Мунхаг, шунал, уур хилэн гурваар өдөөгдөх үйлийг нүглийн үйл хэмээн нэрлэдэг

2017 оны 05-р сар 29-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15. Энэ өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр хэмээн нийслэл болон 21 аймаг даяар сүсэгтэн олон хийддээ хуран цугларч байна. Энэ өдөр Гандантэгчилэн хийд ч сүсэгтэн олны хөлд дарагдаж байгаа. Учир нь өнөөдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг олсон гээд гурван үйл явдал давхацсан өдөр тохиож байгаа юм.

Тиймээс Гандантэгчилэн хийдэд Их дүйчин өдрийн зан үйлийг өнөөдөр өглөө эхлүүллээ. Гандантэгчилэн хийдийн да лам Х.Бямбажав энэ зан үйлийг нээж хэлсэн үгэндээ “Бурхан багш хүмүүний амьдралын үйлийг буяны үйл, нүглийн үйл, саармаг үйл гэж гурав ангилсан байдаг. Мунхаг, шунал, уур хилэн гурваар өдөөгдөх үйлийг нүглийн үйл хэмээн нэрлэдэг. Тиймээс монголчууд эртнээс үйлийн үрийн ёс суртахууны хэм хэмжээ болсон арван хар нүглийг цээрэлсээр ирсэн ард түмэн. Үүнийг тэвчсэнээр энэ ертөнцөд сайхан амьдрахын ул суурь болдог. Мөн нирвааны утгыг олоход суурь болдог хэмээн үздэг. Хорвоо дээрх бүх зүйл шалтгаантай. Зовлон зүдгүүр гэдэг нүглийн үйл хэмээн бурхан багш айлдсан байдаг” гэв.

Бурхан багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө “сүрээр дарагч” гал морин жил МЭӨ 5 зууны 567-ийн зуны эхэн сарын арван таванд Лүмбинийд хаан эцэг Шүддходана, эх Махамаяа хатны хүү болон мэндэлжээ. Түүний амьдрал түүхтэй холбогдолтой “жилийн зургаан их дүйцэн өдөр" байдаг. 

1.    Хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл рид хувилгаан үзүүлсэн дүйцэн
2.    Хаврын эхэн сарын 15 лагшин мэндэлсэн
3.    3уны эхэн сарын шинийн 8 тойн хувраг болсон
4.    Зуны эхэн сарын 15-нд эхийн хэвлийд оршсон, бурхны хутаг олсон, таалал барьсан дүйцэн
5.    3уны адаг сарын шинийн 4 номын хүрдээ анхлан эргүүлсэн
6.   Намрын адаг сарын 22 тэнгэрээс буусан дүйчэн өдөр байдаг тул буян юу үйлдсэн тус эрдэм санаанд багташгүй бөгөөд ялангуяа Рид хувилгаан үзүүлсэн, Бурханы хутаг олсон, Номын хүрд эргүүлсэн, Тэнгэрээс буусан гэх энэ 4 дүйчэнд амны уншлага хийх, шүтээнд мөргөл, эргэл хийх, хуваргийг хүндэтгэх тэргүүтэн буян юу үйлдсэн зуун живаа болон үржих болно хэмээн сударт номлосон байна.

1. Хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл Рид хувилгаан үзүүлсэн дүйчэн

Энэтхэгийн нийслэл Дэллигээс зүүн зүгт Утар мужийн Валрамбүр хотоос 10 км зайд Шарвасти хэмээх энэ газар Бурхан багш бээр тэрс үзэлтэн зургаан багшийн башир хуурмаг илбэ болон чанх буруу үзлийг илчлэн, гайхамшигт риди хувилгаан үзүүлэн тэднийг номхотгож, тэдэнд гэгээрэлийн үнэнийг таниулсан юм. Энэхүү ерөөлийн хоногт багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиддаг тул манай ард түмэн, сүсэгтэн олон буян номоо базааж, тэр жилийн аврал гүрэм заслыг хийлгэхийн зэрэгцээ өнгөрөгсдийн хойноос ном буян, ерөөл маань уншуулж хотол олноороо буян хураадаг юм. 

