Зураач, шивээсчин Дон Эд Харди: Хүн бүр намайг харааж байсан ч эсрэгээрээ надад үүнийг сонсох харин ч таалагддаг байлаа

Twitter Print
2015 оны 01-р сар 10-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Дон Эд Харди бол Америкийн нэгэн хэвийн байсан шивээсний урлагийг үндсээр нь өөрчилж, тэсрэлт хийсэн хүн билээ. Тэрээр шивээсийг жинхэнэ урлаг болгон хөгжүүлж, шивээсний бүхэл бүтэн цэс бүхий үйлчилгээг бий болгосон юм. Эд Харди Сэйлэр Жерри Колинс, Хорихиди зэрэг шилдгүүдээс суралцахын зэрэгцээ шивээсний урлагт олон төрлийн тод өнгө нэмж, Японы шивээсийг Америкийн шивээстэй хослуулж зөвхөн тухайн хүнд тохирсон бүтээлийг гаргаж эхэлснээрээ сондгойрдог билээ. Одоо Эд Харди гэсэн нэр болон шивээсний дизайныг нь брэнд болгон маркетингийн мэргэжилтэн Кристиан Аудигер хүний биен дээрээс эхлээд малгайн дээр хүртэл мөнхлөх болсон юм. Тэд 40 жил шивээс хийснийхээ эцэст өөрийн гэсэн хөрөнгө чинээтэй болж төрөлх Калифорни хотдоо буцаж ирээд зураг зурах, керамик хийх зэргээр хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байна. Гэсэн ч тэрээр Сан Франциско хот дахь шивээсний студитэйгээ холбоотой ажиллаж, галзуу фэнүүдээ баярлуулсаар байгаа.


Эд Харди “Би 1950-иад оны дунд үед шивээсэнд дурласан, шивээс  хийх туйлын хүсэлтэй залуу байлаа. Урлагийн сургуулиас гарсан ч надад энэ ажлыг хийх мэдлэг чадвар, хүсэл байгааг мэддэг байсан учраас би тууштай хөдөлмөрлөж байсан. Гэтэл одоо байдал өөрчлөгдөж. Над дээр хүмүүс ирээд  “Миний үеэл дүү шивээсчин болохыг хүсдэг. Та ямар зөвлөгөө өгөх вэ?” гэх юм. Би хэлдэг, “Танай дүү энэ ажлыг эхлээд ч хэрэггүй байх. Учир нь энэ талбарт зай завсар гэж байхгүй. Харин үнэхээр хүсээд, тууштай явбал, болох л юм гэж хариулдаг.”

Таны бодлоор шивээс мөнхийн зүйл мөн үү? Эсвэл замхрах болов уу?

Хүмүүс яагаад шивээс хийлгэдэг гэдгийг би мэдэхгүй. Угаасаа хариулт байх ч боломжгүй. Яг л тайлагдашгүй нууц мэт. Гэхдээ энэ урлагт бүх хүнийг биш юм аа гэхэд хэсэг хүмүүсийг өөртөө татах, чангаах увидас бий гэдгийг мэдэж байна.



Таны “Realistic Tattoo Studio” шивээсний урлагийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн. Энэ талаар эргэн дурсвал?

Миний зарчим бол шивээс самрын хальс шиг байх ёстой ба хүн бүр миний цэснээс өөрт таалагдсанаа сонгон бусдаас өвөрмөцийг хийлгэх хэрэгтэй гэж боддог. Ванкувер, Сиэтл, Сан Диегогийн гудамжинд дөрвөн жил шивээс хийсний эцэст би Японд очиж туршлага судлахаар явсан. Японд ажиллаж байх хугацаандаа  өөрийн гэсэн студитэй болж, үйлчлүүлэгчдэдээ санал болгодог шивээсний каталоги, цэс бий болгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Буцаж ирээд  хүн ам олонтой, хүмүүс нь чөлөөтэй сэтгэдэг Сан Францискод 1974 онд студиэ анх байгуулж байлаа. Ингээд  өнцөг булан бүрээс  хамгийн хурдан, хийж байгаа ажилдаа дуртай шивээсчдийг цуглуулан авчирсан. Олон ажилчидтай болсон тул би гэртээ очоод үйлчлүүлэгчдэд санал болгох илүү олон шивээсний санааг гаргах болсон юм даа.


Шивээс гайхамшигтай урлаг мөн үү?

Надад урлагийн энэ төрөл бол гайхалтай, тэр нь биш гэж хэлэх эрх байхгүй. Би сийлбэрч мэргэжлээр зэрэг хамгаалсан хүн. Зарим хүмүүс уран зураач, уран барималчдын хажууд сийлбэрч гэдэг мэргэжлийг дутуу үнэлж болох юм. Гэхдээ л урлаг бүхэн өөрийн гэсэн давуу талтай. Иймд шивээс ч бас гайхалтай урлаг байж болно. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй, сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй гээд урлагийн бүхий л чанаруудыг багтааж чадсан байдаг.


