Эртний харилцаат Унгар улс ЭСЯ-аа дахин нээлээ

Twitter Print
2015 оны 05-р сар 29-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 4-р сарын дундуур Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол улсад албан ёсны айлчлал хийж хэд хэдэн салбар хамтран ажиллах, ялангуяа Унгар улс жилд Монгол улсын 15 оюутныг сургадаг байснаа 100 болгох зэрэг нэг хэсэг зогсонги байдалд ороод байсан хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Харин яг энэ өдрүүдэд Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн Монгол улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн Унгар, Монгол хоёр улсын найрамдалт харилцаанд бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Энэ онд Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Унгар улс 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн өнөөдөр нээлтээ хийлээ.

Элчин сайдын яамыг нээж Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто, Унгар улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар тууз хайчилж ЭСЯ-ыг албан ёсоор нээсний дараа үг хэллээ.

Монгол Унгарын хоёр орны харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад айлчилж буй Унгар улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто яамны нээлтийг эхлүүлж хэлсэн үгэндээ "Бид олон жил найрамдал, хамтын ажиллагаатай явж ирсэн эртний андууд. Энд бид түүхийн нугачаанд гарсан нэгэн алдаагаа засахаар ирсэн. Тэр нь Унгарын ЭСЯ урд нь хаасан явдал юм" гэлээ. Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгар улсыг "Баруун зүүнийг холбон зуучилдаг, бидний эртний сайн танил" гээд "Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү Элчин сайдын яамаа албан ёсоор нээж байгаа явдал чухал ач холбогдолтой" хэмээн онцоллоо.

Цаашлаад хоёр орон олон салбарт хамтран ажиллах бөгөөд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтрах төлөвлөгөөтэй байна. Мөн хоёр орны иргэд харилцан зорчиход визний асуудлыг хөнгөвчлөх тухай яригдаж байнаЭлчин сайд Мадари Акош хоёр орны геологи, усны менежмент, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбаруудад хамтарч түншлэлийг сайжруулахад бэлэн байгаа гэлээ. Унгар Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимийн тусламжтайгаар олон үйл ажиллагаа явуулснаар эдийн засгийн шинэчлэлд зохих хувь нэмрээ оруулна, Европын стандартыг тогтоох туршлагаа Монголтой хуваалцахыг зорьж байна гэж Ноён Акош нэмж хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн Монгол улсад ажиллаж, амьдардаг унгар иргэд болон тэнд суралцаж төгссөн хүмүүс ч ирсэн байв. Монгол дахь Унгар улсын ЭСЯ Ж.Самбуугийн гудамжинд байрлах Бльюмон Төвийн 6-р давхарт байрлаж байна.

 

Эртний харилцаат Унгар улс Монгол улсад ЭСЯ-аа дахин нээж байгаатай холбогдуулан хоёр улсын харилцааны талаар та бүхэнд толилуулъя.

 УНГАР - МОНГОЛЫН ХАРИЛЦАА

Бүгд Найрамдах Унгар улс Монгол улстай 1950 оны 4 дүгээр сарын 25-нд  элчийн түвшинд  дипломат харилцаа тогтоож,  энэхүү харилцаагаа 1965 оны 8-р сарын 3-нд элчин сайдын түвшинд өргөтгөсөн билээ. 1950-иад оны эхэнд хоёр орны нийслэлд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Манай хоёр орны харилцааны үндсүүд цэгцэрч төлөвшсөн бөгөөд олон арван жилийн түүхтэй, онцгой уламжлалт, өргөн хүрээг хамарсан гэрээ эрх зүйн үндсэн дээр суурилсан байдаг.

Монгол улс бол Унгар улсын хувьд  Зүүн хойд Азийн бүс дэх уламжлалт, чухал түнш билээ. Манай хоёр ард түмний  үүсэл гарал ижил хэмээн үздэг ухагдахуун, сэтгэл санааны нягт холбоо нь өнгөрсөн жаран жилийн баялаг өв, улмаар парламентийн ардчилал, хүний болон эрх чөлөөний үндсэн эрхийг заавал хүндэтгэх үзэлд тулгуурласан үнэт зүйлс бөгөөд хоёр орны харилцааг өөрийн гэсэн онцлогтой болгож байдаг холбоос юм.

Монгол, Унгар улс олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр талт харилцааны өнөөгийн түвшинг улам урагшуулах үүрэгтэй. Өнгөрсөн он жилүүдэд Монгол улсад өрнөсөн эдийн засгийн үлэмж хөгжил нь  хоёр орон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх алс хэтийн өргөн боломжийг олгож байна.

Өнгөрсөн хоёр жилийн хувьд 2013 онд Байгаль орчны сайд, Эдийн засгийн хамтарсан Комиссын Монголын хэсгийн ахлагч Санжаасүрэнгийн Оюун Будапештэд айлчилж, Унгарын парламентийн төрийн нарийн бичгийн дарга Нэмэт Жолт, Батлан хамгаалахын сайд Хэндэ Чобо нар Монгол Улсад айчлав. Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 онд Будапештэд айлчилж, 2015 оны дөрөвдүгээр сард БНУУ-ын Ерөнхийлөгч Янош Адэр хариу айлчлал хийв.

Парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байгаа бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллагуудад Унгар–Монголын парламентийн бүлгийн найрамдлын хэсгүүд ажиллаж байна. 2012 оноос Улаанбаатар хотод Унгарын өргөмжит консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна.