2. Хаврын эхэн сарын 15 лагшин мэндэлсэн дүйчэн

Кабилабасту балгаснаас зүүн зүгт 4-5 км орчим зайд Бурхан багшийн мэндэлсэн Лүнбини буюу одоогийн Рүмэнди байдаг. Махамаяа хатан Лүмбиний цэцэрлэгт хүрээд сүйх тэрэгнээс бууж ойгоор зугаалан явсаар, Балагша модны дэргэд хүрэхэд, мод мөчир юугаа бөхийлгөн хүндэтгэв. Хатан эх Балагша модны мөчрөөс баруун гараараа барин огторгуй өөд харан хан хүүг зовлон шаналал үгүй амар хялбар төрүүлвэй. 

Лагшин мэндэлмэгц ертөнцийг дүүргэх их гэрэл гарч, тэнгэр бурхдын уянга яруу эгшиг уянгалж, мод ургамал бүгдийн цэцэг үр жимс дэлгэрч, цэцэгийн хур буун, газар хөдөлж, аливаа амьтан бүгдийн сэтгэл ер бусын амгалан жаргалан хэмжээлшгүй цэнгэлээр дүүрч байваа. Лүмбиний цэцэрлэгт лянхуа цэцгийн хур буусанд, лянхуа цогцолсон мэт хэлбэртэй суварга барьж “Лагшин мэндэлсэн суварга” хэмээн нэрлэх болов. Яг тэр агшинд нэгэн зэрэг Энэтхэгийн дөрвөн өөр газрын хааны өргөөнд хан хөвгүүд мэндэлсэн ажуу, Тэд мөн адил эгэл хүнээс эрс ялгагдах онцлог гайхамшигтай шинж тэмдэг олныг үзүүлэн мэндэлсэн гэдэг. 

3.Зуны эхэн сарын шинийн 8-ны өдөр тойн хувраг болсон дүйчэн

Энэтхэгийн Бихар мужийн Ведея хотоос 25 км газар Лориянандингар суварганы өмнө хаан эцгийн ордоныг орхин гарч гэзгээ авч тойн хувраг болсон юм. Энэ өдөр монголын бүх хүрээ хийдүүд Оточ манла бурхны их чого, Дарь-Эхийн мандал шиваа хурж буян ном үйлддэг. 

4.3уны эхэн сарын 15-нд эхийн хэвлийд оршсон, бурхны хутаг олсон, таалал барьсан дүйчэн 

Эхийн хэвлийд оршсон дүйчэн, Одоогийн Непалын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасту /одоогийн нэр Тилоракоты/ хотын балгас байх бөлгөө. Энэ газар нь Бурхан багшийн эхийн хэвлийд оршсон газар юм. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун ном айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ.

Мөн хааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд “Рид хувилгааны үл бүлээцэх” далай хэмээхэд хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн далайн ойролцоох мөнгөн уулны доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд тайлахдаа эхний зүүд бол хүү төрөх бөгөөд хаан ширээг залгамжилвал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болвол гэгээрэлд хүрсэн бурхны хутгийг олно. Хоёр дахь нь их рид хувилгааны хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь лам хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ гэж шинжив. Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ цацархуй амьтны зовлон амирлаж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрийн яруу дуун эгшиг цуурайтаж байлаа. 

