Ээж минь өгөөд л байдаг, ээждээ өгөх гэхлээр юу ч олдохгүй юм...

Twitter Print
2020 оны 05-р сар 25-нд 18:37 цагт
Мэдээний зураг,

Бодож л сууна. Ээжээсээ мөнгө авч чихэр авахаар гүйдэг хүүхэд байлаа. Ээжээсээ мөнгө авч найз охиндоо бэлэг авч өгдөг залуу байлаа. Одоо ээжээсээ мөнгө авч амьдралынхаа дутууг нөхсөн өрхийн тэргүүн болжээ.

Миний муу ээж насаараа л эд баялагт шунаж үзээгүй. Олоон жилийн өмнө аавын минь авч өгсөн ганц сүүжин ээмэгтэй. Эгэл хөдөөний л хүн. Болж бүтэхгүй үед тэтгэврээ зээлээд өгчихнө. Тийм атлаа өр нэхэхгүй. Хүү төрүүлснийхээ төлөө банканд хүртэл өмнөөс минь хүү төлөөд л явж байгаа.

Бодож л сууна. Өдөр бүхэн ээжтэйгээ утсаар ярина. Биднийг л асуусаар байгаад яриа өндөрлөнө. Бие нь яаж байна. Ядарч байна уу гэж асуух боломж ч олдохгүй. Цагаан сарын хэвийн боов худалдаж авч болохгүй гэж захина. Тэгээд өөрөө зуурлага, найруулгыг нь тааруулж хийж өгнө. Ууц, өвчүү чанаж өгнө. Заримдаа найзуудын минь ажил, амьдралыг асууна. Хэн нэгэнд нь өг гэж ааруул, тос явуулна.

Бодож л сууна. Ээж минь өгөөд л байдаг. Өгөөд л байдаг. Ээждээ өгөх гэхлээр юу ч олдохгүй юм. Олдож байгаа нь чамлагдаад байх юм. Энэ орчлонгийн хамгийн үнэт зүйлс ч ээжийн минь сэтгэлийн энд хүрэхгүй юм. Бодож л сууна. Ээждээ юу өгье дөө...

Нийтлэлийг бичсэн: Парадаяс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.