Унгар улсад олон зуун хүн мэргэжил эзэмшсэн. Өмнө нь Унгарт суралцсан монгол мэргэжилтнүүд Унгарын соёлыг эх орондоо түгээхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд нэг хэсэг нь Унгарын уран зохиолын бүтээлүүдийг орчуулан хэвлүүлж, зарим нь эх орондоо өндөр албан тушаалд ажиллаж байна.

Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Байгалийн шинжлэх Ухааны их сургуулийн Төв Азийн Тэнхим, Монгол судлал нь олон улсад нэрд гарсан, бүх Европод ганцхан байдаг төв юм. Монгол судлалын салбарт оюутан солилцооны хөтөлбөрүүд тогтмолжсон бөгөөд үүнийг өөр мэргэжлийн салбаруудад ч дэлгэрүүлэх нь зүйтэй юм. 2014 оны 10-р сард Унгарын Монгол судлалын судалгааг үнэлж Монгол төрийн дэмжлэгтэйгээр ӨЛБШУИС-ийн Монгол болон Төв Азийн Тэнхимийн дэргэд Судалгааны төвийг нээн ажиллуулж байна. 2014 оны 11-р сард Унгарын болон Монголын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нар хоёр талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, үүний хүрээнд Монгол, Унгарын судалгааны хүрээлэнгүүд цаашид ч үр дүнтэй ажиллах боломжтой боллоо.

Өнөөгийн байдлаар Унгар улсын тэтгэлгээр 20 монгол оюутан Унгарт сурч байгаа бөгөөд хувийн зардлаар олон хүн суралцаж байна. БНУУ-ын ерөнхийлөгч Янош Адэрийн 2015 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт хийсэн айчлалын үеэр гарын үсэг зурсан Унгар-Монголын боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны хөтөлбөрт (2015-2017) санал болгосон тэтгэлгийг сургалтын түвшин бүрээр  нарийвчилсан гаргасан байгаа. Хүчин төгөлдөр хөтөлбөрт Унгарын төр Монголын оюутан залууст зориулан 100 оюутны тэтгэлэг олгож, үндсэн (BA/BSc), магистр  (BA/BSC) түүнчлэн PhD сургалт унгар болон англи хэл дээр сургахаар болсон билээ.

Унгар-Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Тухайлбал, Унгарын усны мэргэжилтнүүд Монголд хэрэгжүүлж буй төслүүдэд 1950-иад оноос оролцож байсан, оролцсоор ч байгаа билээ. Тэд Монголын усны аж ахуйн зураглал бэлтгэж, тус орны нутаг дэвсгэрт хоёр мянга гаруй худаг гаргасан байна. Унгарын  геофизикийн мэргэжилтнүүд эрдэс баялгийн орд газруудын нэгэн хэсгийн хайгуулын ажилд оролцож байлаа. Унгарын тусламжтайгаар Сонгины биокомбинат, Дарханы махкомбинат зэрэг үйлдвэр байгуулагдсан. Монгол улс 2004 оноос хойш Унгар улсын олон улсын хамтын ажиллагааны онцлог түншүүдийн нэг бөгөөд өнөөг хүртэл, нэн түрүүнд усны аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн өртөг нь 300 мянга гаруй америк доллар болж байна. Сүүлийн арван жилд Монголын гаалийн ажилтнуудыг Будапешт хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, түүнчлэн усны аж ахуйн хөтөлбөр боловсруулах зэрэг Монгол орны хөгжлийн асуудалтай холбоотой 15 төслийг  хэрэгжүүлээд байна.

Манай хоёр орны олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа нь өөртөө үлэмж хэмжээний чадамж тээж явдаг хэдий ч бараа эргэлт нь энэ бололцооноосоо ихээхэн доогуур байна. Иймд хоёр орны гол зорилго бол хоёр талт бараа эргэлтийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэх явдал юм. Үүнийг дэмжиж туслах гол зэмсгүүд нь үүд хаалгаа шинээр нээж буй Элчин сайдын Яам, Унгарын Худалдааны Ордны Улаанбаатар дахь салбар, Унгар Монголын Засгийн газар хоорондын Эдийн Засгийн Хамтарсан Комисс, цаашлаад Унгарын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Монголын хэсэг байх болно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.178) 2015-05-29 21:58
      • 1
      • 4

      Унгарт сурч боловсорсон ечнеен олон шилдэг сэхээтнvvд бий. Бас их олон хvн ажиллаж байсныг санаж байна. Сайхан орон гэж дуулж байсан. Одоо нэг очиж vзье дээ. Яамаа нээсэнд баяр хvргэе!

      Хариулах

    • Bayar hurgiye!

      (43.242.243.23) 2015-05-29 20:55
      • 0
      • 4

      "Бид олон жил найрамдал, хамтын ажиллагаатай явж ирсэн эртний андууд. Энд бид түүхийн нугачаанд гарсан нэгэн алдаагаа засахаар ирсэн. Тэр нь Унгарын ЭСЯ урд нь хаасан явдал юм" - saihan heljee.Odoo ajildaa oroh tsag. Bid nar uusel garal negtei- ajil uils buteh yostoi.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-05-29 16:50
      • 0
      • 8

      Сайн байна. Баяр хүргэе! Харилцааны гол тулгуур нь иргэд хоорондоо харилцан төвөг чирэгдэлгүй зорчих явдал шүү дээ. Иймд визаныхаа асуудлыг хөнгөвчлөх нь чухал.

      Хариулах