Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал 1/

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм шүү.

Ургамал бүлгэмдэл нь биологийн олон янз байдлуудын хамгийн өргөн хэмжээнд судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгийн их үүрэг бүхий нөөц баялаг билээ. Тухайлбал: цөөн тооны үр тарианы ургамлууд үндсэн хүнс тэжээл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба хэдэн арван мянган зүйл зэрлэг ургамал эм, хүнс тэжээл, түлш, хувцас болон сууц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх замаар эдийн засаг аж ахуйн хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ногоон ургамал нь дэлхийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж бусад амьтад болон дэлхийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. 

Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Тиймээс дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. 

Харин мэдээллийн портал www.mongolcom.mn сайтаас уншигчдынхаа танин мэдэхүйд бага ч гэсэн нэмэр болж, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүднээс "Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилт тавин "Монгол орны Улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Монгол орны Улаан номонд орсон 70 гаруй зүйлийн ургамлыг цувралаар хүргэж байна. 

Алтайн сонгино

Алтайн сонгино /Allium Altaicum pallМонголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг, сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал. Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С,  D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр байдаг.

Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургадаг 40-60 см өндөр өвслөг ургамал. Сонгины цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. 8 дугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг. Энэ үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг.

Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн, сапонин гэдэг бодис нь бэлгийн чадавхыг дээшлүүлэх онцгой нөлөөтэй.

Бүтэц

Улаан хүрэн өнгийн нимгэн хальсан бүрхүүлтэй, 3-4 см-ийн голчтой өндгөн хэлбэрийн булцуутай, 6 сарын сүүл 7 сарын эхээр цэцэглэдэг. Сүүлийн жилүүдэд хэтэрхий ихээр түүж хэрэглэх болсноор нөхөн төлжилт алдагдаж тархац нөөц нь эрс багасчээ.

Тархацын зүүн хязгаар нь Онон –Балжийн бэлчир, Онон мөрний зүүн талд Дэгэн Жигэн юм. Алтайн сонгинод фитонцид, эфирийн тос, булцуунд амин дэм С 16,7-21,2 мг/100г, навчинд 35,9-48,5 мг/100г тус тус агуулагддаг. Үрээс ургахдаа сайн. Мөн сонгинолог ишнээс сэргэн ургах чадвар сайтай. 
       
Алтан гагнуур

Алтан гагнуур буюу /Rhodiola rosae / ягаан мүгэнз нь зузаалайн овогт хамаардаг. Төвд нэр нь цансэр. Энэ нь мүгэнз, могойн идээ зэрэг шар цэцэгтэй зүйлүүдийг төвдөөр нэрлэдэг ерөнхий нэр юм. Заримдаа булган эм гэж нэрлэх нь бий. Алтан гагнуур нь 20-40 см өндөр, олон наст өвслөг ургамал юм. Иш нь 20-40 см өндөр, 4-6 мм бүдүүн, алтан шаргал юмуу саарал бор өнгийн үндэслэг байдаг. Цөөхөн үндэстэй. Нэг үндэслэг ишнээс олон шулуун иш салаалж ургадаг. Навч нь гонзгойвтор өндгөрхүү хэлбэртэй, бүтэн ирмэгтэй, эсвэл үзүүр нь хөрөө шиг шүдтэй. 0,7-3,5 см урт, 0,5-15 мм өргөн суумал, шүүслэг навчтай. Жижгэвтэр олон шар цэцгээс тогтсон бамбай хэлбэрийн цэцэгтэй. Баг цэцгийн мөчрөнцөр нь навчгүй.

Дэлбээ нь 3-4 мм урт агаад шар, ногоон өнгөтэй байдаг. Долоогоос есдүгээр сард цэцэглэж үрээ хаядаг энэ ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай /Завханы Идэр сум, Улиастай орох замд 117 км-д, Увсын Өвөрхангай сум, Хан-Хөхийн оройд/, Монгол Дагуур, Ховд /Хархираа/, Монгол-Алтай, Говь-Алтайн /баруун уртрагийн 88000-аас зүүн тийш 110000 хүртэл, хойд өргөргийн 45000-аас хойш/, Их богд, Бага богдын нуруу зэрэг уул нуруудын өндөр уулын тагийн бүслүүрт шинэсэн ой болон хад асгатай уулын энгэр, хад цохио, асга, горхины чулуу, мөлгөр хайргатай энгэр, голын чулуурхаг, элсэрхэг хөрсөнд ургана.

Манай оронд маш бага хэмжээгээр ургадаг, нөөц багатай цэцэг юм. Ягаан мүгэзийг алтан гагнуур хэмээн нэрлэсэн нь хугарсан ясыг “гагнах” гайхамшигт чадлыг нь таньж үнэлснийх биз http://www.mongolcom.mn/like/24685ээ.

