
Австралийн эрх баригчид Австралийн Хойд Нутаг дэвсгэрийн Дарвин хотод байрлах боомтыг Хятадын Лэндбридж Групп 99 жилийн хугацаатай түрээслэх тухай хийсэн гэрээг дахин хянаж үзэхээр шийджээ.
Энэхүү алхам нь Бээжин-Канберра хоёрын харилцааг улам хурцатгана гэдгийг ажиглагчид онцолж байна. Австралийн Батлан хамгаалахын яам Хятадын тэрбумтан Е Чэний эзэмшдэг Лэндбридж Групп Дарвин хот дахь боомтыг түрээсэлж буй явдал Австралийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх, түрээсийн гэрээг цуцлах боломжтой эсэхийг судлаж байгаа аж.
Австралийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Батлан хамгаалахын яамнаас тухайн түрээсийн гэрээн дээр зөвлөгөө өгөхийг хүсчээ. Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичсэнээр Хятадын Лэндбридж Групп нь Хятадын Зэвсэгт хүчинтэй холбоотой компани бөгөөд 2015 онд Дарвин хотын боомтыг 99 жилийн хугацаатай түрээслэх тендерт ялжээ. Лэндбридж Групп тухайн боомтыг 390 сая ам. доллараар түрээслэхээр гэрээ хийсэн аж.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Барак Обама Австралийн эрх баригчдын шийдвэрт бухимдаж, Австралийн Ерөнхий сайд Малкольм Тёрнбуллыг дээрх түрээсийн гэрээний талаар урьдчилж мэдээлсэнгүй хэмээн зэмлэсэн талаар эх сурвалжууд мэлээлж байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон боомтын түрээсийн асуудал үндэсний аюулгүй байдалд заналхийлвэл гэрээг эргэн харж үзнэ хэмээн мэдэгдсэн юм.
Жилийн өмнө Австралийн эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа шинэчлэлт хийж, Австралийн засгийн газарт Гадаадын хөрөнгө оруулалтын газраас зөвшөөрсөн гэрээ хэлэлцээрүүдийг цуцлах эрхийг өгсөн юм.
Өнгөрсөн жил Австралийн эрх баригчид Хятадын Ухань хотод анх тархсан коронавирусын цар тахлын эх үүсвэрийг сайтар шалгахыг ДЭМБ-аас хүссэн нь хоёр улсын харилцааг хурцатгасан билээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/australia
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn