Саадтай гарц

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Элдэв тотгор бэрхшээлтэй замыг туулж өрсөлддөг "саадтай гүйлт" спортын төрлийн тэмцээн жил бүр хаа сайгүй л зохион байгуулагддаг.  Бүр Олимпийн наадмын нэг төрөл. Тэгвэл манай орны хувьд энэ төрлийн спортоор хичээллэх, зориулалтын бэлтгэл хангах танхим байхгүй ч гадаа гудмандаа бол бэлэн зэлэн байж байдаг. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Улсын драмын эрдмийн театрын зүүн талд тавигдсан төмөр саадтай явган хүний гарц нүдэнд тусав.

Нийслэлчүүд бид гудамжаар тайван алхах зам үгүй, хотын төвийн зарим нэг замыг эс тооцвол, хаа сайгүй явган хүний зам гэж нэрлэхэд хэцүү ухаж сэндийчиж, бүр онгичоод нүх ухаад хаячихсан, харанхуй бүрэнхийд бол унаж бэртэж ч болзошгүй замаар бэдэрч явна.

Явган хүний гарцыг таглаж, эсвэл засвар хийж байна гэж ухаж сэндийчдэг, ухаж сэндийчээгүй ч овон товон, эвдэрхий хэмхэрхий замаар хөгшин настнууд, хүүхэд багачууд унаж бэртмээр газрууд олон. Явган хүний гарцыг хааж, байшин барьж, авто замтайгаа зэрэгцээ шахуу үйлчилгээний газар шавааралдсан хотод маань ингэхэд явган хүний зам байдаг ч юм уу гэж эргэлзмээр. Явган хүнээсээ илүү машинтнуудад үйлчилдэг замтай улсаа, бид. Машины зам барьсан мөртлөө явган хүний зам байхгүй, сүлжилдэн давхилдах машины урдуур хойгуур бултганан, тоосонд даруулж, борооны ус цацуулж хараал ерөөл болно.

Хотын төвөөр дүүрэн хашсан эдгээр төмрөн хашлагыг залуу хүүхдүүд нь харайгаад давчихдаг бол, 80 шүргэсэн өвгөн залуудаа цэрэгт алба хааж, модон морин дээгүүр үсэрч сурсан эрдэмээ энд л гаргах шаардлагатай болж байна. Уг нь гарц байсныг нь болиулж хашсан ч цагаа болоогүй байхад арилчихдаг нөгөө явган хүний гарцны цагаан шугам хяссан юм шиг баларч өгөхгүй нь харамсалтай. 

Монголчууд төрөлхийн зөрүүд ард түмэн. Хархорины гүүр, МУБИС-ийн урдах, Сансрын туннелийн орчим дахь нүхэн гарц, Нарны гүүрний явган зорчих хэсгийг тоож байгаа юм алга. Идээшилж буй үхэр мэт замын хаагуур ч хамаагүй сад тавин, урдах замаа ширтэж, утсаар ярьсан шигээ машины урдуур хөндлөн дайрсаар л .... 

Г. Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.