Д.Гантулга: Хүүгийнхээ түрүүлэхийг хараад барагтайд гаргадаггүй нулимсаа асгаруулах шиг болсон

Twitter Print
2015 оны 05-р сар 27-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анх удаа түрүүлж озэки цолны болзол хангаад байгаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн аав Д.Гантулгатай ярилцлаа. Тэрээр эхнэр Ж.Оюун-Эрдэнийн хамт Дархан хотод ажлаар явж байхад нь бид утсаар холбогдсон юм.

-Хүү тань мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэнд баяр хүргэе. Барилдааныг нь хаана үзэв?

-Ёстой нэг магнайгаа хагартал баярлана гэдэг болоод л байж байна. Сүүлийн өдрийн барилдааныг бид нар Дарханд үзсэн. Эхнэр бид хоёр бага охиноо дагуулаад явж байна. Хүү маань дээд зиндаанд анх удаа түрүүллээ. Өнгөрсөн гуравдугаар сарын башётой тун төстэй барилдаан боллоо шүү дээ. Тэмцээний сүүлийн өдөр Хакухо, Харумафүжи аваргууд барилдсан. Тэр барилдаанаар олон зүйл шийдэх байлаа. Хэрэв Харумафүжи давбал Хакухо аварга миний хүүтэй нэмэлт барилдаан хийх болно. Хакухо давбал тэр чигтээ түрүүлэх болчихоод байсан. Гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр яг ийм дүр зурагтай байсан шүү дээ. Энэ удаад мөн давтагдаж Харумафүжи аварга Хакухог өвдөг шороодуулан миний хүүд боломж гаргаж өгсөн.

-Г.Ган-Эрдэнэ ч боломжийг сайхан ашиглалаа?

-Тэглээ дээ. Хоёр аваргыг барилдах үед нэг их зүйл бодогдоогүй. Хэн хүчтэй нь давах биз дээ гэж бодоод л харж байлаа. Харин Харумафүжи аваргыг давсан хойно сандраад эхэлсэн. Яадаг бол гээд тэрүүхэн хоромд үнэхээр их зүйл бодогддог юм байна. Би ч яахав гүрийж байгаад барилдааныг нь үзчихсэн.

Давахад нь хэр барагтайд гаргаад байдаггүй нулимсаа асгарууллаа. Ээж нь хөөрхий гадаа сүүгээ өргөөд залбирч байсан. Хүү давчихлаа гэхэд нэг хэсэгтээ л гэртээ орж ирж чадахгүй болчихдог юм байна лээ. Эх хүнд юм юм л бодогдсон байх. Уйлаад л зогсоод байсан. Ер нь бүгд уйлсан даа. Би бүр хэт их хөөрчихсөн байна лээ. Эхлээд уйлаад, сүүлдээ даралт ихсээд. Эмнэлэг бараадаж байж зүгээр боллоо.

-Барилдааны дараа хүүтэйгээ холбогдов уу?

-Холбогдож чадаагүй. Өнөө өглөө (өчигдөр) утсаар ярьсан. Өчигдөр уг нь над руу залгасан байна лээ. Тэр үед миний даралт ихсээд эмнэлэгт тайвшруулах тариа хийлгэж байсан болохоор холбогдож чадаагүй.

-Утсаар яриад юу гэж байх юм?

-Сайхан барилдлаа л гэж байна лээ. Эхнэр бид хоёр утсаа булаацалдаж баяр хүргээд удаан ч ярьж чадсангүй. Хүү ч ажил ихтэй байх шиг байна лээ. Орой ярья гээд л салгасан. Их юм ярьж чаддаггүй юм байна лээ.

-Эх орондоо хэзээ ирэх бол?

-Ирэх талаар ярьж амжсангүй. Их л хөөрчихсөн байна лээ дээ. Аргагүй шүү дээ, тэр жаахандаа яваад зүтгэсэн болохоор сайхан байлгүй яахав. Маргааш цолоо авах юм гэсэн.

-Та хоёр Япон руу явахгүй юм уу?

-Уг нь цол авах үеэр нь очсон бол сайхан л байсан байх. Даанч хугацаа нь их давчуу юм. Амжиж очиж чадахгүй болохоор явъя гэж бодохгүй л байна. Харин цолоо авсныхаа дараа найр хийдэг юм байна. Тэр үеэр ирэх үү гэж асууж байна лээ. Тухтай ярьж байгаад болох байлгүй.

-Танай гэр Улаанбаатарт. Дарханд ямар ажлаар явна вэ?

-Ах нь яг одоо (өчигдөр 16.30 цагт) Орхон суманд байна. Энд тариа, ногооны ажлаар явна даа. Эхнэр, охин хоёр Дарханд байгаа. Хоёр, гурав хоноод буцах байх. Хотод очиж хэд хоночихоод морь уях ажил эхлэхээр буцаад ирэх байх.

-Та хурдан морь уяж байна уу. Г.Ган-Эрдэнийн нэр дээр морь уралдуулж байгаа юу?

-Би хурдан морь уях гэж оролдоно. Сум, аймгийнхаа наадмаас эхлээд зунжингаа наадам хэсээд явчихна. Одоогоор хүүгийнхээ нэр дээр морь уралдуулахгүй байгаа.

-Г.Ган-Эрдэнэ багадаа хурдны морь унадаг байв уу?

