БНХАУ-ын хоёр иргэний амийг хөнөөсөн залуус чанга дэглэмтэй ангид 23-25 жил хоригдох ял сонсчээ

2015 оны 06-р сар 05-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагаас онц хүнд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн тоо огцом буурсан гэж мэдэгддэг. Гэхдээ нийгэмд айдас төрүүлсэн, хүнийг санаатайгаар, шунахай сэдэлтээр онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг үе үе гарсаар байсан.

Мөн гадаадын иргэдийн аминд хүрэх тохиолдол ч байна. Үүний нэг жишээ нь БНХАУ-ын хоёр иргэний амийг манай улсын таван залуу бүлэглэн хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Дээрх хэрэг энэ оны хоёрдугаар сарын 11-ний 23:00 цагийн үед БГД-ийн хоёрдугаар хороонд гарчээ.

Цагдаагийн байгууллагад хүн амины хэрэг гарсан дуудлага ирсэн даруйд шуурхай бүлэг ажиллаж, хэрэгтнүүдийг Дархан-Уул аймгаас баривчилжээ. Мөн хохирогчдоос 200 гаруй сая төгрөг дээрэмдэн авсан байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж. Амиа алдсан хоёр хятад иргэн нь манай улсад арьс шир, түүхий эдийн наймаа хийдэг байсан бөгөөд хэрэгтнүүдийн нэгэнтэй нь сайн танилууд байсан гэнэ.

Дээрх хэргийг Цагдаагийн байгууллага прокурорт шилжүүлсэн бөгөөд шүүх хурал нь энэ сарын 3-нд Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд болжээ. Шүүхээс хэрэгтэн Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал нарт 25 жил, С.Ганбаяр, Б.Намхай нарт 23 жилийн ял оноож, бүгдийг нь чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийвэрлэсэн аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.