
НУГАЛАМ ГУЛСАХ БУЮУ СПОНДИЛОЛИСТЕЗ ГЭЖ ЮУ ВЭ?
Спондилолистез гэдэг нь нурууны дараалсан нугалмуудын жийргэвч гулсаж дээд, доод нугаламтай нь харьцуулахад аль нэг тийшээ гулсаж байрласан байдлыг хэлдэг.
Шалтгаан
Остеохондроз, нурууны үеүдэд насжилтын улмаас эсвэл бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсдэг. Энэ нь нугалмын бүрээс, холбоос, үесийн холбогч эдүүдэд бүтцийн өөрчлөлт гарч, хатуурах, зузаарах, гадаргуу нь гөлгөр байдлаа алдаж, зай завсар нь багасаж ойртох байдлаар илэрдэг. Остеохондрозын үед нугалам хоорондын зай багасаж, жийргэвч шахагдах байдлаар гулсалт үүснэ.
Ясны бүтцийн төрөлхийн гаж болон дутуу хөгжлийн улмаас хоёрдогчоор үүсдэг.
Спортын ба ахуйн гэмтэл. Тухайлбал бүсэлхийн нугалмуудын нумын хугарлаас үүсэх тохиолдол бий. Огцом хөдөлгөөн шаарддаг хөл бөмбөг, гимнастик, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэх мэт спортын төрлүүдээр хичээллэх үедээ гэмтэл авахад ихэвчлэн тохиолддог. Олон хавсарсан гэмтлийн дараа эдгэхдээ холбох хэсэг сунаснаас гулсалт үүсдэг.
Нурууны булчингийн огцом агшилт, биеийн хүчний хүнд ажил, нуруундаа хэт ачаалал авах, ажлын нөхцөлөөс болж гэдийх, бөхийх, мурийх зэрэг хөдөлгөөнүүдийг байнга, удаан хугацаагаар хийх
Буруу байрлалд суудаг дадал хэвшил. Тухайлбал сандлын түшлэгийг нуруугаараа бүрэн налж суухгүй, ууцаараа арагшаа хэт түрж, бүсэлхийгээр урагшаа хэт хотойж суудаг хэвшилтэй хүнд ихэвчлэн тохиолддог.
Спондилолистез нь нурууны аль ч түвшинд тохиолдож болох боловч ихэвчлэн хүзүүний С5, С6, бүсэлхийн L3–L4, L4-L5, L5-S1 нугалмуудын түвшинд тохиолддог байна.
Ангилал
Гулсалтын чиглэлээр нь вентролистез (нугалам урагш гулсах), ретролистез (нугалам арагш гулсах) гэж ангилдаг. Тогтворжилтын байдлаар нь тогтвортой, хэрэв нурууны хөдөлгөөнөөс хамааран гулсалтын хэмжээ нэмэгдэж байвал зуршмал гулсалттай гэж ангилдаг.
Гулсалтын зэргийн ангиллыг анх 1932 онд Америкийн ортопед мэс засалч Henry W Meyerding (1884 - 1969) санаачлан нийтлүүлж байсан тул түүний нэрээр нэрлэжээ. Энэ нь гулссан нугалмын доод нугалмын дээд гадаргууг урдаас хойш 4 тэнцүү хэсэгт хувааж, аль хэсэгт дээрх гулссан нугалмын ар-доод ирмэг байрласнаас хамааран үнэлдэг.
Гулсалтын зэргээр нь:
o I зэрэг: 0-25%
o II зэрэг: 26-50%
o III зэрэг: 51-75%
o IV зэрэг: 76-100%
o V зэрэг (спондилоптоз):> 100% гэж ангилдаг.
Оношлогоо
Оношлохын тулд хажуугийн проекцоор авсан рентген зургаар гулсалт байгаа эсэх болон гулсалтын зэргийг оношилно.
Зуршмал гулсалт байгаа эсэхийг урагш тонгойсон, арагш гэдийсэн байрлалд зураг авч гулсаж холдож байгаа хэмжээ болон гулсаж байгаа далайцыг тодорхойлж болно.
Мөн компьютер шинжилгээ ба МРА шинжилгээгээр тодорхойлж болно.
Шинж тэмдэг
Өвдөлтийн шинж хавсарсан эсвэл өвдөлтгүй байдлаар тохиолдож болно
Бүсэлхийн нугаламд гулсалт үүссэн бол нурууны байнгын өвдөлт, суугаа байрлалаас хамааран өвдөлтийн хэмжээ өөрчлөгдөх, өвдөлт нэмэгдэх, нуруу, хөл бадайрах, ууц нурууны доод хэсгээр эмзэглэл ихтэй, бөхийж тонгойх, ачаалал ихсэхэд өвдөлт нэмэгдэх, гуя руу өвдөлт дамжих, өгзөгний булчингууд болон шөрмөс чангарах, удаан явах, суухад өвдөх, шээс дамжуулах замын эрхтний болон гэдэсний замын асуудлууд илрэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
Мөн сайн ажиглавал бүсэлхийн нугалмууд урагш гулссан бол бүсэлхийн хотгор ихэссэн харагдах, нугалмын орчим тэмтрэхэд товгор ирмэг тэмтрэгдэх, сээр далны орчмоор хэвийнхээс бөгтөр болох, аарцгаараа урагш түрсэн хэлбэртэй болох, толгой нь хүзүү цээжнээсээ урагш байрлах, өвдгөнд өөрчлөлт илрэх, явдал алхаа гишгээ өөрчлөгдөх, нурууны орчим тэмтрэхэд өвдөлт мэдрэгдэх шинж илэрдэг.
