Урт автобусны зам бэлэн биш байна

2015 оны 06-р сар 08-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

-Ирэх наймдугаар сарын дундуур нийтэд үйлчилж эхлэх сурагтай-

Улсын хэмжээнд 744,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. Тэдгээр тээврийн хэрэгслүүд хотын замын түгжрэлд их, багаар нөлөөлдөг. Ялангуяа төв замд бол илүү их. Энэ асуудлыг нийтийн тээврийн үйлчилгээнд гарч эхлэх 18 метр урт автобус шийдвэрлэнэ гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Учир нь тэдгээр автобусуудыг үйлчилгээнд гараад эхлэхээр бусад нийтийн тээврийн унаанууд цөөрөхтэй холбон тайлбарлаж байсан. Үүнээс гадна энэ сарын 15-наас эхэлж машинууд тэгш, сондгой тоогоор яваад эхлэхээр замын ачаалал буурна гэж үзэж байсан аж.

Гэвч энэ зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтэд үйлчлэх байсан урт автобуснууд одоогоор үйлчилгээнд гараагүй л байна. Ирэх наймдугаар сарын дундуур нийтэд үйлчилж эхлэх “сураг”-тай уг сунагар унаануудын явах зам нь бэлэн биш тул ийнхүү саатахад хүрчээ. Учир нь тэдгээр автобусны үйлчлэх маршрут болох Энхтайвны өргөн чөлөөний замыг /Төв шуудангаас “Цэцэг” төв хүртэлх зам/ тодорхой хугацаагаар хаасан байгаа.  Уг автобуснууд тусгай “нөхцөл” шаардсан замаар явдаг унаа тул тэдний замын “нөхцөл”-ийг нь хангахын тулд Энхтайвны өргөн чөлөөний  дулааны шугамуудыг засварлаж байгаа юм байна. Уг засвар ирэх наймдугаар сарын дундуур дуусах төлөвлөгөөтэй тул тэр цагт “урт” унаа нийтэд үйлчлэх аж.

Мөн баттай бус эх сурвалжийн дурдсанаар уг “урт”  автобуснууд дурдсан хугацаандаа нийлүүлэгдээгүй сураг ч гараад байгаа. Иймд “хонх нь дуугарвал дамар нь таг” гэдгийн үлгэр болохгүй бол нийслэлчүүд бид сунагар автобусанд суугаад жирийлгээд байх цаг тун удахгүй ирэх нь.

Б.Хулан, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.