Л.Месси “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлэв

Twitter Print
2015 оны 06-р сар 08-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагийн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шигшээ тоглолт болсон. 2014-2015 оны улиралд Испанийн “Барселона”-Италийн “Ювентус” бүх өрсөлдөгчөө хожиж, финалд гарч ирээд байсан.

Германы нийслэл Берлин хотод өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид халз тоглолт хийхэд “Барселона” 3:1-ээр Италийн аваргуудыг хожсон юм. Дөрвөн жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан Л.Месси гоол хийгээгүй ч багийн андууд болох И.Ракитич, Л.Суарез, Ж.Неймар нар тус бүр нэг бөмбөгийг Ж.Буффоны хаалганд хийсэн аж.

Ингэснээр Аргентин довтлогч Л.Месси дөрвөн удаа “Аваргуудын лиг”-т түрүүллээ. Тэрээр 1987 оны зургаадугаар сарын 24-нд Росарио хотод төрсөн. 2000 онд “Барселона” клубын хүүхдийн академид элсэн орж, 2004 оноос үндсэн бүрэлдэхүүнд багтсан байна.

Тэр цагаас хойш Каталоны багийн төлөө 315 тоглолт хийж, 286 гоол оруулсан. Мөн 2006, 2009, 2011, 2015 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013, 2015 онд “Ла лиг”-ийн аварга, 2009, 2012, 2015 онд Испанийн “Эзэн хааны цом”-ын аварга, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013 онд Испанийн “Супер цом”-ын аварга, 2009, 2011 онд Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом” болон Клубын дэлхийн дэлхийн аваргад түрүүлсэн.

Тоглогчийн хувиар 2009, 2010, 2011, 2012 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 2010, 2012, 2013 онд Европын шилдэг мэргэн бууч, 2009 онд Европын шилдэг хөлбөмбөгч зэрэг шагналуудыг хүртсэн байна.

Харин Аргентины шигшээ багийн хамтаар 2014 оны дэлхийн аваргын мөнгө, 2008 оны Бээжингийн зуны Олимпийн алт, 2005 онд 20 хүртэлх насны дэлхийн аваргад түрүүлснээс гадна, 2014 оны дэлхийн аваргын “шилдэг тоглогч”-оор нэрлэгдсэн юм.

2014-2015 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын дараа Л.Месси сэтгүүлч нартай уулзсан. Тэрээр дөрөв дэх удаагаа түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш хүнд улирал боллоо. Ийм их өрсөлдөөний дараа аваргын цом авна гэдэг гайхалтай. Хөгжөөн дэмжигчид маань гурван цом авахыг хүсэж байсан. Харин өнөөдөр энэ мөрөөдөл нь бодит боллоо. Цаашдаа олон цом авч Каталоны хөгжөөн дэмжигчдээ баярлуулах болно. Бас миний авсан цом бүр надад үнэтэй. Багийнхандаа, дасгалжуулагч, арын албаны бүх хүмүүс энэ цомыг минийх гэж бодох эрхтэй гэдгийг хэлэх зүйтэй” гэсэн аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.