Хүзүүний хэсэгт гулсалт үүссэн бол нойр муудах, хамар битүүрэх, чих, хүзүү орчим өвдөх, ой тогтоолт муудах, гар мөрний орчим өвдөлт мэдрэгдэх, бадайрах шинж илэрдэг.
Гэхдээ энэ бүх дурдсан шинж тэмдгүүд бусад нурууны өвчний үед ч илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Гулсалтын зэрэг багатай хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно. Харин гулсалт ихтэй хүмүүст өдөр тутмын ажил хийх боломжгүй болтол өвдөнө. Багана нурууны ямар хэсэгт гулсалт үүссэн, мөн гулсалтын зэргээсээ хамаарч өөр өөр шинж илэрнэ. Шинж тэмдэг нь нугалмын гулсалтаас шалтгаалан нугасны хөндий нарийссан, мэдрэлийн язгуур дарагдсан эсэхээс бас хамаарна.
Эмчилгээ
Эмчилгээ нь таны өвдөлтийн мэдрэмж, нугалмын гулсалтын зэргээс хамаарна. Мэс заслын бус эмчилгээ нь өвдөлтийг намдааж, ясыг эргээд байрандаа эргэж очиход түлхэц болно. Эдгэрэх явцад спортоос зайлсхийх нь чухал юм. Америкийн ортопед мэс засалчдын академиас мэс заслын бус эмчилгээг эхлээд туршиж үзэхийг зөвлөдөг байна.
Хөнгөн хэлбэрийн үед буюу 1, 2 р зэргийн гулсалтын үед
o Нурууны бэхэлгээ, зориулалтын бүс зүүх
o Дасгал хөдөлгөөнийг эмчийн заалтаар хийх
o Өвдөлтийг намдаах зорилгоор үрэвслийн эсрэг өвчин намдаах эм хэрэглэх
o Эпидурал дааврын тарилга хийх
o Үенүүдэд огцом хөдөлгөөн, эргэлт үүсгэхгүй эмчилгээний бариа засал
o Хануур хорхойн эмчилгээ, хануур, самнуур, шивүүр эмчилгээ
o Бумба засал
o Зүү эмчилгээ
o Гулсалтын зэргийг нэмэхгүйн тулд амьдралын буруу дадал хэвшлээ засах шаардлагатай
Мөн нугалмын хөдөлгөөнт заслын аргаар тусгай боловсруулсан техникүүдийг ивээс эмчилгээний зөөлөн аргатай хослуулан хөнгөн хэлбэрийн нугалмын гулсалтыг эмчлэх боломжтой.
Хүнд хэлбэрийн буюу 3,4 –р зэргийн гулсалтын үед
Нугалмын гулсалтын хүнд зэрэгтэй, өвдөлт ихтэй насанд хүрэгчдэд бэхлэх мэс засал хийх шаардлагатай болдог. Нурууны мэс заслын дараа яс бүрэн нийлэх хүртэл 4-8 сарын хугацаа шаардагдана.
Урьдчилан сэргийлэлт
o Буруу дадал хэвшлээ засах. Та ямар буруу дадал хэвшлийн тухай яриад байна гэж бодвол номоо эхнээс нь уншаарай.
o Жимс ногоо түлхүү хэрэглэх
o Хоолны зөв дэглэм барьж, цагтаа хооллох, тохируулж идэх, шингэн сайн уух
o Жингээ тохиромжтой хэмжээнд барих
o Таргалалттай бол турах
o Огцом хөдлөхөөс зайлсхийх. Тухайлбал орон дээр хэвтэж байхдаа дагзаараа тулж өгзгөө дээш өргөн өмдөө өмсөх. Алчуураар ороосон үсээ арагшаа шидэх, үс толгойгоо огцом сэгсрэх гэх мэт буруу зуршлаас сэргийлж чадвал нугалмын гулсалтаас сэргийлж чадна.
o Зохистой дасгал хөдөлгөөнөөр хичээллэх
o Боломжтой бол ортопедийн гудас дэр хэрэглэж хэвших
o Удаан бөхийхөөс зайлсхийх
o Ачааллаа зөв тохируулж сурах
БЭХАНЗЭ ЭМНЭЛЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.