийг идэвхийлэн суралцаж байгаа залуустаа зөвлөхөд өөрт тохирсон хөнгөн бичвэрийг чанга дуугаар байнга уншиж байгаарай ! Би нэлээд дээхнэ Хосой Чихироо нэрт нэг япон оюутанд энэ аргыг зааж өгөөд «Тунгалаг тамир» романы эхний хуудсыг 50 удаа уншуулсан. Дараачийн өдөр 49 удаа, түүний удаах өдөр гуравдугаар хуудсыг 48 удаа гэх мэт. Долоохон өдөр уншаад монгол хэлний дуудлага болон ярианы хэл нь жигүүр ургасан мэт асар хурдан сайжирч билээ. Нөгөө талаас хэлсэн ярьсанаа яс хэрэгжүүлдэг жинхэнэ «Япон хүмүүжил» гэж ямар гайхалтай байдгийг тэр эмэгтэй оюутан батлан харуулж чадсан бөлгөө.

Яваандаа уншилт цагаараад дуудлага аяндаа сайжраад ирсэн хойно заавал чанга уншина гэлтгүй харцаараа чимээгүй уншилт хийгээд байж болно. Ойлгоц улам сайжраад, уншилтын хурд, хэмжээ нэмэгдээд ирэхийг мэдрэх сайхан шүү. Сүүлийн үед зарим залуус надаас синхрон орчуулгад хэрхэн сайтар суралцах талаар цөөнгүй асууж байна. Би зарим нэгнийх нь хэлний түвшингийн багцааг гадарлах юм. Аман орчуулга, синхрон орчуулга, бичгийн орчуулга хийхэд асуудалгүй залуус санагддаг. Гол нь манай олонх дарга нар орчуулагч гэж бүхнийг мэддэг чаддаг «машин техникээс» өөрцгүй хүмүүс байх ёстой гэсэн ойлголт л тэдний хувьд хамгийн том саад бэрхшээл учруулдаг байж мэдэх юм шүү. Манай өмнөд хөрш синхрон орчуулгын ажиллагааны тусгай горим заавартай байдаг нь олон зүйл дээр ажиглагддаг. Сайн орчуулагч нараа ч бодлоготой бэлддэг байж таарна. Би нэлээд дээхнэ Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баогийн англи хэлний орчуулагчийн нэгэн сэтгүүлд бичсэн «Би ерөнхий сайд лугаа тэг зайнаас харьцдаг» хэмээх бичлэгийг уншиж билээ. Тэр нийтлэлд хятадын сайд дарга нарын хэлэх үг орчуулагчийн гарт хоёр долоо хоногийн өмнө ирчихсэн байдаг тухай бичсэн байна лээ. Гэтэл манай улсад болохоор маргааш орчуулгатай гэсэн атлаа сайд даргын хэлэх үг урд өдөр нь ирээгүй байх явдал зөндөө тохиолддог. Аягүйдвэл хэлэх үгнийх нь барааг хараагүй байтал маргааш нь нэг дарга далбайсан том хуудастай зүйл барьж орж ирээд түүнийгээ дуржигнатал уншчихаад гараад явчих тохиолдол ч байдаг гээд бод доо. Хэдэн жилийн өмнө нэг арга хэмжээний орчуулга хийж байтал Монгол банкны дэд захирал үг хэлэх болдог юм байна. Банк санхүүгийн нарийн мэргэжлийн үг хэллэгээр бөмбөгдөж өгөх нь тодорхой байсан л даа. Гэсэн атал хэлэх үгнийхээ илүү хувийг өгөхгүй юм. Аргаа барахдаа туслахаар нь дамжуулаад «Нэг хувийг өгөх боломж байна уу?» гээд асуулгатал «Улсын нууцтай холбоотой зүйл багтсан болохоор илүү хувийг өгөх боломжгүй» гэсэн хариултаар ам таглаж билээ. Тийм л нууц юм бол түүнийгээ тэр олны өмнө уншдаг нь яаж ч байгаа юм бол? Ёстой бүү мэд!

Манай улс энэ мэт синхрон орчуулгатай холбоо бүхий асуудлыг тодорхой хууль журам гаргаж цэгцлээд өгвөл нуруугаа авахуулсан морь мэт зүтгэж байгаа цөөн хэдэн синхрон орчуулагчийн ажлын ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрөх байх даа хэмээн санаж явдгаа энэ бичлэгт хавчуулав.

Гэрээ сургалтын төвийн захирал, орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.