Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд хэнээс юу нуух ёстой вэ?

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Хайрлана гэдэг юугаа ч нуухаа болино гэсэн үг биш. Заримдаа зүгээр л харилцаагаа аварч үлдэхийн тулд тодорхой хэдхэн зүйлийг нууц хэвээр үлдээх нь дээр байдаг. Харин хэнээс юуг нууцлах ёстой вэ?

Өөрийн эцэг эхээсээ нөхрийнхөө бүтэлгүйтлийг нуу

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Нэг удаа дансан дахь бүх мөнгөөрөө шатаж, ажлаасаа халагдаж, тушаал буурах бол хэвийн л зүйл. Хэдийгээр энэ үед нь чиний уур хүрсэндээ ээждээ гомдлын үг дуулгаж болох ч, түүний хувьд хүргэнээ үнэлэх үнэлэмж нь буурч мэдэх юм. Хадам аав ээждээ, эхнэртээ, ер нь л хэн нэгэнд хүндлэгдэхээ больвол эр хүний өөртөө итгэх итгэл шалан дээр унадаг. Тиймээс хэцүү үед нь түүнийгээ хадам ээжийн хатуухан үгээр булуулаасай гэж хүсэхгүй байвал эрх жаахан охины зангаа хойш нь тавиад эцэг эх, эгчдээ энэ талаар ярихаа азнаарай. Ялангуяа ээж чинь танай хархүүд тийм ч сайн биш бол, хэлээд бүр ч дэмий.

Хадам ээжээсээ өөрийнхөө бүтэлгүйтлийг нуу

Жаргал, зовлонгоо аль альныг нь хуваалцаж байх нь эвтэй найртай, нээлттэй гэр бүлийн дүрэм гэдэг дээ? Гэхдээ хэрэв чи шинэхэн бэр, бас хадам ээжтэйгээ ойр дотно танилцаагүй байгаа бол өөрийнхөө уналт, бүтэлгүйтэл, бага насныхаа хар бараан дурсамжийн талаар яриад хэрэггүй. Чамайг хүүгийнх нь гэр бүлийг авч явах, ач хүүхдүүдийнх нь ээж болох ухаалаг бэр гэж харж, чамтай учирсан нь хүүгийнх нь хувьд азтай хэрэг хэмээн бодох учиртай. Хэдийгээр чи хадамтайгаа төрснөөс өөрцгүй дотноссон байсан ч, хэт олон сул талаа харуулах хэрэггүй.

Найзуудаасаа нөхрийнхөө гайхамшиг, гутамшигийг нуу

Бүх талаараа төгс нөхрийнхөө талаар олон найздаа хэт их магтаж ярих хэрэггүй. Хэдийгээр ихэнх найзууд чинь чамд үргэлж сайн санах нь үнэн ч, олон хүн сайтай муутай. Цагаахан атаархал, өөрийн болгох хүсэл хоёрын хооронд тун нарийхан зурвас байдаг. Уулзах бүртээ чамаас нөхрийн чинь ямар гайхалтай хүн болохыг сонссоор байгаад, найз чинь өөрсдийн мэдэлгүй нөхөрт чинь татагдаж мэдэх юм. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг шүү дээ. Хэт муулж ч ярих хэрэггүй. Бид уурлаж бухимдсан үедээ найзууд руугаа залгаж, түүнийхээ талаар сэтгэлийнхээ хөөрлөөр амныхаа зоргоор ярьж гардаг. Гэтэл бүх асуудал шийдэгдэж та хоёрыг эвлэрэх үед, найзууд чинь чамайг хорих гэж оролдож мэднэ. Аргагүй шүү дээ, тэд чиний яриагаар л түүнийг дүгнэнэ. Мөн гэр бүлийнхээ сексийн амьдралын ид шидийн талаар цөөн тооны итгэлтэй найздаа л яриарай.

Нөхрөөсөө хүүхэд насны өдрийн тэмдэглэлийн дэвтэрээ нуу

Чиний хувьд “өнгөрсөн баларсан явдал” байж болох ч, эрчүүдийн байгалийн өмчирхөг зан нь тэднийг зүгээр суулгахгүй. Тиймээс арван жил, оюутан насныхаа хайрын талаар түүнд дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Батаатай анх үнсэлцэж, Болдоотой анхны шөнөө өнгөрүүлж байсан тухайгаа бүр дурсаад ч хэрэггүй. Хэрэв тэр энэ тухай мэдвэл, ангийн уулзалтанд явах болгонд чинь харын бодол төрөх болно.

Хүүхдээсээ хэрүүл маргаанаа нуу

Хýчнээн уур чинь хүрч, аманд чинь нөхрийн чинь тухай муу муухай үг багтаж ядаж байсан ч хүүхдийнхээ дэргэд тэдгээрийг ярих хэрэггүй. Хүүхэд чинь аавыгаа хүндэлж, хайрлаж өсөх ёстой гэдгийг санаарай. Бид бие биетэйгээ үнсэлцэж байгаагаа хүүхдээсээ нуудаг хирнээ, хэрэлдэж маргалдаж байгаагаа ил тод харуулдаг хүмүүс. Уг нь үнсэлт бол гэгээн цагаан хайрын илэрхийлэл. Хүүхэд чинь та хоёрыг бие биенээ хайрлаж байгааг харж өссөнөөр үлгэр дууриал авч том болоод өөрөө ч бас гэр бүлдээ хайраар дүүрэн харилцааг бий болгохыг эрмэлзэх болно. Хүүхдийн чинь бага насны дурсамжинд та хоёрын аз жаргалтай байгаа дүр зураг үлдэх учиртай. Тиймээс хоолой дээр чинь үг тээглээд байвал хүүхдээ хичээлдээ явсан хойгуур хэлээрэй. Мэдээж хүүхдийнхээ дэргэд дүр эсгэ, жүжиглэ гэсэн үг биш. Гэхдээ харилцааныхаа хамгийн таагүй үеүүдийг хүүхдийнхээ нүд, чихнээс хол байлга. Гэр бүлийнхээ хүнтэй ч бас энэ талаар ярилцаж тохиролцоорой.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.