Чөлөөт бөхийн Олимпийн эрх олгох тэмцээн Улаанбаатар хотод болно

Twitter Print
2015 оны 05-р сар 27-нд 07:57 цагт
Мэдээний зураг,

“United World Wrestling” буюу дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 онд болох зуны Олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн сонгон шалгаруулах цуврал тэмцээнийг явуулах хугацаа, зохиох улс, олгох эрхийн тоог нэмсэн талаар мэдээллээ.

Олимпийн наадамд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид тус бүр 6 жинд хүч үзнэ. Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 19 бөх, тус бүр нийт 114 бөх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл жин тус бүрт 18 бөх, нийт 108 бөх барилдана. Эрэгтэй чөлөөт бөхчүүд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, эмэгтэй бөхчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ын жингүүдэд хүч үзнэ. Нийт 336 бөх олимпийн наадмын 18 алт, 18 мөнгө, 36 хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Олимпийн наадамд зодоглох эрхийг дараах 4 шатлалтай сонгон шалгаруулах тэмцээнээс олгоно. Үүнд:

1. 2015 оны есдүгээр сарын 7-12-ны АНУ-ын Лас-Вегас хотод болох 2015 оны ДАШТ-ээс сонгомол барилдаан, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрийн шилдэг 6 бөхөд эрх олгоно. 

2. Ази, Европ, Америк, Африк, Далайн орнуудын тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Африк, Далайн орнууд бөхчүүдийн сонгон шалгаруулах тэмцээн хамтдаа болно. ДАШТ-нээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй.

-Пан-Америкийн сонгон шалгаруулах тэмцээн АНУ-ын Даллас хотод 2016 оны гуравдугаар сарын 4-6-ний өдрүүдэд болно.

-Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотод 2016 оны гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд болно.

-Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн Алжир улсын Алжир хотод дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд болно.

-Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээн Серби улсын Сержанин хотод дөрөвдүгээр сарын 15-17-ний өдрүүдэд болно.

3. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд Монгол улсын Улаанбаатар хотод 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд болох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх олгоно. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй.

4. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй орны бөхчүүд 2016 оны тавдугаар сарын 6-8-ний өдрүүдэд Турк улсын Стамбул хотод болох “Хоёр дахь сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт олимпийн наадамд оролцох 2 эрх олгоно. ДАШТ, тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс эрх авсан орны бөхчүүдийг эрх авсан жинд нь барилдуулахгүй.

Ийнхүү нийт 336 бөх Зуны олимпийн “Рио-Де-Жанейро-2016” наадмын дэвжээнд сонгомол барилдаан, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр өрсөлдөнө. Үүнд:

-ДАШТ-ээс 108 эрх,

-Тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144 эрх,

-Монгол улсад болох “Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс 48 эрх,

-Турк улсад болох “Хоёр дахь сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээнээс 36 эрх,

Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөлөөс Олимпийн наадмыг зохион явуулах Бразил улсад 4 эрх, цагаан хуудсаар 4 эрх мөн олгоно.

“Рио де Жанейро” зуны Олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 2016 оны наймдугаар сарын 14-21-ний өдрүүдэд болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.