Алтан гагнуурын найрлагатай эм тан бие махбодийг тордон тэнхрүүлэх гол үйлчилгээтэй. Үндэслэг иш, үндэсний хандыг биеийн болон оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс уухад оюуны чадавхийг дээшлүүлж анхаарал сайжруулна. Үүнээс гадна сэтгэл санааны дарамт, соматик болон халдварт хүнд ужиг өвчнөөс шалтгаалсан ядаргаа, сульдаа, насны доройтол, невроз, цусны даралт буурахад уудаг.

Мөн бодисын солилцоог зохицуулж, биеийн илчийн нөөцийг гамтай зарцуулах, нөхөн сэргээх, тархи, булчингийн илч солилцоог сайжруулах чадалтай. Бэртэж гэмтсэн, яс хугарсан үед буцалгаж уухад яс дотроосоо бороолж эдгэх нь хурдасдаг байна. Энэ шидийг нь монголчууд эрт дээр үеэс таньж амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.  
          
Алтан саахуу цэцэг

Алтан Саахуу цэцэг / Nyphar pumilum / нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, хар ус , татуурганд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Энэ ургамал нь нэг доор бөөн ургадаг.

Хөвсгөл, Их нууруудын хотгор, Хар ус нуур, Чоно харайх гол, Хомын хоолойд тархжээ. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.        

Ацан цахилдаг

Ацан Цахилдаг буюу Хайч өвс. Латинаар:/Iris Dichotoma Pall/ нь элсэрхэг нугажуу хээр, уулын элдэв өвст хээрт ургадаг олон наст өвслөг ургамал юм.

Хэнтий, Монгол Дагуур, Хянган, Хамар даваа, Дундад Халхын Түмэнцогт уул, Дорнод Монголын зүүн болон хойд захаар тохиолдоно. Үр, үндэслэг ишээр үржих боломжтой. 

Бавгар-үрт агчаахай

Бавгар-үрт агчаахай /dictamnus dasycarpus turcz./ нь уулын энгэр, сөөгөн ширэнгэ, голын нуга, хээрт энд тэнд ургадаг. Монголд Хянганы тойрогт тохиолдоно.

Монгол хойрог /хулан хойрог/, /potanninia mongolica maxim/ нь цөлөрхөг хээрийн бүсэд өнгөндөө элсжсэн хайрга, хайр чулуутай, тэгш газрын элсэн довцог, дов толгод сайр садаргийн хайргат голдирол дагуу ургадаг сөөгөнцөр. Говь-Алтайн зарим уулс, Онгийн голоос зүүн тийш, мөн Олон уулын хөндийн зүүн захад хэсэг хэсэг тааралдана. Үрээр үржих зохилдлоготой боловч жил бүр цэцэглэж үрлэдэггүй. Элсэнд дарагдсан иш, мөчир нь хялбархан үндэслэж ургадаг.        

Булцуу Түдэнхавх

Булцуу Түдэнхавх. Латинаар: /Galypso bulbosa/ нь шилмүүст ойн сүүдэрлэг хөрсөнд ганц нэгээр ургах олон наст өвслөг ургамал юм. Монгол дагуурын тойрогт Ноён уул орчим тохиолдоно. Үрээр үрждэг.         

Бяцхан Жимст Цангис

Бяцхан Жимст Цангис / Oxycoccus microcarpus Turcz / нь хүлэр буюу хөвд бүхий намаг, чулуурхаг царманд ургадаг мөнх жимст ногоон сөөгөнцөр юм. Монголд Хэнтийн тойрогт бий. Дэвсээ найлзуур үндэслэж ургах буюу үрээр үржинэ.
          
Ганц цэцэгт Алтанзул

Жонжоолой, Шар хумхаал буюу Ганц цэцэгт Алтанзул. /Латинаар Tulipa uniflora/, Төвдөөр Сэржмядаг хэмээн нэрлэдэг энэ цэцэг нь уулын хуурай хээрийн чулуурхаг хажуу, тэгшивтэр элсэрхэг хормой дагаж цөөн хэдээр ургах олон наст өвслөг ургамал юм.

Навч нь шугаман хэлбэртэй, бүтэн захтай, навчныхаа сугаас гарсан ганц цэцэгтэй, сонгинолог булцуутай, маш ховор ургамал. Хангай, Ханхөхий, Идэр, Тэс, Цагаандаваа, Уньт, Эрдэнэмандал, Ховд, Монгол Алтай (баруун хойд шувтарга) Дундад Халхын (Түмэнцогт) тойргоор тохиолдоно. Үр болон сонгинолог булцуугаар үрждэг.
      
Гмелиний Шинэс

Гмелиний буюу Дагуур шинэс. /Латинаар: Larix Gmelinii/ нь хустай нарсан ойд тохиолддог шилмүүст мод юм. Дорнод Монголын тойрогт  Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Нарсан толгой гэдэг газар тохиолдоно. Үрээр үрждэг.

Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал 2/ - http://www.mongolcom.mn/like/24685,

Монголын Улаан номонд орсон ургамлууд /Цуврал 3/ - http://www.mongolcom.mn/like/25242,

Монголын Улаан номонд орсон топ таван ургамал - http://mongolcom.mn/read/24040 линк дээр тус тус дарж уншина уу.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.