Ариусан гэгээрч бурхны хутгийг олсон дүйчэн

Энэтхэгийн нийслэл Деллигээс зүүн зүгт Бихар мужийн Гаяа хотын ойролцоо Бурхан багшийн ариусан гэгээрч бурхны хутгийг олсон Бодьгаяа хэмээх үзэсгэлэнт газар байдаг. Тэнд бярман эмэгтэй Засагийн хүү Тачүн босгосон Гандола суврага /бодь суварга/ өмнө нь Бурхан багш заларч гэгээрлийн хутгийг олсон бодь мод нь /Бодивригша/ чулуун дээрхи Бурхан багшийн өлмийн мөр төгс гэгээрлийг олоод анхан газар залрахад их гэрэл гарч бодь модноос бусад мод шатсан тул тэр газар босгосон гэрэлт цагаан суварга, Махабоди буюу Бурхан багшийн дүр зэрэг Бурхан багшийн түүх дурсгалтай холбогдолтой олон зүйл байдаг. Гаяагийн зүүн талаар урсах Ниранзана мөрний дэргэд зургаан жил хатуужил даяаныг хийгээд, Ниранзана мөрнийг гатлан бодь модны өмнө дороо гүш өвс дэвсэн очирт суудалд хөдлөшгүй бат сууж, үдэш нь тэгш агуулсан гэгээрлийн хутгийг олоход саад зэтгэр болдог шулмасыг номхотгон, шөнө нь тэгш агуулсан бясалгалд оршиж зуны эхэн сарын арван тавны үүрээр илтэд ариусан гэгээрсэн бурхны хутгийг олсон түүхт өдөр юм. 

Таалал барьсан дүйчэн

Энэтхэгийн зүүн Утар мужийн Корокапүр хотын зүүн талд Бурхан багшийн таалал барьсан газар Гүшнагар байх бөлгөө. Бурхан багшийн шарилыг хайлсан газар босгосон Мүкатаванда суварга, Бирмүүдийн босгосон алтан суварга, Бурхан багшийн таалал барьсанд зориулсан чулуун хөшөө, шинээр босгосон төвдийн хийд байдаг. Бурхан багш наян нэгэн сүүдэр зооглосон зуны эхэн сард “Гэлэнгүүдээ бурхныг үзэх нь олдохуйяа бэрх” хэмээх тэргүүтэн сүүлчийн айлдвар сургаалаа зарлиглаж, “Бөхчүүдийн орон” гэж алдаршсан Гүшнагарт морилон, Саласүн модны голд олон бодьсадва шавь нарын дунд тэргүүнээ умар зүг хандуулан нигуураа баруун зүгт харуулан хажуулдаж арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлэв. Тэр үед газар хөдөлж, од гариг унаж, жижиг гол горхи ширгэж, ертөнц нилэнхүйд түнэр харангуй нөмрөн, хамаг амьтан ертөнц хоосров хэмээн энэлэн гашуудаж, зовлонд нэрвэгдэн гасалж байсан гэдэг. 

Эртний Энэтхэгийн заншил ёсоор шарилыг хайлж чандарыг нь хуваан, найман газар залж хүндэтгэн шүтэв. Тэр газарт нь “Таалал барьсан суварга” босгож мөнхжүүлжээ. Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэлийн үйл явдал, мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт аль чадахаар шамдах хэрэгтэй. 

5. 3уны адаг сарын 4-ний Бурхан багшийн номын хүрдээ эргүүлсэн дүйчэн

Одоогийн Энэтхэгийн Утар мужийн эртний түүхт томоохон хот Барнасийн хотын хойд захад Чоукханди суварганы туурь байх тэр газар Бурхан багш анх таван шавьтайгаа уулзаж, түүний хойд талд чулуун хүрээ суудал дээр таван шавьдаа анхны номын хүрдээ эргүүлжээ. Энэ нь “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх алдарт сургаал байлаа. 

6. Намрын сүүл сарын 22-ны Лхалавав дүйчэн буюу Бурхан багшийн тэнгэрээс буусан өдөр 

Энэтхэгийн Утар мужийн Санкала хэмээх энэ газар Бурхан багш өөрийн эх Махамаяа хатныг тэнгэрийн оронд төрснийг болгоож мэдээд, эхийн ачийг хариулахын тулд Гучин гурван тэнгэрийн оронд залран 90 хоног номоо номнож Замбутивд эргэн заларсан билээ. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хан хүү

      (112.72.11.67) 2015-06-02 14:16
      • 0
      • 1

      цагаан хоол идэж болно шд...таны сонголт

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.4) 2015-06-02 13:05
      • 0
      • 2

      Unuudur tegeed mahan hool idej boloh yumuu ugui yu heleed uguh buyantai hun bna u

      Хариулах