-Манай Батаа (Г.Ган-Эрдэнийг гэрийнхэн нь Батаа гэж дууддаг ажээ) уралдаж байгаагүй ээ. Дарханд төрөөд хотод өссөн болохоор адуу малаас хол гэж хэлж болнб. Гэхдээ монгол хүн юм чинь морь уналгүй яахав. Харин  бусад тал дээр авьяастай шүү. Юм юманд дүйтэй хүүхэд байдаг даа. Тийм л хүүхэд байсан. Цэцэрлэгт байхдаа үеийнхнээсээ өндөр, биерхүү хүүхэд байсан. Яаж ийж байгаад л багш нарынхаа нүдэнд өртчихнө. Тэгээд олон төрлийн тэмцээн, уралдаанд их оролцдог байлаа. Бүр загвар өмсөгчийн алхаагаар алхаж тэмцээнд орж байсан гээд бод доо. Бас их сайхан дуулна. Ёстой нэг хангинуулж өгнө дөө.

-Аав ээж хоёртоо хэзээ хамгийн сүүлд дуулж өгөв?

-Бид хоёрт зориулж байна гээд дуулаад байхгүй л дээ. Гэртээ байхдаа нэг мэдэхэд дуулж л байдаг юм. Их эвлэгхэн хоолойтой. Багадаа бүжиглэдэг байсан. Ангийнхаа урлагийн үзлэгээр вальс эргэхээс эхлээд цэнгээнт, чөлөөт бүжиг хийнэ. Махлаг хэрнээ эвсэлтэй шүү. Бодвол ээжийгээ дуурайсан байх. Манай эхнэр урлагийн авьяастай.

-Өнгөрсөн гуравдугаар сарын башёгийн өмнө “Хакухо аваргыг давж ачийг нь хариулна” гэж ярьж байсан даа?

-Ёстой тэгсэн дээ. Он гарсны дараахан ээжтэйгээ утсаар ярихдаа “Энэ жил би заавал озэки цолонд хүрнэ” гэж амлаж байсан. Нэгдүгээрт ээждээ өгсөн амлалтаа миний хүү биелүүллээ. Хоёрдугаарт гэвэл, манай Батааг сумод хөл тавихад Хакухо аварга болон дархан аварга Ж.Мөнхбатын нөлөө их байсан. Тэд нарынхаа ачийг хариулан сайн барилдана гэж ярьдаг. Аварга цолонд хүрсэн бөхийг унагана гэдэг амар зүйл биш. Тэгэхээр аваргыг давж ачийг нь хариулна гэдэг юм билээ. Хүү минь хэлсэн амандаа хүрч байгаад баярлаж байна.

-Ер нь яаж яваад сумод хөл тавьсан юм бэ?

-Миний төрсөн дүү Монгол Улсын гавьяат тамирчин, начин А.Ганбаатарын төрсөн дүү А.Төмөрбаатартай гэр бүл болсон юм. А.Төмөрбаатар маань дархан аварга Ж.Мөнхбатын гарын шавь. Тэрээр манай хүүг дагуулж яваад Ж.Мөнхбат аваргатай уулзуулахад “Ирээдүй байна, манай сургуульд оруулчих” гэсэн юм билээ. Ингээд хүү маань “Их шавийн дээд сургууль"-д элсэн орсон. Гэхдээ тэндээ удалгүй ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр очин жудогоор хичээллэсэн юм. Тэр үедээ зурагтаар сумо их үзнэ. Асашёорюү аваргын барилдааныг хараад сумод дуртай болсон байх. Ингэж яваад л Тоттори сургуулийнхан ирж шалгалт авахад Ж.Мөнхбат аваргын зөвлөсний дагуу очиж шалгуулаад Япон явсан даа.

-Ичиножотой хамт явсан байх аа?

-Тэгсэн. Японы Тоттори сургуульд гурван хүүхэд очсон юм шүү дээ. Монголоос явахдаа 120 кгжинтэй байсан. Одоо 180 кг хүрч байгаа гэсэн.

-Танайх бөхийн удамтай юу?

-Батаа маань айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй, эмэгтэй дүүтэй. Эгч нь Нисэхэд ажилладаг. Ойрд бас салбарынх нь ой болоод баярлаад л явж байгаа байх. Дүү нь эгчийнхээ баяр дээр баяр нэмж байгаа байх аа. Удам гэвэл манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж ч хүн бий. Ер нь манай эхнэрийн гэрийнхэн том биетэй. Сум, аймгийнхаа наадамд зодоглодог хүмүүс байсан. Хүү маань ээжийнхээ талыг дуурайгаад биерхүү. Анх төрөхдөө л 4.2 кг жинтэй том хүн төрж байлаа шүү дээ. Тэр үеийн хүүхдүүд дунджаар 3.5 кг л төрдөг байсан байх.

-Г.Ган-Эрдэнэ хаана төрсөн бэ?

-Миний хүү 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дархан хотын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Нэг нас хүртлээ Дарханд амьдарч байгаад Улаанбаатар хотод нүүж ирсэн. Бусад хүүхдийн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн дээ. Урлаг, спортод авьяастайн дээр тоондоо сайн байлаа. Харин би Увс аймгийн Наранбулаг сумын хүн.    

С.Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.