Хүүхдийн баярын дурсамж

Twitter Print
2019 оны 05-р сар 31-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Тэр үеийн 5 мянган төгрөг наддаа л даан ч их мөнгө байж дээ. Эмээлийнхээ дөрөөнд хөл нь хүрэхгүй, бүүргэнд нь гар хүрэхгүй, бүдүүн морь унаад хүүхдийн баяр тэмдэглээд л явж байдаг байж. Зайлшгүй бууж дэлгүүрээс алим, мандирин, чавга, зайрмаг авна. Тэгээд л эмээлийнхээ ганзаганаас зүүгдсээр байгаад нэг юм мордож аваад жолоо цулбуур, ташууртайгаа орооцолдоод л өнөөхийгөө иддэг байж. Мөнгө дуусах болоогүй ээ. Цаана нь өчнөөн мөнгө үлдэнэ.

Сумын төвийн соёлын төвийн урд хүүхдүүд аав, ээжтэйгээ хөтлөлцөөд л чихэр боов идээд, шаар хөөргөж тоглоод, тоглолт үзээд, зургаа татуулаад ай даа мөн ч сайхан өнгөлөг, гэгээлэг харагддаг байсан даа. Би л гэж амьтан яс цусны хобби морин дээрээ л... Хэндээ ч тэгтлээ сайхан харагдах гэж явдаг юм. Халтар бацаан эмээл дээрээ таллаж суучихаад том, том юм яриад л... Ах нарын урт яргаа ташуурыг дөрөөн дээрээ тулж таахалзаад л...

Харин миний муу Аав, Ээж хоёр л хүүхэдгүй юм шиг хоёулхнаа сумын төвийн соёлын төвийн хаалгыг сахиад зогсож байдаг сан. Ямар сайн даа намайг баярлуулах гэж, намайг тоглуулах гэж, намайг олж харах гэж тэгж зогсдог байсан гэдэг. Түүнээс биш гэртэй л хэвтэж баймаар... Тэр нэг жилийн хүүхдийн баярыг маш сайн тод санаж байна.

-Миний хүү наашаа буугаад ир. Аав, Ээж хоёртойгоо зургаа авхуулъя гэсээр ирсэн. Намайг буугаад очиход нусыг минь авч, үс гэзгийг минь самнаж амьхандаа л тордсон. Би тийм л жаахан бацаан байсан юм. Өөрийгөө ч арчилж чадахгүй. Тэгэж, тэгэж нэг юм зургаа авхуулаад, зайрмаг авхуулаад бас болоогүй хэдэн төгрөг аваад морин дээрээ мордсон доо.

-Миний хүү бага давхиарай, унав, болгоомжтой яваарай, наршив, малгайгаа байнга норгож өмсөөрэй гэсээр л Аав, Ээж хоёр минь хоцорно. Аан тийм нэг шаар авч өгөөд... Өнөөх шаарнаас нь морь үргээд би гэж үлгэрийн баатар амьтан уурлаад “наад шаараар чинь яадаг юм” гэсээр давхиад явж билээ. Хүүхэд бүр шаар бариад, түүгээрээ тоглоод, дээш хөөргөөд нэг л өнгөлөг гэгээлэг, аз жаргалтай харагдсан болохоор л хүүдээ тэр шаарыг авч өгсөн байх даа.

Хэсэг хугацааны дараа соёлын төвийн үүд рүү харахад Аав, Ээж хоёр минь сугадалцаад соёлын төвийн хажуугаарх шороон замаар гангар, гунгар алхаж яваа харагдсан. Бодвол гэр рүүгээ л явж байгаа нь тэр. Намайг баярлуулах гэж ирчихээд наддаа загнуулаад л харьж байгаа нь тэр байх. Бодвол аав минь тэр үед “Миний хүү морин дээрээ л явж байвал баяр, баясал нь тэр байлгүй” гэсэн шүү юм ярьсаар л явсан байхдаа. Харин Ээж минь битүүхэн санаа зовиноостой байсан биз.

Тэр жилийн хүүхдийн баяраас хойш хэчнээн ч жил өнгөрөв дөө. Оюутан болоод Аав, Ээж хоёр дээрээ очдог нь багасаж. Ажлын байран дээр гарч ирээд утсаар ярих төдий л болж дээ.

Ай даа, буцааж эргүүлж болохгүй цаг хугацааг яалтай даа. Хүү нь одоо том болжээ. Тэгэхдээ та хоёртоо бол үргэлж нялхаараа л амьтан гэсэн. Ээж рүүгээ залгаж “Эх үрсийн баярын мэнд хүргэе”. Аав руугаа залгаж “Удахгүй очно" гэдгээ хэлье. Одоо л нээх сайхан та хоёртоо эрхэлмээр байна шүү...

Г.Мягмарсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Roby

      (188.143.232.27) 2016-12-21 15:00
      • 0
      • 0

      What's it take to become a sublime exeonudpr of prose like yourself?

      Хариулах