Нарендра Модигийн нам Баруун Бенгал мужид ялагдал хүлээв

Twitter Print
2021 оны 05-р сар 03-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг Энэтхэгийн Ардын нам Мужийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн санал хураалтын дүнгээр Баруун Бенгал мужид сөрөг хүчний намд ялагджээ. Энэтхэгийн Ардын нам сонгуулийн кампанит ажлын хүрээнд Баруун Бенгал мужид идэвхтэй ажилласан ч тус мужид Ерөнхий сайд Нарендра Модиг шүүмжлэгч гэдгээрээ алдартай Мамата Банержигийн тэргүүлдэг Бүх Энэтхэгийн Иргэний нам ялалт байгуулжээ.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн иргэд Ерөнхий сайд Нарендра Модигийн коронавирусын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг хэрхэн дүгнэснийг харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд оролцож буй намуудын сонгуулийн кампанит ажил, сонгуулийн санал хураалтын үйл явц коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байсан билээ.

Сонгуулийн кампанит ажлын хүрээнд Ерөнхий сайд Нарендра Моди Баруун Бенгал мужид олон тооны арга хэмжээнд оролцож үг хэлсэн ч сөрөг хүчнийхэн түүнийг цар тахлын эсрэг тэмцэхийнхээ оронд сонгуулийн кампанит ажилд хамаг анхаарлаа хандуулж байна хэмээн шүүмжилж байсан юм. Санад хураалтын дүнгээр Мамата Банержигийн Бүх Энэтхэгийн Иргэний нам 294 суудлын 200 гаруйг авчээ.

Ингэснээр Мамата Банержи Баруун Бенгал мужийн сайдаар 3 дахь удаагаа томилогдох аж. Тэрээр мужийн сайдын албан тушаалыг хашдаг цорын ганц эмэгтэй юм. 90 сая хүн амтай Баруун Бенгал дахь сонгуулийн санал хураалтын дүн ажиглагчдын анхаарлыг ихээр татаж байсан юм. Тус мужид Нарендра Модигийн Энэтхэгийн Ардын нам өмнө нь хэзээ ч ялалт байгуулж байгаагүй аж. Гэсэн хэдий ч Энэтхэгийн Ардын нам 80 орчим суудлыг авснаараа Бүх Энэтхэгийн Иргэний намын гол сөрөг хүчин болжээ.

Мамата Банержи Баруун Бенгал мужийн хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн санал хураалтын дүн Энэтхэгийг "аварлаа" хэмээн, коронавирусын эсрэг тэмцэхэд бүх чадлаа зориулна гэжээ.

Сүүлийн 10 өдөр дараалан Энэтхэгт коронавирусын халдварын тохиолдлуудын тоо 300 мянгыг даваад байгаа ба өнгөрсөн ням гарагт уг вирусын халдварын улмаас 3689 хүн нас барж, рекорд тогтоосон байна.

Эмнэлгүүд шинээр өвчтөн хүлээн авах оргүй болсон ба хүчилтөрөгчийн хомсдолд ороод байна. Тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 19 саяыг давж, уг вирусын халдварын улмаас 215 мянга гаруй хүн нас бараад байна.

Нөгөө талаас ажиглагчид Энэтхэгт коронавирусын улмаас нас барж буй иргэдийн тоо бодит байдал дээр өндөр байгаа гэж үзэж байна. Тэд үүнд шинжилгээ авах үйл явц удааширч,орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барж байгаа иргэд олон байгаа зэрэг нь нөлөөлж байна гэж үзжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india-56964703

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.