
Би Японд нэлээд хэдэн жил анагаах ухааны орчуулга хийсэн Монгол Улсын иргэн, хүүхдийн их эмч мэргэжилтэй нэгэн.
Миний орчуулах хамгийн дургүй үг бол “эмчилгээгүй”. Хөгжингүй орны дэвшилтэт эрүүл мэндийн үйлчилгээнд эцсийн найдлага тавин ирсэн ч, дээрх үгийг сонсоод буцах өвчтөнг үдэхдээ сэтгэл шимширч, үймрэн суухдаа Японы Сайтама дүүргийн хавдрын төвийн орлогч дарга Ешими Киноми эмчийн бичсэн зүйлийг чадан ядан орчууллаа.
Хавдрын өвдөлт гэдэг нь
Ихэнх хавдартай өвчтөн, түүний гэр бүлийнхний хувьд хамгийн бэрх зүйл нь өвдөлт байж магад. Өвдөхөд хангалттай унтаж, сайтар хооллож, өдөр тутмын хөдөлгөөн хийж чадахгүй болдог. Хавдрын эмчилгээ биш гэж бодон өвдөлтийг тэсвэрлэх өвчтөн ч цөөнгүй. Гэвч, өвдөлтийг тэсвэрлэх шаардлагагүй. Эсрэгээрээ тэсвэрлэх тусам бие тань зовж, сэтгэл санаагаар ч унаж, өдөр тутмын амьдралд саад тотгор үүснэ. Түүнчлэн, биеийн чадал буурвал хавдрын үндсэн эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй болох талтай.
Хавдрын өвдөлтийн эмчилгээ өвчний шинж тэмдгийг бууруулахаас гадна хавдрын үндсэн эмчилгээний үр дүнд ч хамааралтай байдаг. Өвчин намдаах эмчилгээ нас богино болсныг илтгэнэ. Өвчин намдаагч хэрэглэх үед хордлогод орж, аажим аажмаар үйлчилгээ нь сулардаг гэх буруу ойлголт бий. Ихэнх өвдөлт тохирсон эмчилгээний үр дүнд намддаг. Гэхдээ өвдөлтийг тухайн өвчтнөөс өөр хэн ч мэдэхгүй учир юуны түрүүнд эмч, сувилагч, эм найруулагчдаа өвдөлтөө хэлэх юм. Ингэхийн тулд өвдөлтийнхөө тухай мэдэх нь маш чухал.
Хэрхэн эмчлэх вэ
Хавдрын өвдөлтийг тухайн өвчтний хавдар нь дотор эрхтэнд байвал дотор эрхтний өвдөлт, яс, булчин, арьс гэх мэт эрхтэнд байвал биеийн өвдөлт, өвдөлт дамжуулах мэдрэлд гэмтэл саатал үүссэн тохиолдолд бий болсон өвдөлт бол мэдрэлийн гэмтэл сааталын өвдөлт зэргээр олон янзаар ангилдаг.
Мөн эмчилчилгээтэй холбоотой болон өөр өвчний шалтгаант өвдөлт холилдох тохиолдол бий бөгөөд хавдар байрлаж буй хэсэгт өвөрмөц өвдөлт ч илэрч болдог. Өвдөлтийн шалтгаан, шинж чанараас хамаарч, авах арга хэмжээ нь ч өөр өөр. Учир нь эмчилгээнд ямар өвдөлт илэрч байгааг мэдэх нь хамгийн чухал байдаг юм. Тиймээс өвчтөн хаана, хэзээнээс, хэр зэрэг өвдөлт, ямар үед илүүтэй илэрч байгааг мэдэрч, түүнийгээ эмчдээ хэлэх хэрэгтэй. Хавдрын өвдөлтийн эмчилгээ нь ДЭМБ-аас гаргасан дэлхийн аль ч оронд мөрдөгддөг стандартын эмчилгээний аргаар явагдаж байна.
ДЭМБ-аас мөрдөх хавдрын өвдөлт намдаах эмчилгээний арга нь 3 шаттай.
Нэгдүгээр шат: Сул өвдөлттэй
Хэрэглэх эм:
1. Өвчин намдаах эм
2. Non-Steroidal Anti-Inflammatory Drug
3. Acetaminophen
Хоёрдугаар шат: Сул өвдөлтөөс дунд зэргийн өвдөлт
Хэрэглэгдэх эм:
1. Codeine
2. Tramadol эдгээр нь сул Opioid эмүүд
Гуравдугаар шат: Дунд зэргийн өвдөлтөөс хүчтэй өвдөлт
Хэрэглэгдэх эм: Өвдөлт сул, хүчтэй эсэхээс шалтгаалан хүчтэй Opioid эмүүдийг ангилан хэрэглэдэг.
Өвчин намдаах эмийг хэрэглэх үеийн 4 зарчим
1. Эм уух
2. Эм уух цаг хугацааг тогтоон журмын дагуу ууж хэрэглэх
3. Өөрт тохирсон хэмжээгээр эмийг ууж хэрэглэх
4. Эдгээрээс гадна эмийн сөрөг үйлчилгээнд авах арга хэмжээ болон уух аргаа тохируулан хэрэглэх
Өвдөлтийн эмчилгээнд
1. Өвдөлтгүй нойрсож байх
2. Тайван байх үед өвдөлтгүй байх
3. Хөдөлгөөнтэй байхад өвдөлтгүй байх гэсэн 3 үе шатыг зорилго болгодог.
Япон хэлнээс орчуулсан:
Анагаах ухааны доктор Лхагвадоржийн Энхтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.