Одоо үед их зохиогдох болсон тэмцээн уралдаанууд сайн шивээсчдийг төрүүлж чадаж байна уу?


Миний бодлоор эдгээр тэмцээнүүд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ би эдгээр тэмцээний ялагчид бол маш сайн шивээсчид гэж хэлж чадахгүй. Тухайн хүнд шивээс хийх чин хүсэл болон хуруугаа цэврүүттэл шивээс хийдэг оролдлого, хөдөлмөрч зан байх хэрэгтэй.


Уламжлалт сургалт, дамжаа хэрэгтэй болов уу?

Миний мэдэх шивээс хийдэг хүмүүс хэзээ ч сургалт, дамжаанд сууж байгаагүй. Миний насан дээр ирэхээрээ хүмүүс хүнд зааж, янших дуртай болдог юм шиг байгаа юм. Харин намайг бага байхад надтай хамт ажиллаж байсан хүмүүс үглэж, залхаадаггүй байсан. Шивээс хийх үндсэн сургалт хэрэгтэй ч мундаг мастеруудын хажууд байж, хэлж ярихыг нь сонсон, туршлага олж авч байсан нь надад хамгийн их нөлөөлсөн. Миний хувьд  дагаж, түшиж байсан хүмүүс маань л миний багш болсон доо.


Таныг юу шивээс хийхээ болиход хүргэв?

Надад хоёр шалтгаан байгаа. Нэг дэх нь миний үе мөчний үрэвсэл даамжирч, хоёр ташаагаа нөхүүлэх хэрэгтэй болсон. Би 40 жил шивээс хийлээ. Ингэсний хүчинд хамгийн сайхан нь би толгойгоо өвтгөхгүйгээр орлого олдог болсон. Энэ миний хоёр дахь шалтгаан. Одоо би хувийн уран бүтээлдээ илүү анхаарах болсон ба энэ нь миний хувьд цоо шинэ нээлт болж байгаа.


Та хувийн уран бүтээлийнхээ  талаар дэлгэрэнгүй яриач?  

Би нэг тийм хийсвэр, уран сэтгэмжтэй бүтээл хийсэн. Энэ нь юу вэ гэхээр 2000 футын талбайд 2000 лууг мушгиралдан, орооцолдсоноор зурсан. Харин одоо би өөрийнхөө биеийг бүхэлд нь будах санаатай байгаа. Миний уран бүтээл бүх төрөл зүйлээр хөгжих болно. Ямар нэг зүйлд баригдаж, хавчигдмааргүй байна л даа.   


Эд Харди брэнд амжилтанд хүрсэн нууцыг дэлгээч? Эд Харди брэнд яг л рекламны зураг шиг харагддаг.

2003 он бил үү 2004 онд Кристиан Аудигерээс өмнө би уйтгартай хувцасны загварыг өөрчилдөг “янзтай” бизнес хийдэг хоёр залуутай уулзсан юм. Би тэр хоёртой хамтран ажиллаж эхэлсэн. Үүнийг хараад Кристиан шууд л “Би үүний эрхийг нь худалдан авах болно” гэж билээ. Тэр миний шивээсний загварыг хувцсан дээр буулгах нь хүмүүст таалагдаж, жинхэнэ тэсрэлт хийнэ гэдгийг шууд л олж харсан. Тэгээд бид гялалзаж, гялтганадаг янз бүрийн эд материалыг хэрэглэн загваруудаа гаргаж эхэлсэн. Тэр  үед хүн бүр намайг харааж байсан ч эсрэгээрээ надад үүнийг сонсох харин ч таалагддаг байлаа.


Юу гэж хараадаг байсан юм бол?

Намайг зальдаж, хууран мэхэлж байна гэцгээдэг байлаа. Тэд миний бүтээлийг Sistine Chapel–ийн архитектурын бүтээлтэйтөстэй гэж үзэж байсан. Миний бүтээлүүдийг гуйвуулснаас болж  шүүхэд  дуудагдах хүртлээ дордож байсан. Гэвч сүүлдээ энэ бүхний учир тайлагдсан бөгөөд миний бүтээлийг олон талаас нь харах болсон. Би өөрийнхөө бүтээсэн сонгодог болон гялалзсан шивээснүүддээ бүгдэд нь хайртай.


Та бидэнд юу өвлүүлэн үлдээхийг хүсдэг вэ? Хэрхэн дурсагдахыг хүсч байна вэ?

Мэдээж шивээс бол миний үлдээх хамгийн гол зүйл. Бид чадвар, чадавхиа өсгөснөөр илүү онцлог, шинэлэг зүйлийг хийж чадна. Хэрвээ чи энэ дэлхийд эерэг өөрчлөлт авчирч чадах алхмыг олж харсан л бол түүндээ тууштай тэмүүлэх хэрэгтэй.

Д. Энхнаран www.mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.