
Өнгөрсөн бямба гарагт ХБНГУ-ын нийслэл Берлинд болсон Хөдөлмөрчдийн баярын жагсаалын үеэр цагдаагийн 93 албан хаагч шархдсан талаар Ассошиэйтэд Пресс агентлагаас мэдээлж байна.
Өнгөрсөн бямба гарагт Берлин хотод 20 гаруй жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Жагсаалд оролцсон зарим иргэд цагдаагийн албан хаагчид руу лонх, чулуу зэргийг шидэж, хогийн савнуудад гал тавьж, хууль сахиулагчид болон жагсагчид хооронд мөргөлдөөн үүсчээ.
Мөргөлдөөний үеэр цагдаа нар 354 хүний баривчилж, саатуулсан байна. Берлин хотын Дотоод асуудлыг хариуцсан сенатор Андреас Гайзель эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийг буруушааж, тэдгээр иргэдийн үйлдэл улс төрийн эсэргүүцэлтэй ямар ч холбоогүй хэмээн онцолжээ.
Тэрээр үймээний үеэр шархдсан цагдаагийн албан хаагчдын тоог хараад цочирдсон гэжээ. Хөдөлмөрчдийн баярын жагсаалын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн 5000 албан хаагчдыг хамгаалалтанд гаргасан аж.
Германы эрх баригчдын мэдээлснээр бямба гарагийн жагсаал цуглаанд нийт 10 мянган хүн оролцсон бол зохион байгуулагчдын тооцоогоох 20 мянга гаруй хүн цугларсан аж.
Жагсаалд оролцогсдын дотор Германы хэт барууны үзэлтэй бүлэглэлүүдийн гишүүд, АНУ-д төвтэй барууны QAnon хөдөлгөөний гишүүд оролцжээ. QAnon хөдөлгөөний гишүүд коронавирусын эсрэг вакцины тухай худал хуурмаг мэдээлэл тарааж, хөл хорионы эсрэг иргэдийг өдөөн хатгаж, жагсахыг уриалдгаараа алдартай юм.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world/764406
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.